“ЦАГААН ХАД”-НЫ 10 МЯНГАН ИРГЭН АЖЛЫН БАЙРАА НЭХЭВ

2017-08-23  

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хадны гаалийн хяналтын бүсийг татан буулгах шийдвэрийг өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар гаргасан юм. Өөрөөр хэлбэл, зарим сайд нарын оруулсан саналын дагуу богино рейсийн тээвэрлэлт хийж буй тээврийн хэрэгслүүд хөдөлгөөний эрчимд саад болох, мөн хил, гаалиар хориотой бараа тээвэрлэх боломж бүрдэж байгаа учраас Цагаан хадны гаалийн хяналтын талбайн үйл ажиллагааг зогсоохоор болсон байна.  Гэвч энэхүү шийдвэрийг Цагаан хадны гаалийн хяналтын бүсэд үйл ажиллагаа явуулдаг иргэд, жолооч эсэргүүцэж  эхэлсэн юм.  Гаалийн ерөнхий газраас “Цагаан хад”-д гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг авсан есөн хувийн компани, орон нутгийн “Тавантолгой” компани, тухайн хяналтын бүсийг хүрээлэн үйл ажиллагаа явуулдаг хувийн аж ахуйн нэгж, нүүрсний тээврийн компаниудын төлөөлөл  нэгдэж “Цагаан хад хөгжлийн гарц” төрийн бус байгуул­лагыг байгуул­сан талаараа өчигдөр хэвлэлийнхэнд хандлаа. Цагаан хад орчимд үйл ажиллагаа явуулдаг 130 орчим аж ахуйн нэгж, 10000 гаруй жолооч нарын эрх ашиг хөндөгдөж ажилгүй, улмаар амьдралаа залгуулах боломжгүй болж байгаа аж. Хамгийн гол нь төр засаг шийдвэр гаргахдаа орон нутгийн удирдлага болон иргэдийн санал бодлыг сонсох ёстой. Гэтэл  Засгийн газраас Цагаан хадны хяналтыг зогсоох шийдвэрийг тэнд ажиллаж амьдарч байгаа иргэдийн дуу хоолойг сонсолгүйгээр гаргасан хэмээн иргэд бухимдлаа илэрхийлэв.

Хэвлэлийн хурлын үеэр Таван толгой ХХК-ийн эдийн засагч Ч.Төрмандах “Цагаан хадны гаалийн хяналтын бүсийг хаах нь Хятадын гаалийн хяналтын бүсийг дэмжсэн бодлого.  Харин Цагаан хадны хяналтын бүс идэвхтэй үйл ажиллагаа явуулснаар энэ жил экспортлох 22.4 сая тонн нүүрснээс 47 тэрбум төгрөгийн өртөг төсөвт цуглана. Цагаан хад дахь гаалийн хяналтын талбайд орон нутгийн Таван толгой ХК-ийн экспортод гаргаж буй нүүрс голчлон дамжин тээвэрлэгддэг бөгөөд 2016 онд 4.1 сая тонн, 2017 оны эхний хагас жилд 2.7 сая тонн нүүрс борлуулсны 70 хувь нь гаалийн хяналтын бүсээр дамжсан байна. Уртын урт тээвэрт яваа тээврийн хэрэгслийн 80 хувь нь Хятад компанийн эзэмшлийн машинууд байдаг” гэсэн юм.

“Эрдэнэс Монгол” гаа­лийн хяналтын бүсийн эрхлэгч Д.Батбилэг “Цагаан хаданд идэвх­тэй ажиллаж байгаа 27 хянал­тын бүс байдаг. Эдгээр бүсийг ажиллуулахад 30 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Эдгээр хүмүүсийн хохирлыг Засгийн газраас яаж барагдуулах вэ. Тус бүсэд  ажиллаж амьдарч байгаа 600-700 иргэд  хаачих вэ. Цагаан хадны хяналтын бүс Монголын эдийн засгийг сэргээхэд тустай. Уртын урт тээвэр нь уурхайгаас гараад БНХАУ хүртэлх 245 км, уртын тээвэр гэдэг нь Уурхайгаас Цагаан хадны хяналтын бүс хүртэлх -210-215 км, богино тээвэр нь Цагаан хадны хяналтын бүсээс хил гартал 20-25 км. Өнөөдийн байдлаар хоногт 300 машин нүүрс тээвэрлэлт хийж байна. Өмнө нь 1000-1500 машин тээвэрлэлт хийдэг байсан” гэлээ.

Энэ талаар сэт­гүүлч Х.Доржпалам “Одоогийн байдлаар нүүрс тээвэрлэлтэд 70 кило­мет­рийн дугаарлалт үүс­сэн байна. Урьд нь Цагаан хадны гаалийн хяналтын талбайд нүүрс буулгадаг байхад ийм оочер үүсдэггүй байсан.  Энэхүү оочер дарааллыг буул­гах талаар төр зас­гаас арга хэмжээ авах хэрэгтэй.

Говийн цагдаа гэсэн хүмүүс нүүрс тээвэрлэлт явж байгаа машинуудаас авлига авч байна.  Цагдаа нар Оюутолгойн зам руу ордог хэсэг дээр зогсчихоод нэг машинаас 100-150 мянган төгрөг авч байгаа баримт бий. Ийм зүйл өдөр бүр давтагддаг. Өмнөговь аймгийн 15 сумын иргэн, Цагаан хадны хяналтын бүсэд ажиллаж амьдарч байгаа иргэд Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж гарын үсэг зурсан. Үүнийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад гардуулж өгнө” гэлээ.

 

 

Эх сурвалж : “Зууны мэдээ” сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?