Мазаалай бол говь цөлд амьдардаг Дэлхийн цорын ганц баавгай. Манай Их Говийн дархан цаазат газарт амьдардаг бөгөөд Улаан номны “Нэн ховор амьтан”-ны жагсаалтанд бүртгэгдсэн амьтан юм.
Олон жилийн судалгааны дүнд гол нутагшил нь Алтайн өврийн Аж Богд, Тост, Нэмэх дуул, Ээж хайрхан, Захуй, Зармангийн Баян бүрд, Эдрэнгийн нуруу, Цагаан богд, ба Сэгс цагаан богд гэж тогтоожээ. Улаан ном дахь мазаалайн тоог харвал 1960-аад онд 15-20 толгой, 1970-д онд 20 гаруй, 1980-д оны эхээр 25-30, сүүлчээр 50-60, 1990 оны эхээр 30 гаруй толгой байсан ба одоогоор 23 тоо толгой үлдсэн гэх албан бус тоо баримт бий.
Ерөнхий төрх ойн хүрэн баавгайтай адил боловч биеэр бага. Цагаан богд уулын шармаахайн биеийн урт 168 см, сэрвээний өндөр 92 см, жин 90 кг байжээ. Мазаалайн биеийн дундаж жин 90-100 килограмм, биеийн урт нь 150 сантиметр орчим, өндөр нь 80-92 сантиметр. Зуны зүс жигд хүрэн бор, өвөл, хавар хүрэвтэр, бор саарал. Хүзүү, хөл их биеэсээ бараавтар. Хэнхдэг, хүзүүний угт цагаан цайвар толботой. Хөнгөн шалмаг хөдөлгөөнтэй. Нас бие гүйцсэн эр мазаалайг шармаахай, эмийг нь эвш гэдэг аж. Эвш нь жил өнжин төллөж гол төлөв ихэр алманцаг төрүүлнэ. Шармаахай зунд нь хүрэн бор, өвөл, хаварт бор саарал зүстэй. Түүний хүзүү, хөл нь их биеэсээ бараавтар. Хэнхдэг болон хүзүүнийхээ угт цайвар толботой. Өвлийн 11 дүгээр сараас дараа оны 3 сар хүртэл агуй, хонгил, хулсан ширэнгэ, сухайн төгөл доогуур нүх хэвтэр засч ичнэ. Говийн хармагийн жимс, бажууны үндэс, навч, хулс, зээргэнэ, сухайн навчис зэрэг ургамал болон говь цөлийн шавьж хорхой, гүрвэл зэрэг жижиг амьтны сэг зэргийг түүж иддэг.
Мазаалайг 1953 онд агнахыг хориглосон боловч түүнээс хойш төдийлөн их өсөөгүй нь олон арван шалтгаантай. Мазаалай нь хармаг, зээргэнэ ховор гарсан жил, эсвэл ган болж ус ховордсон үед тэд турж үхдэгээс гадна орчин цагт, асар хүчтэй, өндөр хурдтай авто машин, нисдэг тэргээр санаатай санамсаргүй хөнөөх нь цөөнгүй тохиолдож байна. Мөн тэдний амьдралын орчин тойрны хулс, бутан шугуйг хадах түймэрдэх, хүн мал эзлэх зэрэг ажиллагаа нь мазаалайг үргээн дайжуулдаг байх магадлалтай.
Тиймээс Олон Улсын Хүүхдийн Спортын 7-р Наадмын билэгдлээр “Маахай” мазаалай баавгайг сонгон спортоор дамжуулж нэн ховордсон мазаалай баавгайгаа хамгаалах уриалгыг түгээж байгаа юм байна.
Тэмцээний талаарх дэлгэрнгүй мэдээллийг уг хуудсаар дамжуулан аваарай.