"Ардын эрх сонин" бий болсон цагаас тус сонины эрхлэгч Балдорж, түүний багийн гишүүн Б.Ганболд, Б.Пүрэвдаш, Ц.Ганболд, Э.Сонинтогос нарын чадварлаг багт Цэдэн-Иш багтдаг. Нэр дурдсан дээрхи хүмүүс нийтлэлийн бодлого барьдаг байсан бол Цэдэн-Иш тэр том айлын аж ахуйг нь өргөж явсан. Чадварлаг менежер Цэдэн-Ишийг бүгд хүлээн зөвшөөрдөг байснаас Балдоржийн баруун гар гэж ойлгогдох болсон. Орост төгссөн, "ҮНЭН" сонины школаар хүмүүжсэн Цэдэн- Иш "АЭ" сонин гэх айлын ар талыг авч явахын хажуугаар ярилцлага, сурвалжлага, нийтлэл, тэмдэглэлээ ч бичиж, уншигч олондоо хүргэж ирсэн. 1986 оны намар " Утга зохиол, урлаг" сонинд нийтлэгдсэн түүний " Болор тунгалаг Хөвсгөл далай бохирдох учиргүй" эргэцүүлэл нийтлэл нь түүний хамтран зүтгэгч Ц.Балдоржийн " Далай ээж цаазын тавцанд гарах учиргүй" нийтлэлийн суурь өмнөтгөл болсон гэж судлаач Т.Баасансүрэн номондоо бичсэн байдаг. Тэр одоо ч " Өнөөдөр" сонины идэвхтэй нийтлэл бичигчийн нэг. Энэ мундаг менежертэй Монголын радио телевизийн хэрэг эрхлэх газарт хамтдаа ажиллах хувь тохиосон. Нээлттэй, ухаалаг удирдагч гэж түүнийг би хувьдаа үнэлдэг. МСНЭ-ийн ойгоор Бодоогийн нэрэмжит шагнал хүртсэн байна. Чадварлаг менежер, нэртэй нийтлэлч Цэдэн-Ишдээ хамтран зүтгэгч, найз нөхдийнх нь зүгээс баяр хүргэе.
Ц.ЭНХБАТ