АТГ хоёр янзаар ажилладаг. Хоёр гарын, өөрсдөө уух, хүнд өгөх айраг гэдэг шиг. Сүүлийн жилүүдэд эрх баригчдын захиалгаар ажиллах болсон гэдэг шүүмжлэлийг олон нийтээс сонсох болсон нь үүнтэй холбоотой. АТГ 60 тэрбумын асуудлаар нэг л хойрго хандаж буй учир, хэргийг бүрмөсөн хаасан байсантай холбоотой гэж дүгнэхэд хүрчээ.
Харин Баттулга ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш дахин шахаж 60 тэрбумын хэргийг дахин сэргээсэн. Мөрдөн байцаагчид ажилдаа орж, төрийн албан тушаалтнуудыг толгой дараалан дуудаж, мэдүүлэг авч эхэлсэн. Энэ тоо 1500-г хол давсан ч, авилга өгч ажилд томилогдсон нэг ч хүнийг одоогоор олж тогтоосонгүй гэдэг мэдээллийг албаны эх сурвалж мэдээлж байна.
60 тэрбумын хэргийг МАН-ын Их Хурлын өмнө ил тод болгох, тодорхой хүмүүстэй хариуцлага тооцох улс төрийн төрийн зорилго бүхий тоглолтыг дэглэж буйг ч нуух аргагүй болсон гэх мэдээлэл бий. Гэвч мөрдөн байцаах явц энэхүү яст мэлхийн хурдаар үргэлжилбэл, 60 тэрбумын хэргийг шалгах явц их л удаашрах төлөвтэй.
Д.МАНДАХ