ГУРИЛЫН ҮНЭ НЭМЭГДЭХГҮЙ

2017-08-24  

Улсын ургацын комисс өчигдөр энэ оны ургац хураалтын үйл явцын талаар хуралдлаа. Энэ үеэр ургацын урьдчилсан балансын танилцуулга,  гангийн байдалд хийсэн эрсдэлийн үнэлгээний  дүн, цаг уурын орчны шинжилгээний газраас ирэх сарын цаг агаарын төлөв байдлын талаар нэгдсэн мэдээллийг сонссон юм.

Энэ онд улсын хэмжээгээр 393.6 мянган га-д  үр тариа, үүнээс 367.2 мянган га-д буудай, 14.9 мянган га-д төмс, 7.5 мянган га-д хүнсний ногоо, 78.2 мянган га-д тосны ургамал, 28.2 мянган га-д тэжээлийн ургамал, 1.9 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 524.3 мянган га-д тариалалт хийсэн. Ургацын урьдчилсан балансаар 271.8 тонн үр тариа, үүнээс 259.2 мянган тонн буудай, 102.3 мянган тонн төмс, 75.7 мянган тонн хүнсний ногоо, 23.6 мянган тонн тосны ургамал, 47.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоогдоод байна.  Мөн энэ сарын 7-12-ны өдрүүдэд тариалангийн бүс нутгуудад эрдэмтэн,  мэргэжилтнүүдээс бүрдсэн дөрвөн ажлын хэсгийг томилж ургацын төлөв байдал нарны хэт их халалт гангын нөлөөллийг тогтоох ургац хураалтын технологи боловсруулах ажлыг зохион байгуулж, ургацын баланс тогтоожээ. Ажлын хэсгийн дүгнэлтээр гантай бүсэд  Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг бүхэлдээ Төв аймгийн хойд болон баруун талын тариалан бүхий сумд, Булган аймгийн урд хэсэг хамрагдаж байгаа бол гангын нөлөөнд алаг цоог нэрвэгдсэн аймагт Архангай, Өвөрхөнгай, Булган аймгийн баруун урд талын сум, Хөвсгөл аймгийн Рашаант, Тариалан, Эрдэнэбулган сум орж байна.

Харин ганд харьцангуй бага нэрвэгдсэн хэсэгт Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймаг бүхэлдээ, Булган аймгийн зүүн хойд талын сумд хамрагдсан ерөнхий зураглал гарчээ.

Хурлын үеэр ХХААХҮЯ-ны сайд П.Сэргэлэн “Энэ зуны хувьд тавдугаар сарын 20-ноос долдугаар сарын арван хүртэл тариалангийн ихэнх бүс нутагт нийтдээ 40-50 хоногт, зарим бүс нутагт долдугаар сарын 28-ныг хүртэл 60 хоног хур тунадас ороогүйн дээр ихэнх нутгаар агаарын темпратур 32-41 хэмд хүрч нарны хэт их халалт явагдсан нь таримал ургамлын өсөлтөд сөргөөр нөлөөлсөн. 1960 оноос хойш хамгийн дээд хэмжээгээр халсан зун боллоо. Тиймээс ургацын хэв шинж, онцлог, тарималын болц төлөв байдалтай уялдуулан ургац хураалтын үйл явц хураалтын ажлыг шуурхай зохион байгуулах, төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулж хамтран ажиллах явдал нь туйлын чухал болоод байна” гэв.

Манай улсын жилийн хэрэгцээ гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 320 мянган тонн улаанбуудай шаардлагатай байдаг бөгөөд энэ жилийн хувьд 154.5 мянган тонн орчим хүнсний улаан буудай дутах төлөвтэй байна. Энэхүү 154.5 тонн улаанбуудайг ОХУ-аас импортлохоор болжээ. Түүнчлэн намрын ургац хураалтын техникийн бэлэн байдал 82 орчим хувьтай явагдаж байна. Мөн энэ жил гурилын үнэ нэмэгдэхгүй гэдгийг ХХААХҮЯ-наас албан ёсоор мэдээллээ.

Наймдугаар сар гарсаар хур тунадас их байсан тул ирэх хоёр сарын цаг агаарын төлөв байдалтай уялдуулан ургац хураалтын ажлыг аюулгүй шуурхай зохион байгуулах ажлуудыг хийх эхэлжээ. Орон нутгаас ургацын штабын тавьсан санал хүсэлтийг хүлээн авч гүйцэтгэх ажлын шугамаар холбогдон шийдвэрлүүлж байхыг  мэдэгдэж зайлшгүй то­хиолдолд улсын ургацын хурлын комис­сыг зарлан хуралдуулна гэдгийг өчигдөр бол­сон комиссын хурлаар ярилцав. Ургац хураал­тад 1181 комбайн, 513 жатка, 224 үтрэм, 130 гаруй төмс хураах комбайн, 470 цэвэрлэгч, ачигч, сортлогч машин ажиллахаар засвар үйлчилгээ хийгдэж байгааг ХХААХҮЯ-ны ГТБХЗГ-ын дарга Ц.Болорчулуун хэлсэн юм.

Хуралдааны төгсгөлд ХХААХҮ-ийн сайд  П.Сэргэлэн мэргэжлийн байгууллага, орон нутгийн удирдлагуудад хандаж намрын ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэлийн ажилд шаардагдах шатахууны нөөцийг бүрдүүлэх, цахилгаан эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангах,  сортын үрийн хянан баталгааг хугацаанд нь хийж дуусгах, дараа оны тариалалтад зориулан нөөцлөх үрийн цэвэрлэгээг шалгаж стандартад тэнцүүлэх, ногооны зоорь, агуулах, үтрэмийн цэвэрлэгээ ариутгал, бүтээгдэхүүний хадгалалтад хяналт тавьж ажиллахыг даалгав. Мөн ургац хураалтын ажилд оюутан, цэргийн албан хаагчдыг татан оролцуулах ажлыг шуурхай зохион байгуулах, төмс, хүнсний ногооны борлуулалтыг дэмжих, нийслэлийн иргэдийг хямд үнэтэй, чанартай ногоогоор хангах зорилгоор хотын дүүргүүдэд төмс, хүнсний ногооны борлуулалтын цэг ажиллуулахыг даалгалаа.

 

 

 

Эх сурвалж : “Зууны мэдээ” сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?