Өмнөд солонгосын ард түмний жаргалтай тайван амьдрал үргэлжилсээр. Ганцхан сар болоод ирэхэд л энэ улсад зөндөө их юм өөр болсон байдаг юм. Энэ зун гэхэд л суудаг хотын маань замын уулзвар дээр гэрлэн дохио хүлээж байгаа хүмүүст нар, борооноос халхалсан авсаархан, донжтой халхавч хийсэн ч байх шиг. Сургуулийн номын сангийн дэргэд байдаг хөшөөний өмнөх талбайн чулуун хавтан сайхнаараа байтал бүр илүү болгоод цагаан гантиг суулгасан нь үзэмжтэй болжээ. Ийм л энгийн жишээ гэхэд олныг дурдаж болно.
Гэтэл Умард солонгос бараг л “өдөр алгасахгүй” шахам цөмийн туршилт хийж сүржигнэх боллоо. Энэ 9 дүгээр сарын 3-ны Ням гаригийн өглөө сэрэхэд л тэд аймшигт цөмийн туршилт нутаг дэвсгэр дээрээ хийжээ.
Сөүл хотоос 400 гаруйхан км зайтай газар цөмийн бөмбөг туршсан байна. Хүч чадал нь хэмжээлшгүй их ажээ. Тэр орчим нь, хил залгаа хятадын бүс нутагт 6 илүү баллын газар хөдөлсөн байна. Зурагтаар мэдээ харахад 1945 онд Японд дэлбэлсэн цөмийн бөмбөг шиг мөөгөн үүл тэнгэр тулан харанхуйлж, хил залгаа хятадын суурин хотын өндөр өндөр орон сууц дайвалзан, таазан дахь гэрлийн шилэн бүрхээрийн нь унжлага жингэнэн сажигнан савж, орны даавуугаа санд мэнд нөмрөн гадаа гүйн гарсан шалдан хүн, сандралдсан хүмүүсийн дүрс, яриа гарч байна.
Сөүлийн, улсын бүх телевизийн сувгаар өнөөдрийн Ням гаригийн амралтын өдөр турш албаны хүмүүс, судлаачид цөмийн бөмбөг туршсан аюулын талаар мэдээлж, үүх түүхтэй нь тайлбарлан ярьж байна.
Японы ерөнхий сайд, албаныхан, БНСУ-ын Ерөнхийлөгч, Батлан Хамгаалах Яамны сайд мэдэгдэл хийж, БНАСУ-д хатуу анхааруулж байна.
Зурагтын мэдээгээр харахад Умарт солонгосын төв телевизийн нэртэй нэвтрүүлэгч бололтой, үндэсний хувцсаа өмссөн, 70 гаруй насны нэвтрүүлэгч эмгэн сүртэй нь аргагүй, уянгалсан, гуншсан хоолойгоор цөмийн бөмбөг амжиллттай туршсан тухай мэдээ уншиж, тэр үедээ нүүрэндээ инээмсэглэл тодруулж, улсынхаа сүр хүчийг бадруулан магтаж байгаа бололтой унших нь инээд биш гэдгийг энэ эмгэн ч, ард түмэн ч мэдэхгүй л байгаа байхдаа гэмээр. Социалист, коммунист үзэл сурталын тийм дуу хоолой ийм л сүржин, худлаа байдгийг бол бид сайн мэднэ дээ.
Энэ өдрийн оройн 20 цаг орчмоос цагийн зөрүүгээр АНУ-д өглөө болж, унтаад сэрэхэд нь ямар аюултай юм болсныг албаныхан нь мэдэж, цуглан хуралдаж, мэдэгдэл хийж эхэлсэн тухай мэдээ солонгосын телевизээр оройхон гарч эхэллээ.
Коммунист дэглэмийн үед манай ард түмэн ямагт Умарт солонгосыг өмөөрч, дуу шүлэг зохиож, тэднийг магтаж ирсэн.
Өмнөд Солонгос, АНУ л хөрөнгөтөн орон болохоороо 1950-иад оны хоёр солонгосын дайныг эхлүүлэн, эзлэн түрэмгийлэх гэсэн гэж тун саяхан болтол бид ойлгож, зүхэж ирсэн. Гэтэл тэр дайныг харин БНАСУ эхлэн довтолж, эхлүүлсэн нь хөдөлшгүй түүхэн үнэн байсныг бид хожим олон арван жилийн дараа сая мэдсэн. Даанч олон жил бид тийм л буруу ойлголттой байж, коммунист үзэл сурталд тархиа угаалгасан байж билээ.
Одоо Монгол Улсын хорь, гучин мянган хүн БНСУ-д тархан амьдарч байна. Солонгосын бэр болсон хэдэн зуун хүүхнүүд энэ оронд бий. Оюутан, хүүхдүүд, ажилчид, ажил хэрэгч хүмүүс зэрэг олон монгол хүн энэ улсад амьдарч байна.
1990-ээд оны эхээс эхэлж, нийгмийн шилжилтийн хүнд бэрх үед энэ улсад олон монгол залуучууд гэрээгээр болон “хараар” ажиллаж байлаа. Бараг айл өрх, хамаатан садан, аймаг сум бүрээс монгол хүн БНСУ-д ажиллаж, аж амьдралаа дээшлүүлсэн, улсынхаа ачааг хөнгөлсөн, буянтай, ээлтэй орон билээ.
Гэтэл одоо цөмийн дайны аюул хаяанд тулж, энэ улсын ард түмэн ч, энд амьдарч, ажиллаж байгаа монголчууд ч дарьтай торхон дээр сууж байгаа юм шиг мэдрэгдэх өдөр хааяа гарч байна. Гэсэн ч БНСУ-ын ард түмэн жаргалтай, тайван амьдарч байна. Хил хязгаар нь найдвартай хамгаалалтанд байна.
Ерөнхийлөгч, албаныхан, цэргийнхэн нь бол нойр хоолгүй ажиллаж, сонор соргог байж, солонгосын хойгийн энх амгалан, амар тайвныг найдвартай сахин хамгаалж байгааг нь өдөр бүр бид мэдэрч, бахархаж сууна.
Монгол улсад Умарт солонгосын хичнээн ажилчин гэрээгээр ажиллаж, тэдний цалин хөлсний хэдэн хувь нь улсдаа очиж, цөмийн зэвсэг үйлвэрлэх, туршихад хувь нэмэр болж байгаа бол гэж бодогдох юм.
Солонгосын хойг, бүс нутаг, дэлхий дахинд БНАСУ-аас заналхийлж байгаа цөмийн дайны аюул манай оронд ялангуяа БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа олон зуун мянган монгол хүнд бодитой аюул учруулахаар байгаа тул манай төр засаг ч тэдний эсрэг эдийн засаг, улст төрийн эрс хориг арга хэмжээ авах нь зүйтэй санагдаж байна.
Хүйтэн дайны үед коммунист үзэл суртлын хэрэгсэл болсон монголын уран зохиол, яруу найрагт:
“Дайсан биднээс далдуур
Дарь хүхэрээ бэлдэж байна
Алаг үрсийн минь толгой дээр
Атомын бөмбөг цэнэглэж байна” гэсэн утгатай дууг нийтээрээ дуулдагсан. Тэр дайсан нь тэр үед АНУ тэргүүтэй хөрөнгөтөн орон гэдэг байлаа. Гэтэл өнөөдөр бидний нөхөр, анд, нэг системийнхэн гэж олон жил магтаж, өмөөрч ирсэн улс дахиад л дайныг өдөөж, аюулт зэвсэг үйлдвэрлэж, туршиж, дэлхий дахиныг цочроож байна.
“Театрын тайзан дээр жүжгийн эхэнд хананд өлгөсөн буу зэвсэг харагдсан бол жүжиг төгсөхөд заавал нэг дуугарсан байх ёстой” гэдэг тайзны урлагийн зарчим бий. “Үхэхдээ үхэр буугаа тавина” гэдэг монгол ардын үг ч бий. Гэхдээ үеэ өнгөрөөж буй дэглэм, тоталитор засаглалыг басаж болохгүй.
“Сүх далайтал үхэр амар” гэдэг ч дайны аюулыг сэрэмжлэх, хамтын тэмцэл л аюулыг хазаарлаж ирсэн түүх бий.
Өнөөдөр Сөүл болон бусад хотод тайван амгалан байна. БНСУ-ын ард түмэн аз жаргалтай амьдарч, хөгжил дэвшил нь өдөр бүр урагшилсаар мандан хөгжиж байгааг бид өдөр тутам харж, мэдэрч байна. Энэ орны тийм их жаргалыг Умарт солонгосын жирийн ард түмэн, залуучуудад нүдийг нь нээтэл, чихийг нь онгойтол харуулж, сонсгож, мэдрүүлэхсэн.
Хүчирхэг БНСУ-ын төр засаг ард түмнээ амар амгалан амьдруулж, жаргал цэнгэлд умбуулж байна.
2017.9.03
Р.ЧҮЛТЭМСҮРЭН