Нийслэлчүүдийг чирэгдүүлсэн алдаатай шийдвэр гаргасны төлөө хотын захирагч Су.Батболд та хариуцлага хүлээх ёстой. Энэ бол хөгжингүй орны, нийслэл хотуудад мөрддөг энгийн жишиг. Та ч, таны баг ч үндэслэл муутай судалгаанд суурилж гаргасан "ЗҮҮН ЭРГЭХ"-ийг хориглосон шийдвэрийнхээ төлөө хариуцлага үүрэх ёстой. Нийслэлчүүдийг 14 хоногийн турш чирэгдэлд учруулж, бухимдлаар амьсгалуулсан алдаатай шийдвэрийнхээ төлөө телевизээр уучлал гуйсан болоод мултрах нь хотын дарга, удирдагчийн эрхэмлэх ёс зүйд нийцэхгүй. Хотын төвийн гол гол уулзварыг зүүн эргэхийг хориглох үед салхинд хийсгэсэн улсын төсөв, иргэдийн хөрөнгө мөнгийг Та л хариуцах учиртай.
Иргэдийн мөнгөн дүнг тооцох боломжгүй бол улсаас төсөвлөн зарцуулсан хөрөнгө мөнгөнд хотын дарга Та нэн даруй тайлбар өгөх учиртай. Зүүн эргэхийг хориглосон операцид нийтдээ нэг тэрбум төгрөг төсөвлөн зарцуулсан гэдэгт ч тайлбар өгөхийг иргэд шаардаж байна. Нийслэлчүүдийн амьдрал ахуйг дээшлүүл, хөдөлмөрлөх, аж төрөх нөхцөлийг сайжруул гэж Таныг болон таны багийг сонгосон. Харин байгааг нь улам дордуул, дээр нь чирэгдэл үүсгэж, бухимдуул гэж сонгоогүйг сануулья. Та өөрийгөө хариуцлага үүрэх ёстой гэж үзэж байна уу? ингэхэд. Хэрвээ үзэж буй бол Та ямар хариуцлага хүлээх гэж байна вэ, хотын дарга аа.
Ц.ХИШГЭЭ