“Даншиг наадам хүрээ цам 2017” наадмын арга хэмжээний эхний өдөр НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун ахлагчтай улсын байцаагч, албан хаагч, химич, лаборант, нян судлагч, жолооч зэрэг бүрэлдэхүүнтэй нийт 26 хүн ажиллалаа. Баяр наадмын үеэр хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрчим хүчний чиглэлийн дагуу шалгалтуудыг явуулж өндөржүүлсэн бэлэн байдалд шуурхай ажиллалаа.
НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн, ХАБХААХХ-ийн дарга Д.Энхбат, Хөдөлмөр болон барилгын хяналтын улсын байцаагчид 2017 оны 08 дугаар сарын 04-ны өдөр төв цэнгэлдэх хүрээлэнд байрлуулж буй бурхан болон бусад тоног төхөөрөмжийг суурьлуулахад хяналт тавин ажилласан. Энэ оны даншиг наадамд Захирагчийн ажлын албанаас нийт 110 зөвшөөрөл олгосон. Наадам эхлэхээс өмнө зөвшөөрөл авсан байгууллага, аж ахуйн нэгж иргэдэд зөвлөгөө, зөвлөмж өгөн ажиллалаа. Баяр наадмын талбайд хуушуурны 77, худалдаа үйлчилгээний 14, шорлогны 3, айрагны 4, хүүхдийн тоглоомны 9, бэлэг дурсгалын 10 асар ажиллаж байна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 3 хэсэгт 24 био 00-ийг байрлуулж ажиллуулж байна. Хүүхдийн тоглоомын үйл ажиллагаа эрхэлж буй 8 иргэний 14 төрлийн тоглоомонд улсын байцаагчийн урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргүүлээд байна. Харин хуушуурын асруудад хийсэн шалгалтаар Мөнх хаан мөнх ХХК-ийн хуушуурын цэгээс 40 кг 240.0 мянган төгрөгийн үнэ бүхий махыг мэргэжлийн хяналтын дотоодын хяналтаар газар шуурхай устгаж хөндлөнгийн ажиглагчаар баталгаажууллаа. Дээрхи 40 кг махны 25 кг нь үнэр орсон харин 15 кг нь муудсан байдалтай байсныг байцаагчид илрүүллээ. Мөн 4 аж ахуйн нэгжийн түүхий махнаас 2 , айрагнаас 2 дээж тус тус авч явуулын лабораторийн шинжилгээнд хамруулж баталгаажуулсан юм. Гар дээрээс худалдаа үйлчилгээ эрхэлж байсан нийт 37 иргэний үйл ажиллагааг таслан зогсоосон.
Өнгөрсөн жилүүдэд иргэд, аж ахуй нэгж байгууллагад нийтийн хоол эрхлэх зөвшөөрөл олгогдож байсан бол энэ жилээс зөвхөн аж ахуй нэгж байгууллагад нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл өгдөг болсноор иргэдэд эрүүл аюулгүй хоол хүнсээр үйлчлэх нөхцөл баталгааг илүү сайжрууллаа. Иргэд зөвшөөрөлгүй, гар дээрээс худалдаалж буй хоол хүнс, хүнсний бүтээгдэхүүн болон хүүхдэд харшилд өгч болзошгүй тоглоом худалдан авахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Эх сурвалж : МХЕГ