Лондон дахь монголчууд өчигдрөөс эхлэн Элчин сайдын яамны дэргэд суулт зарлажээ. Тэд Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд С.Баярыг эгүүлэн татах Ерөнхийлөгчийн зарлиг гартал суулт зарлахаа мэдэгдэж шаардлага хүргүүлжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчид хаягласан шаардах бичигт “Бид С.Баярыг эгүүлэн татахыг шаардаж 55 өдөр жагссан. Энэ бол улс орон маань эрүүл, зөв ардчилалтай байхын төлөө хийж буй үйлдэл юм. Олон улсын дипломат харилцааг удаа дараа зөрчиж байгаа С.Баярыг гурван сая монголчуудын өмнө шүүж өгнө үү. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч шиг хариуцлагыг өөрөөсөө холдуулахгүй гэдэгт итгэж байна” гэжээ.
Эх сурвалж : “Зууны мэдээ” сонин