Теннисний буянаар олон сайхан хүнтэй танилцаж, нөхөрлөсөн. Тэдний нэг бол Маагаа юм. Түүний бүтэн нэрийг Маргад- Эрдэнэ гэдэг ч бүтнээр дууддаг " зоригтой" аавын хүүтэй таараагүй. Сагсны өндөр сайхан залуучууд энд тээд таархаараа түүнийг багшаа гэж хүндэлнэ. Бильярд, тенниснийхэн Маагаа гэж нөхөрсгөөр дууддагсан. Дарханых гэж тодотгодог. Дарханд төрөөгүй ч, Дархан хотоороо овоглох дуртай нь учиртай. Яагаад гэвэл, Дарханы сагсан бөмбөгийн багийг Монгол улсын аварга болоход Маргад- Эрдэнэ од болон гялалзсан тухай нь сагсан бөмбөгийн ертөнц тэр чигтээ үлгэр домог мэт зүйл ярьдаг. Сагсан бөмбөгийн акулуудыг орон нутгийн нэр нь үл дуулдах сагсчидтай Дарханы баг анх удаа бут ниргэснийг Маргад-Эрдэнийн тоглолтын ур чадвар, дайчин тэмцэгч чанартай өнөөг хүртэл холбон ярьдаг. Түүнийг найман гар, хөлтэй мэт тоглосон гэж үеийнхэн нь дурсдаг. Бөмбөгөнд тэр л хүрнэ, бөмбөгийг тэр л авна, гоолыг тэр л хийж байсан нь түүнийг найман гар хөлтэй гэж хэлэхэд хүргэжээ. Маргад -Эрдэнэ бол зөвхөн урагшлахыг л мэддэг ТУГ гэж нөхөд нь үнэлэхийг олонтаа сонссон. Ялан дийлэхийн төлөөх түүний тэмүүлэл, хор шарыг теннис тоглохдоо мэдэрсэн. Маагаа бол тал бүрийн авьяастай. Хожуу ширээний теннисэнд дурлан орсон ч , чадварлаг, авьяаслаг тоглогч гэдгээ богино хугацаанд харуулсан. Дарханы Галпүрэвийг ( Гаапуу) теннисний багшаа гэж хүндэтгэдэг. Түрүүлж ургасан чихнээс сүүлд ургасан эвэр урт гэдэг шиг чадвараараа багшийгаа хол орхисон төдийгүй ширээний теннисний аваргуудтай эн тэнцүү өрсөлдөх, өгөө аваатай болсон нь түүний хурдан шаламгай хөдөлгөөн, бөмбөгөө мэдрэх чадвар, ракетаа өөрийн болгож эзэмшсэн төрөлхийн авьяас байлаа. Теннисэнд мөн л " туг" мэт мандаж, 40 наснаас дээшхи ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээнд олонтаа нэгбүрчилсэн төрөл, багийн төрлөө түрүүлж, цаг үедээ "азаргалсан". Теннисэнд зөвхөн хурдан хөл, түргэн гарын хөдөлгөөн биш, бас "толгой" чухал үүрэгтэй гэдгийг ямагт мэдрүүлсэн. Түүний гайхалтай тоглолтонд зөвхөн фэнүүд нь төдийгүй, өрсөлдөгчид нь хүртэл талархалтай ханддаг байлаа. Яагаад гэвэл түүнтэй тоглохоор, хожигдсон ч байсан сайхан тоглосон болдог, сэтгэл ханамж авдаг гэж нөхөд нь хэлдэг байлаа. Түүнтэй учрах, тоглох гэдэг бол үнэндээ " аз жаргал" гэ хэлж болно. Үнэн сэтгэлээсээ тоглоно, ур чадвараа гайхуулна, тоогоор хоцорчихвол, нэхэж хөөж барьж авна, сул хаяж чулуу хөөлгөнө, доош нь "хутга" дарж тор мөргүүлнэ, ямар ч довтолгоог буцаана , сөрөг довтолгоонд шилжинэ гээд ширээний ард өрсөлдөгчөө зүгээр нэг зогсоодоггүй, хялбар оноог бэлэглэдэггүй тоглогч байсан. Хэцүү оноо авчихаад, "Гоё уу" гэж асууж, эргэн тойрноо харж, итгэлтэйхэн хоолоо шахаж инээнэ. Яриа хөөрөө эвлэг. Хүнтэй нийцтэй учир, хаана л хөхрөлдөж байна, тэнд л Маагаа гол дүрд тоглож байдагсан. Сар шахмын өмнө л зааланд тоглоод, жаахан ядраад байна гэж хэлж байснаас хойш уулзаж чадсангүй. Эмнэлэгт хэвтэхээсээ өмнөхөн, нэг сайхан хөрөг хийлгэчих юмсан гэж дурсаж билээ. Өмнө нь хөргийг чинь хийе гэж хэлэхэд хэзээ ч дэмжиж дуугарч байгаагүй.Мэдэрч байсан юм болов уу яасан бол, нэг хөрөг хийлгэчихье, би хийчихье, тэгье гэдэг яриа бидний дунд өрнөснөөс хойш эмнэлгийн тасгаас эргэж ирэлгүй тэр өөр ертөнцийг зорилоо.Эргэж очоод ч уулзаж чадалгүй, том хүү, сагсны шавь өндөр Хуягаа нартай л уулзаад, нар эргэхгүй болжээ гэдгийг мэдэрсэн. Гэхдээ маш хүнд хагалгаанд орсон хэдий ч, энгийн нэг иргэн долоо хоног даахгүй өвчнийг Маргад-Эрдэнэ сар даалаа. Тархи, зүрх хоёр нь гайхалтай юм, зүрх сайн учраас өдий зэрэгтэй тэсэж байна гэж эмч нар нь хэллээ гэж өдөр шөнөгүй сахиж суусан шавь Хуягаа нь Ариунбаатар бид 2-ыг эргэж очиход дуулгасан. Дараахан нь Ахмадын УАШТ Булган аймагт болсон. Маагаа маань хотод эмчлүүлэн үлдсэн. Маргад-Эрдэнэгүй Ахмадын УАШТ нэг л инээд хөөр багатай, өрсөлдөөн сулхан болсон санагдсан. Ямар сайндаа л Маагаагийн мөнхийн өрсөлдөгч Лхагвадорж өөрийн насныхнаа орхиж, 60- аас доош насныхантай нэгбүрчилсэн төрөлд өрсөлдөхөв. Өрсөлдөгчөө голсныг, Маагаагаа дурссаных л гэж бодогдсон. Байгаль цаг агаар сайхан, Булганы чимчигнэсэн айраг сайхан байсан. Тэмцээнийг нутагтаа зохиосон "Шинэ амжилт" компанийн захирал Цэрэнбатаа ч Маагаагаа бас үгүйлж байх нь анзаарагдсан. Энэ удаагийн Ахмадын АШТ маань Маргад-Эрдэнэгүй болох нь гэж санатал, Маргад-Эрдэнэгүй амьдрал үргэлжлэх нь энэ байсан ажээ. Маагаа маань олонтой, шуугиантай амьдарлаа. Шавь нар нь Маргад -Эрдэнэ багшийнхаа нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээнийг хэдхэн сарын өмнө багшийнхаа амьд сэрүүн дээр нь хийж амжуулсан нь бас л зөн совинтой байж уу гэж бодогдлоо. Өөрөө бол үүнд тийм ч дуртай биш. Яагаад гэвэл, амьд дээрээ хийдэг нэрэмжит тэмцээнийг Маагаа маань таалдаггүй байсан. Шулуун шударга зантай, хэлье гэснээ хэлж байж санаа амардаг, теннисний нөхөр минь, анд минь, хамтран зүтгэгч минь биднийгээ орхиж, тэнгэрт халилаа. Найзыг минь тэнгэр таалан хүлээн авах болтугай гэж ерөөе. Тэр шуугиант ертөнцийг шуугиулсаар өндөрлөлөө. Түүнийг сагсныхан, ширээний тенниснийхэн " манай Маагаа" гэж булаацалддаг. Одоо түүнийг булаацалдахаа болилоо. Бидний Маагаа буцлаа.
Найзыгаа дурссан, теннисний анд нөхөд Ц.Энхбат, Лхагвадорж, Цагаанхүү, Ариунбаатар, Тэмүүжин, Завьмөнх, Цэнджаргал ( том), Цэнджаргал (солгой) нар
2017 оны 8-р сарын 02