АРДЧИЛСАН НАМ МОНГОЛЫН ШИНЭЧЛЭЛИЙН САЛХИЙГ ЗҮҮН БҮСЭЭС ЭХЛҮҮЛЛЭЭ

2017-08-30  

Шинэчлэл өөрчлөлт нь аливаа зүйлд сайн болон сөрөг талыг дагуулж байдаг. Гэхдээ өөрчлөлт нь алдахаас илүү онодог. Энэ ч утгаараа гишүүдийн оролцоотой бодлогын ардчилсан намыг бий болгохын тулд монголын улс төрийн намуудын түүхэнд байгаагүй шинэчлэлийг хийж чадсан. Шинэчлэлийн үр дүнд анхан болон дунд шатны намын удирдах бүрэлдэхүүнийг шинэчилсэн. Нийт удирдах бүрэлдэхүүний 80 орчим хувийг өөрчилсөн. Мөн 17800 сонгуульт албан тушаалд 20 000 нэр дэвшигч өрсөлдөж богино хугацаанд намын шинэчлэлийг хийж чадсан. Үүний үр дүнд ч Монгол Улсын Ерөхийлөгчийн тав дахь удаагийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулга үнэмлэхүй ялалт байгуулж Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр тодорсон. Тэгвэл Ардчилсан намын шинэчлэлийн дараагийн алхам бол Намын шинэчлэлээс- Монголын шинэчлэлийг хийх их ажлын эхлэл улс орноо хөгжүүлэх, ард иргэдээ сэтгэл хангалуун сайхан амьдруулахын төлөө хүчин зүтгэхээр сэтгэл шулуудаж монголын шинэчлэлийн салхийг зүүн бүсээс эхлүүлж байна. Ардчилсан намын зүүн бүсийн чуулган Эх Эзэн Богд Чингис хааны өлгийн нутаг Хэнтий аймгийн Биндэр суманд Онон, Хурхын бэлчирт наймдугаар сарын 11-13 ны өдөрт амжилттай болж өнгөрлөө. Чуулганд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Баянзүрх, Багануур дүүргийн 800 гаруй намын гишүүд, дэмжигчид оролцлоо. Мөн УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Мурат, Ж.Батзандан, МУ -ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Их аварга Д.Дагвагдорж гэсэн нэр бүхий хүндэт зочид оролцлоо

Чуулганы талаар “Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Бид намын томоохон чуулган уулзалтыг наран ургах зүүн бүсээс эхэлдэг заншилтай. Ардчилсан намын шинэчлэлийн хүрээнд бүсийн чуулганыг зохион байгуулж байна. Энэ жил зүүн бүсийн чуулган болон Говийн бүсийн чуулганыг есдүгээр сард хийнэ. Чуулганы гол зорилго бол бүсийн аймгуудын оролцоог идэвхижүүлэх, орон нутгийн гишүүд дэмжигчдийн улс төр, нийгэм эдийн засгийн мэдлэг боловсролыг ахиулах сургалт зохион байгуулна.

Мөн бүсийн аймгуудын дунд урлаг, спортын томоохон арга хэмжээ зохион байгууллаа. Ардчилсан нам 180 000 гаруй гишүүдийнхээ дунд намын шинэчлэлийг эрчимтэй өрнүүлж байгаа. Шинэчлэлийн хүрээнд хийгдэх томоохон ажлуудын нэг бүсийн чуулган” гэдгийг онцоллоо. Тэрээр цааш нь “Аймаг , дүүргүүд бүсийн чуулгандаа маш идэвхитэй оролцож байгааг харахад сайхан байна. Бүсийн чуулганаас орон нутгийн гишүүд их зүйл сурсан мэдсэн байна байх. Бүсийн чуулганд оролцсон аймаг дүүргийнхээ гишүүд дэмжигчдэд амжилт хүсье. Дараа дараагийн аймгийн намын гишүүд дэмжигчид бүсийн чуулганд идэвхитэй оролцоорой. Бүсийн чуулганы үйл ажиллагааг амжилттай болгоход та бүгдийн оролцоо хамгийн чухал шүү” гэдгийг санууллаа.

Намын шинэчлэл өөрчлөлтийн талаар Хэнтий аймгийн Ардчилсан намын дарга Ш.Батдэлгэр “Ардчилсан намд шинэчлэл явагдснаар гишүүдийн идэвхи өмнөхөөсөө илүү сэргэж эхэлсэн. Ингээд бид таван сонгуулийн ард гарлаа. Намын анхан дунд шатны сонгууль, намын даргын сунгаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль. Намын гишүүд дэмжигчдийн идэвхи хүчтэй сэргэсний хүчинд бид 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ардчиллын 27 жилийн түүхэнд Хэнтий аймагт байгаагүй амжилт үзүүллээ. Бүх сум бүр багт хүртэл 100 хувь ялалт байгуулсан түүхэн амжилт байлаа. Дараа дараагийн сонгуульд илүү идэвхитэй оролцоно гэдэгт итгэлтэй байна. Бид хоёр жилд нэг удаа бүсийн чуулган хийдэг уламжлалтай. Энэ жил манай аймагт хийхээр болоод бид түүх дурсгалт газар их байдгаар нь Биндэр суманд хийхээр тогтсон. Онон, Хурхын бэлчир талыг сонгосон. Чуулганд оролцож байгаа гишүүд дэмжигчид сэтгэл өөдрөг сайхан байна” хэмээн ярилаа.

Ийнхүү ардчилсан Монгол Улсад олон сонгууль болж байсан ч энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль шиг бохир, эрх мэдэл, мөнгөний дарамтан дор болж өнгөрсөн сонгууль байгаагүй юм. 
Өнгөрсөн хугацаанд хар Пи Ар, ор үндэслэлгүй гүтгэлэг доромжлол тарааж, эрх мэдлээр далайлгаж, хууль хүчний байгууллагын ажилтнуудаар төрийн эсрэг гэмт хэрэг үйлдүүлж байсан юм. Гэвч энэ бүхний эсрэг Ардчилсан нам ард түмэнтэйгээ хамт зогсч сөрөн гарч чадсан. Ардчилсан намын шинэчлэлийн эхний үе шаттай амжилттай үргэлжилж энэ бүхнээс алдсан алдаа, оносон амжилтаа тэд чуулганы үеэр хэлэлцсэн.

Ардчисан намын шинэчлэлийн дараагийн ажил бол намын анхан болон дунд шатны үүрүүдрүүгээ чиглэсэн ажлыг шат дараатай хийнэ. Энэ талаар АН-ын ЕНБД Ц.Туваан “Улс төрийн намуудын хамгийн гол шалгуур бол ард түмнээрээ дүнгээ тавиулах байдаг. Иймээс бид дараагийн шалгалтандаа бэлтгэж гишүүд үүрүүдрүүгээ хандсан олон ажлыг зохиох болно. Ардчилсан нам шинэчлэгдэж гишүүдийг оролцоотой бодлогын нам болохоор эхний алхамуудаа амжилттай хийж байна. Ардчилсан намд гишүүдийн оролцоогүй нэг ч шийдвэр гарахгүй “хэмээн ярилаа.Орон гэр амьдрах байр амьдралын нэн тэргүүний шаардлага байдаг. Тэгвэл чуулганы үеэр өрх толгойлсон эмэгтэй болон байгалийн гамшигт нэрвэгдэж орон гэргүй болсон нутгийн гурван өрхөд АН-ын зүгээс таван ханатай өргөө цагаан гэр бэлэглэж сайн үйлсын аян зохион байгууллаа. Хэнтий аймгийн Биндэр сумын малчин Н.Оюунчимэг “Ардчилсан намын гишүүд та бүхнийхээ дэмжлэгээр орон гэртэй боллоо” хэмээн баярын нулимс дуслуулж байлаа.

Эзэн Богд Чингис хааны хүй цөглөсөн газарт хүндэтгэл үзүүллээ

Ардчилсан намын журмын нөхдүүд гишүүд дэмжигчдийнхээ хамт Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн газар хүндэтгэл үзүүлж эх орон ард түмнээ даатгалаа.

Батсүмбэр овоо Биндэр сумын урд орших Ононы дэлүүн болдог уулын нэг өндөрлөгийг хэлнэ. Энэ толгойн өвөрт 1876 онд Балданвэрээвэн хийдийн хэвтээ буюу хөлчүү дүрийн хувилгаан Цэрэнсамбуудорж Ламын хийдийг байгуулснаас хойш энэ довцог толгойг Батсүмбэр овоо хэмээн нэрлэж Ламын хийдээс жил бүр зуны эхэн сард Биндэрийн овооны тахилгын ард тасралтгүй тахисаар 1937 он хүрчээ. Ард олондоо Хөх Жамба хэмээн алдаршсан эрдэмтэй лам тэргүүлэн тахиж эхэлснээс хойш өнөө хүртэл тахисаар иржээ. Энэ уулийг Их Эзэн Чингис хааны мэндэлсэн Ононы дэлүүн болдог мөн хэмээн түүхчид үздэг.

Биндэр сумын төв Хуурай гэдэг газар Чингис хааны хүй дарсан газар гэсэн жижиг овоо байсныг одоогийн Ононын дэлүүн болдогийн өвөрт орших Ламын хүрээнийхэн хүрээний хойно байрших Батсүмбэр овоог тахихдаа хамт нэг өдөр тахиж хүүхэд байрлуулж, даага уралдуулж наадам хийдэг заншилтай байжээ. Хөх Жамба хэмээх лам нууцаар тахиж явсаар 1990 онд Батсүмбэр овоог сэргээн тахисан өдрөө хүйн овоон дээр ирж ном уншиж, хүүхэд барилдуулж тухайн үеийн орон нутгийн удирдлагуудад домог түүхийг нь ярьж өгч овоог сэргээн модон хашлага хийжээ.

Тэр цагаас хойш тахилгын үйл ажиллагаа тасалданги байдалтай явж байгаад 2013 онд Биндэр сумын 90 жилийн ойн хүрээнд уг овюоог тус сумын 10 жилийн нэгэн төгсөлтийнхөн сэргээж сүрлэг овоо болгон өнгөрсөн оны зургадугаар сарын 1-нд зөвхөн хүүхдийн дунд эрийн гурван наадам хийдэг болсон гэсэн түүхийг нутгийн ард ярьж өгч байсан юм.

Эмэгтэйчүүддээ оюуны “хөрөнгө оруулалт” хийв

АН шинэчлэгдэж залуучууд, эмэгтэйчүүдэд ээлтэй болж тэднийг шийдвэр гаргах төвшинд гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлсэн. Энэ тухай АЭХ-ын дара С.Одонтуяа “Манай холбоо бүх бүсийн чуулганд маш идэвхитэй оролцдог. Энэ удаа АН-ын зүүн бүсийн чуулганд тусгайлсан хөтөлбөрүүд бэлтгэж авч ирсэн. Хийсэн ажлуудаа ярилцаж цаашид АЭХ орон нутагт болон дунд бүсдээ хэрхэн ажиллах юм. Мөн төвдөө хэрхэн ажиллах талаар ярилцлаа. Нөгөөтэйгүүр эмэгтэй улстөрч гэж ямар байх ёстой юм. Манлайлал нь ямар байх ёстой юм гэсэн талаар туршлагатай эмэгтэй улстөрчид сургалт хийлээ” гэж ярилаа. Тэр бүр нийслэлрүү очиж сургалтад хамрагдаад байх боломжгүй орон нутгийн эмэгтэй гишүүдийн хувьд яг л тэдний хүсч байсан сургалт “хөрөнгө оруулалт” болсон гэдгийг сургалтад оролцож буй эмэгтэйчүүд хэлж байлаа. Энэ талаар Хэнтий аймгийн ҮБХ-ны гишүүн Э.Цэцэгсайхан “Үзэл бодол нийлсэн олон залуус өнгөрсөн хугацаанд амжилттай ажилласнаа ярилцаж цаашид юу хийх вэ гэдгээ хэлэлцлээ. Аливаа сургалт, цуглаан гишүүдийг бие биедээ илүү ойр, дотно болгож өгдөг. Ингэснээр ажлын бүтээмж ч өндөр болдог сайн талтай” гэдгийг хэлж байлаа.

Ардчилсан Эмэгтэйчүүдийн зүүн бүсийн чуулганд Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез Улсад Суух онц Бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайдаар ажиллаж байсан Ш.Батцэцэг “Эмэгтэй улстөрч” сэдвээр лекц уншсан бол “Намын шинэчлэлд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвээр АЭХ-ын дарга С.Одонтуяа лекц уншиж нийт эмэгтэй гишүүддээ оюуны хөрөнгө оруулсан юм. Мөн энэ үеэр Сүхбаатар, Говьсүмбэр аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн салбар хороодынхоо тамга тэмдэгээ гардаж авсан. Түүнчлэн 2020 он хүртэл ойрын зорилго зорилтуудынх нь талаар гишүүд хоорондоо ярилцаж хоёр өдрийг үр бүтээлтэй өнгөрөөсөн.

Ингээд чуулганд оролцогчдын сэтгэгдлийг хүргэж байна.

Д.Дагвадорж: Ардчилалын үнэ цэнгийг ойлгуулж хойч үедээ өвлүүлэхийн төлөө зүтгэж явна

/Монгол Улсын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч Д.Дагвадорж/

Ардчилсан намын зүүн бүсийн чуулган Хэнтий аймагт хоёр өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Энд сургалт семинарт оролцож үзэл бодол нэгтэй журмын нөхөдтэйгээ ойр дотно байж цагийг үр бүтээлтэй сайхан өнгөрөөлөө. Энэ удаагийн зүүн бүсийн чуулган Эзэн богд Чингис хааны өлгий нутаг Онон мөрний хөвөө Дэлүүн болдогийн зүүн талд түүхт Их Монгол улсыг байгуулж байсан онгон дагшин газар сэтгэл, сүсэг бишрэлээрээ хуран цуглаад байна. Байгаль дэлхий хур бороогоо хайрлан газрын өнгийг засаад сайхан байна. Энэ ч утгаараа бидний холын зорилго маань биелэх мөч ойрхон байна. Энэ зорилгод хүрэхэд олон саад бэрхшээл байгаа ч бид эвлэлдэн нэгдэж ардчилалын үнэ цэнгийг ойлгуулж хойч үедээ өвлүүлэхийн төлөө зүтгэж явна.

C.Доржсүрэн: Залуу үе маань Ардчилалыг улам цааш нь хөгжүүлж өндөрт авч явах ёстой

/Хэнтий аймгийн Биндэр сумын иргэн/

Би Биндэр сумын уугуул оршин суугч. Төрсөн цагаасаа буюу 1933 оноос нутагтаа амьдарч байна. Ард түмэнд эрх чөлөө олгосон Ардчилсан намыг би анх байгуулагдсан цагаас хойш дэмжиж ирсэн. Цаашдаа ч хэзээ ч урваж шарвахгүйгээр дэмжинэ. Хэдийгээр миний хөл муу ч гэсэн намаас зохион байгуулж байгаа ажил, цугларалтад идэхитэй оролцож үзэл бодлоо илэрхийлж залуусдаа зөвлөгөө өгч аль болох дэм болохыг хичээж явдаг. Хүний эрх, эрх чөлөөний төлөө өнөөдрийн нийгмийг цоглоох гэж олон бүлээн цус, халуун амиа золислосныг бид мартах учиргүй. Иймээс энэ их үнэ цэнээр олдсон ардчилал, эрх чөлөөг бид болон залуу үе маань улам цааш нь хөгжүүлж өндөрт авч явах ёстой.

Ж.Ренчиндорж: АН-ын гишүүд ямар нэг ажлыг сэтгэл зүрхнээсээ хийдэг

/Биндэр сумын ахмад/

АН-ын зүүн бүсийн чуулган өнөөдөр сайхан болж байна. Ах нь ахмад гишүүний хувьд хараад баясч сууна. Зохион байгуулалт сайтай сайхан боллоо. Зөвхөн энэ чуулганаас л харахад АН-ын гишүүд ямар нэг ажлыг сэтгэл зүрхнээсээ чанартай хийдэг гэдэг нь илт харагдахаар байна. Манай нутаг бол асах их түүхийн улбаатай өвөг дээдсийн минь онгон дагшин нутаг.

Д.Эрдэнэбат: Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард, нийтээрээ хэлэлцэх ёстой

Эрх баригч нам амласан амлалтаасаа буцаж төрийн албаны наймаа төсвийн мөнгөний тансаглал хэрээс хэтэрч үүгээр ч зогсохгүй төрийн тэргүүний эрхийг хязгаарлахаар башир арга сэдэж уг аргаа хэрэгжүүлэхийн тулд Үндсэн хуульд гар дүрэхээр улайрч буй. Энэ талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас зарим зүйлийг тодрууллаа.

-МАН-аас Үндсэн хуулийг өөрчлөх талаар ард түмний дунд хэлэлцүүлэг явууллаа гэх нэрийн дор хэдхэн хүн Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар дайрч эхэллээ. Энэ талаар АН-ын бүлэг ямар байр суурьтай байна вэ?

-Ардчилсан намын гишүүд дэмжигчид ард түмний төлөөлөл гэж харж байгаа. Тиймээс АН-ыг орон нутагтаа төлөөлж байгаа гишүүд дэмжигчид үндсэн хуулийн ямар өөрчлөлт зүйл заалтыг өөрчлөх ёстой вэ гэж үзэж байгааг бид зайлшгүй сонсох ёстой. Өнөөдрийн чуулга уулзалтаас харахад Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард нийтээрээ хэлэлцэх нь зүйтэй гэдэгт гишүүд санал нэгтэй байна. Чуулганд Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар АН-ын бүлгээс баримталж байгаа байр сууриа тодорхой илэрхийлсэн. АН-ын бүлгээс ажлын хэсэг гарсан. Энэ ажлын хэсэг үндсэн хуулийн өөрчлөлтийг маш өргөн хүрээтэй ард түмэнд эцсийн байдлаар тусгаж нэг мөр шийдэх нь чухал байна. Ардчилсан намын гишүүд дэмжигчид ардчилсан Монгол Улсын үнэт зүйлийг түшиж яваа.

-Тухайлбал Үндсэн хуулийн ямар зүйл заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж байна вэ?

-Орон нутгийн эрх, нутгийн удирдлагын тухай, хот тосгоны эрхзүйн тухай асуудлаар гол сэдэв хөндөж ярих нь зөв гэсэн байр суурийг илэрхийлж байна. Хамгийн энгийн жишээ гэхэд сумын Засаг даргыг сумынхаа иргэдээс сонгодог болмоор байна. ИТХ гэж хоорондоо талцаж ах дүү, төрөл садан намаараа талцаж намын даргаар тавьдгаа болимоор байна гэсэн шүүмжлэл их гарч байна. Үүнийг би энэ чуулган ирсэн зөвхөн манай намын гишүүдийн санал гэж ойлгохгүй байна. Энэ бол улс нийтээр тулгамдаж байгаа асуудлын нэг.

-АН-ын зүүн бүсийн чуулган боллоо. Энэ удаагийн чуулган өмнөх чуулганаас ямар онцогтой болж байна вэ?

-Бүсийн чуулганд бид намынхаа дотоод асуудал, гишүүдийнхээ үгийг сонсдог уламжлалтай. Энэ жилийн чуулган хүрээгээ тэлж өргөн болж байна. Уг чуулганаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн мэдээллийг намын гишүүд дэмжигчдэд өглөө. Мөн 2016-2017 оны хооронд Ардчилсан намын алдсан алдаа, олдсон ололт амжилтын талаар ярилцлаа. Өнгөрсөн хаврын чуулганаар АН-ын бүлэг юу юу хийсэн талаар мэдээлэл хүргэлээ. Мөн одоо гол асуудал болоод байгаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар АН-ын бүлэг мэдэгдэл гаргаж нийт намынхаа гишүүдээр үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар УИХ-аас гаргасан төсөл болон нэмэлт ямар асуудал байж болох саналыг сонсч байгаа.

Ж.Батзандан: Уул уурхайн өгөөж ард түмэнд хүртэхгүй байгааг өөрчлөх ёстой

Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас зарим зүйлийг тодрууллаа.

- 1992 оны Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулж зайлшгүй өөрчлөх шаардлага байгаа хэмээн эрх баригчид үзэж байгаа. Гэсэн ч албан тушаалтан, эрх мэдэлтэнгүүдийг хамгаалж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэсэн санаархал бий?

-Энэ жилийн Ардчилсан намын зүүн бүсийн чуулган их өргөн болж байна. Аймаг, дүүрэг бүрээс 150-200 гаруй хүн оролцож байна. Намын гишүүд зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд идэвхитэй оролцож буй нь анзаарагдлаа. Чуулганы үеэр олон сургалт мэдээлэл зохион байгуулж байгаа. Үүний нэг нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар хэлэлцүүлэгийг хийсэн. Энэ хэлэлцүүлэгт УИХ-ын ажлын хэсгийн гишүүний хувьд намынхаа гишүүдэд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль, зөвлөлдөх санал асуулгаар гарсан саналууд, мөн УИХ-аас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар орон даяар иргэдийн саналыг авах үйл явц өрнөж байгаа талаар танилцуулга хийсэн. Мөн намынхааа гишүүдийн санал бодлыг сонсох, тэдний саналыг авах чухал үйл явдал Хэнтий аймгийн Биндэр суманд боллоо.

-Намын гишүүд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах үнэтэй саналыг хэлж байгаа байх?

-Тийм ээ. Тухайлбал, Биндэр сумын АН-ын ахмад гишүүн Үндсэн хуулиа өөрчлөхдөө төрийнхөө сүлдийг өөрчлөх асуудлыг анхаарах хэрэгтэй. Монгол Төрийн сүлд илүү агуулгатай монголчуудын ёс заншил уламжлалыг хамгаалсан байх ёстой гэсэн саналыг гаргаж байна. Баян-Адарга сумын иргэн Н.Туяа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа сумын Засаг даргыг бүх гишүүдээс сонгодог болох өөрчлөлтийг хийгээсэй гэсэн санал гаргасан. Түүнчлэн БЗД-ийн иргэн Н.Батцогт нийслэл нь хотод хуваагддаг. Хот нь дүүрэгт хуваагддаг орчин үеийн захиргааны шинэчлэлийг тусгаасай билээ. БЗД, СХД хот болон хөгжих ёстой, хотын хөгжлийн төлөвлөгөөтэй болох ёстой гэсэн саналыг гаргаж байна. Хөдөөгийн иргэд орон нутгийн статустай хотыг бий болгох зайлшгүй шаардлагатай гэсэн саналыг хэлж байсан.

-Уул уурхайн баялагаас ард түмэн хүртэж чадахгүй байна. Цөөхөн хэдэн гэр бүл хувааж авч байгаа талаар хэлдэг. Гэсэн ч энэ талаар дорвитой хийсэн алга харагдахгүй байна. Үндсэн хуулийн өөрлөлтөд энэ тухай хэрхэн тусгах ёстой юм бэ?

-Сүхбаатар аймгийн төлөөлөгчид уул уурхайн баялагаас монголын ард түмэн хувь, хувьцаа хүртэх тухай, орон нутгийн оролцоо хувийг Үндсэн хуульд тусгай тухай ярьж байна. Өнөөдөр уул уурхайн баялаг, стратегийн ордуудаас орон нутаг хүртэж чадахгүй байгаа гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа. Ард түмэнд өгөөж нь хүрэхгүй байгааг Үндсэн хуулиар хуульчлах тухай ярьж байна. Иргэд Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт идэвхитэй оролцож байна. Иргэдийнхээ саналыг тусгааад бид удахгүй УИХ-д өргөн барина.

Урлаг, спортын тэмцээнд нийт дүнгээр Дорнод аймгийн АН тэргүүллээ

Хэнтий аймгийн Биндэр суманд зохион байгуулагдсан Ардчилсан намын Зүүн бүсийн чуулганы үеэр Хөл бөмбөг, волейбол, олс таталт, усны буухиа, дардс, морин барилдаан, Х.О тэмцээнүүд зохион байгуулагдсан бөгөөд тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар МУ-ын спортын мастер, дасгалжуулагч, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Ренчингийн Тамир ажиллалаа. Оролцсон аймгууд тэмцээнүүдэд дараах байрыг эзэллээ.
Хөл бөмбөг:
1-р байр Багануур дүүрэг
2-р байр Дорнод аймаг
3-р байр Хэнтий аймаг
Волейбол:
1-р байр Сүхбаатар аймаг
2-р байр Дорнод аймаг
3-р байр Хэнтий аймаг
Олс таталт:
1-р байр Баянзүрх дүүрэг
2-р байр Сүхбаатар аймаг
3-р байр Говьсүмбэр аймаг тэмцээндээ амжилттай оролцлоо

 

 

ЭХ СУРВАЛЖ:DEMPARTY.MN

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?