Үндэсний их баяр наадамд амжилттай барилдаж тав давж шөвгөрсөн бөхчүүд болон шагналтай байр эзэлсэн харваачдаас Баяр наадмын тухай хуулийн дагуу допингийн шинжилгээ авдаг. Ардын хувьсгалын 96 жилийн ойн их баяр наадамд тав шөвгөрсөн 16 бөх болон харваачдын допингийн шинжилгээний хариу гарсан байна.
БНСУ-ын Шинжлэх ухаан, техникийн институтын допингийн хяналтын лабораториос ирүүлсэн шинжилгээгээр энэ жилийн баяр наадамд шөвгөрсөн бөхчүүд болон харваачдаас допингийн төрлийн хориотой бодис илрээгүй болохыг мэдэгдсэн байна. Энэ тухай мэдээллийг Допингийн эсрэг үндэсний төвөөс Баяр наадмыг зохион байгуулах комиссд албан ёсоор танилцуулсан юм.
О.ДАШНЯМ