ДАНХЫН АЮУШ (1938-2017)
Үр хүүхэд биднийхээ ачит аав, ач, зээ нарынхаа амин хайртай өвөө Д.Аюуш хүнд өвчний улмаас 2017 оны наймдугаар сарын 27-ны өдөр ертөнцийн мөнх бусыг үзүүлэн таалал төгсөж үр хүүхэд, ач зээ, ах дүү, төрөл төрөгсөд бидэнд хүнд уй гашуу тохиолоо.
Бидний хайрт аав Д.Аюуш нь 1938 онд Архангай аймгийн Эрдэнэмандал суманд Данхын ууган хүү болон мэндэлжээ. Аав минь ухамсарт бүхий л амьдралаа хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө зориулсан ач буянтай хүн. Насаараа хүн ардынхаа эрүүл мэндийн харуул манаанд зогссон аав маань 1957-1958 онд Архангай аймгийн Төв эмийн санд рецептар, 1958-1960 онд Эрдэнэмандал суманд Эмийн сангийн эрхлэгч, 1960-1969 онд Улаанбаатар хотод Эм Хангамжийн Үйлдвэрийн Газарт тасгийн эрхлэгч, дефектар, 1969-1970 онд Архангай аймгийн Батцэнгэл сумын Эмийн сангийн эрхлэгч, 1970-1977 он хүртэл Архангай аймгийн Хайрхан суманд Эмийн сангийн эрхлэгч, 1977-2000 он хүртэл Архангай аймгийн Эмийн Сангуудыг Удирдах Конторт ня-бо, дефектар, рецептар хийж байгаад 2000 онд өндөр насныхаа тэтгэвэртээ гарсан юм.
Хайртай аавын минь 44 жилийн эцэж цуцашгүй хөдөлмөр бүтээл, сэтгэл зүтгэлийг төр, засгаас өндрөөр үнэлж IV, V, VI таван жилийн гавшгайч цол тэмдэг, 1973 онд Засгийн газрын “Жуух бичиг”, 1998 онд Монгол улсын засгийн газрын шагнал “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдэг, 2016 онд Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор тус тус урамшуулан шагнасан юм.
Аав минь өрх гэрийнхээ хугарашгүй ноён нуруу, элбэрэлт ээжийн минь халамжит хань, үр хүүхэд биднийхээ өмөг түшиг байсан юм. Хүн чанарыг эрхэмлэн дээдлэх, эрдэм мэдлэгт шамдан суралцахыг бага балчир цагаас бидний ой ухаанд суулгасан ухаантан юм .
Даруу төлөв зан, хүнлэг, нийтэч сайхан чанар, өөрийгөө үл тоон бусдын төлөө санаа тавьдаг зан төлөвийг хайрт ааваасаа л бид өвлөсөн.
Уулзах бүртээ инээж угтдаг аавын минь инээмсэглэсэн гэгээн дүр төрх, бусдыг хайрлах эрхэм нандин чанар нь үр хүүхэд бид бүхний сэтгэл зүрхэнд үүрд мөнх орших болно. Тэнгэрийн орондоо тавтай морил доо, аав минь.
Үр хүүхэд, ач зээ, ах дүү, төрөл төрөгсөд, ойр дотны нөхөд нь
2017 оны 8-р сарын 30