"Эрдэнэс Таван Толгой" ХХК компани болон тус компанийн удирдлагын нэр төрийг санаатайгаар харлуулан сэвтүүлэх зорилго бүхий "Эрдэнэс Таван Толгой"-н удирдлагууд мөргөцгийн нүүрснээс луйвар хийсэн үү?" ор үндэслэлгүй, баримт нотолгоогүй, эх сурвалж нь тодорхойгүй гүтгэлгийг нийтэлсэн Sonin.mn, түүнийг хуулбарлан тараасан Newszone, Chihal.mn зэрэг сайтуудад "Эрдэнэс Таван Толгой" ХХК-ийн Хууль эрх зүйн хэлтсээс албан шаардлага хүргүүлснийг толилуулж байна.
Тайлбар хийх, залруулга гаргахыг шаардах тухай Төрийн өмчит "Эрдэнэс Таван Толгой" хувьцаат компани болон түүний удирдах бүрэлдэхүүний нэр төрийг санаатайгаар унагахыг санаархсан, ор үндэслэлгүй мэдээлэл тарааж, илэрхий гүтгэн доромжилсон "Эрдэнэс Таван Толгойн"-н удирдлагууд мөргөцгийн нүүрснээс луйвар хийсэн үү?" гарчигтай нийтлэлийг Б.Ганхуяг автортайгаар танай сайт 2017 оны 8-р сарын 21-ны өдөр нийтэлснийг баримтжуулан бүртгэж авлаа.
"Эрдэнэс Таван Толгой" компани нь дэлхий нийтийн жишигт дүйцсэн компанийн соёлыг өөртөө нэвтрүүлсэн, төр болон олон нийтийн хатуу хараа хяналт дор хууль тогтоомжийн хүрээнд удирдлага, санхүүгийн үйл ажиллагаагаа эрхэлдэг. Тиймээс "Эрдэнэс Таван Толгой " компани, удирдлагуудын нэр төрийг зориудаар гутаан доромжилсон, ор үндэслэлгүй мэдээллийг өөрийн олон нийтийн сүлжээгээр түгээн тараасан үйлдэлдээ албан ёсоор уучлал гуйж, тайлбар хийн, залруулга гаргахыг нэн даруй шаардаж байна.
ШААРДЛАГА :
1. Мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан "Эрдэнэс Таван Толгой"-н удирдлагууд мөргөцгийн нүүрснээс луйвар хийсэн үү?" ор үндэслэлгүй мэдээллээ залруулах
2. Мэдээллийн ямар үндэслэл, ямар эх сурвалжид тулгуурлан бичсэн болохоо тайлбарлах
3. "Эрдэнэс Таван Толгой" компанийн удирдлага, нийт ажилтан, уурхайчдаас 48 цагийн дотор албан ёсоор уучлал гуйх
Энэхүү шаардлагыг үл биелүүлсэн тохиолдолд Иргэний хууль болон Зөрчлийн тухай хуулийн дагуу шүүх, хуулийн байгууллагад албан ёсоор хандаж, нэр төрөө сэргээлгэх болохыг үүгээр мэдэгдэж байна.
"ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ" ХХК-ИЙН ХУУЛЬ ЗҮЙН ГАЗАР