Ийм бодол нэг бус удаа өмнө нь төрж байсан. Өнөөдөр ч биш. Монголын цагдаа мэргэжлийн бус уу, мэргэжлийн бус хүн цагдааг удирдаад байна уу? гэж асуухад хүрлээ. Аливаа даалгаврыг ядаж цэвэрхэн хийж сурмаар юм. Энхтөрийн өнөө үед ч энэ явдал анх удаа тохиолдож буй биш, өмнө нь ч ийм л байсан учраас ингэж асуухад хүрлээ. Асуудал, мэргэжлийн, мэргэжлийн бусдаа биш, захиалгаар ажиллахдаа "гаршсан" гэж хэлэх нэгэн ч таарна.
Иргэд, бизнес эрхлэгчид цагдаагаас айж эмээх болсон. Тийм хэдий ч, ганц нэгээрээ үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсээр. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр төрийг 60 тэрбумаар худалдан авах бичлэгийг гэрчилсэн Доржзодовыг баривчлахыг завдсан. Яагаад гэвэл эрх барьж буй намын эрх баригчдад хортой зүйлийг тэр задалсан, бас гэрчилсэн. Гэтэл учир начрыг олох биш, түүнийг баривчлахыг чухалчилсан. Баривчлах нууц тушаал задарсан учир гишүүн асан Оюунгэрэлийн гэрт Доржзодов орогнож цагдаагийнхны операциас ам мөлтөс мултарсан гэх таамаглал үүссэн. Үнэн ч байж болох. Гэртээ байсан бол түүнийг төвөггүй баривчлах байсныг өчигдрийн үйлдэл баталгаажуулав. Оюунгэрэлийн нөхөр нь АНУ-ын иргэн учир Монголын цагдаа гэрт нь нэвтэрч чадаагүйг бид бичлэгээс харсан. Харин Доржзодовыг баривчлах даалгаврыг хэн өгсөн нь ойлгомжтой байсан. Түүний хариуг нь сонгогчид санал өгөх өдөр барьсан. Ингэж М.Энхболдын ерөнхийлөгч болох мөрөөдөл бүтэлгүйтсэн.
Тэгвэл шадар сайд Хүрэлсүхийг мөрд гэсэн үүрэг даалгаврыг гэрчилсэн жирийн иргэн Батболдыг орон гэрээс нь цагдаа тусгайгийнхан баривчиллаа. Чоно адил үүр шөнийн заагаар түүнийг "гөрөөлжээ". Тэд 4 давхар орон сууцны дээврээс нь олсоор бууж, эр чадлыг үзүүлэн цонхыг нь цөм өшиглөн гэрт нь нэвтэрсэн тухай эхнэр нь намуухан дуугаар сэтгүүлчдэд ярив. Шөнийн нам гүм анирыг эвдсэн цонх хагалах чимээ, олон хүний хөл хөдөлгөөн, цахилгаан бороохойны шажигнах дуу, юу юугүй өөрийнх нь өврөөс нь нөхрийг нь суга татаж, хүч хэрэглэн дарж унагаж, гарыг нь гавлан, үг хэлэх ч сэхээ өгөлгүй үүдийг нь өшиглөн онгойлгоод нөхрийг нь авч одсон гэдгийг гурван хүүхэдтэйгээ гэрээ сахин үлдсэн эхнэр нь хэлж сууна. Балмагдаж, цочирдсон 8-13 насны 3 хүүхдээ л тайвшруулж ядах эмэгтэйн гар утсыг нь АТГ-ынхан хураан авч одсон учир өдөржингөө хэнтэй ч холбоо барьж чадаагүй байна. Зөвхөн түүнийхийг ч биш, гэрт нь байсан хүүхдүүдийнх нь ч гар утсыг хураан оджээ. Нөхөр нь цагдаад ажиллаж байсан, одоо ажилгүй тэр эмэгтэйд өмгөөлөгчөөс өөр түших хүн үлдсэнгүй. Хүний хөл татарсан үүр цүүрээр нөхрийг гавлан авч одсоны дараа АТГ-ын зарим ажилтнууд гэрт нь үлдэж, хагалсан цонхны шилээ цэвэрлэн, үл мөрөө арилгасан байна. Тусгайгынхан гадагшаа холбоо барих бүх холбоог тасалж, гэрт байсан бүх гар утсыг хураахаа мартсангүй. Дээр нь эхнэрийг нь гэр орноо нэгжүүлэхийг зөөлнөөр ятгасан гэнэ. Ийм л явдал болсон байна. Захиалагчыг нь таахад тийм ч төвөгтэй биш. Энэ асуудлаар Батболдын өмгөөлөгч болон эхнэр нь мэдээлэл хийсэн боловч, цагдаагийнхан таг чиг. А
мерик, Солонгос, Орос, Япон, Хятадад ч хэн нэгнийг баривчлахдаа цагдаа, хүчнийхэн ажлын цагаар үйлдэж, үйлдлээ хэвлэлийнхэнд ил тод мэдээлдэг. Манайд бол харин Цагдаа, хүчнийхэн баривчилсан хүнээ л "боловсруулахад" гол анхаарлаа хандуулдаг гэдэг. Хүч хэрэглэх, сүрдүүлэх, айлган заналхийлэх, урхидах зэргээр хэргийг хүлээлгэх муу аргыг тэд хэрэглэдэг гэж Батболдын өмгөөлөгч болгоомжилж буйгаа илэрхийлэв. Ямар ч гэсэн эрх баригчид цагдааг ашиглан гэрчийг устгах операциа ийнхүү хэрэгжүүлэв. Цагдаа, тусгайгынхан иргэд, нийгмийн дургүйцлийг төрүүлэм үйлдэл хийж, захиалагчдаа хариу хор хүргэлээ гэж үзэж болох нь. Ийм л төр засагтай, ийм л цагдаа хүчний байгууллага дунд иргэд түгшүүртэй амьдрах нь. Юуны үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх.
Юуны чинь ардчилсан нийгэм. Зүгээр л дарангуйлал, бас дахин дарангуйлал ханхалж байна. Саяхан Доржзодовыг барихыг санаархсан. Өчигдөр Батболдыг баривчилсан. Үг хэлсэн, эрх баригчдыг сөрсөн болгоныг баривчлах юм уу? Тэгвэл маргааш хэний ээлж вэ? гэдгийг асуух үлдлээ.
Ц.ХИШГЭЭ