Монголчууд юм юм сонирхох болсон цагт Буянгийн Жаргалсайхан ротфеллер нохой тэжээж байсан гэдэг. Нохойгоороо гангарч байсан гэж ч хэлж болно, түүнийг. Ротфеллер нохой бол маш догшин араншинтай, дээр нь эзэнтэйгээ байр суурь булаацалдаж, зиндаархдаг гэдгийг бие сэтгэлээсээ мэдэрсэн анхны монгол хүний нэг гэж түүнийг хэлдэг. Үнэхээр ч монгол банхар шиг эзэндээ үнэнч, герман овчарк шиг дуулгавартай зан түүнд байхгүй гэж ротфеллер тэжээгч нар хэлэх болсон. Гадагшаа гаргаж, салхилуулах бүртээ заавал оосор, бүчтэй, дээр нь амны хаалттай авч явна. Эс бөгөөс хүн, нохой бүхнийг барьчих, урж тастчих гээд аюултай. Гэртээ байлгаад байхаар мөн л ноёрхол тогтоох гэж аашлана. Ялангуяа бага насны хүүхэдтэй хүн болгоомжилохоос өөр замгүй. Ингэж найз нөхөддөө Жагаа дурссаныг сонссон хүн бий. Эзэнтэйгээ зиндаа булаацалдан тэрсэлдэх нохойноосоо салахын түүс болсон Жагаа нохой сонирхогч найздаа ротфеллерээ бэлэглэсэн байдаг. Үнэ хаяж авсан нохойг нь бэлгэнд авсан найз нь ч удаж төдөлгүй нохойн сургуулийн эмч анддаа бас бэлэглэж санаа амарсан түүхийг энд өгүүлье. Ямар ч нохойноос айдаггүй гэж хүн бий. Нохойг захирагч гэж. Нохойн сургуулийн эмч "Н" бол тийм л хүн гэж нөхөд нь хэлдэг. Нүцгэн гараараа л ямар ч нохойтой тулна. Ямар ч догшин нохойг номхруулж чаддагаараа алдартай тул ротфеллер нохойноос огт эмээлгүй гэртээ аваачсан байдаг. Хоёр хүүхэд нь баярлаж, эхнэр нь ч дургүйцэлгүй хүлээж авсан баяр хөөр нь тийм ч удаан үргэлжлэхгүй гэдгийг тэр таамаглаагүй аж. Ротфеллер ч өдрөөс өдөрт ноёрхлоо гэр оронд нь тогтоож эхэлснийг шөнийн бор хоногтоо гэртээ ирэх "Н" хэсэгтээ анзаарсангүй. Гэрт нь найз нөхөд нь ч орохоос эмээдэг болжээ. Хүүхдүүдийнх нь ангийн хүүхдүүд бүр шагайхаа ч больсон гэнэ. Ротфеллер зиндаагаа тогтоож амжжээ. Яваандаа ганцхан хүний үгэнд л дуулгавартай ордог болсон байна. Нохойн сургагч эмч, гэртээ авчирсан "Н"-ийг ч үл тоож, хоол тэжээл өгөгч эхнэрийх нь үгэнд л дуулгавартай ордог болжээ. Хүнтэй адил хоолны ширээний ард сандал дээр суулгаж хооллож анхнаасаа сургасан учир эзэдтэйгээ нэг зиндаанд хооллоно. Эхэндээ хоолоо идчихээд дуугүй буугаад явчихдаг байсан ротфеллер нь үр хүүхдийнх нь тавагтай хоолыг булаадаг болсон гомдлыг гэрийн эзэн сонсчээ. Ажиглавал хүү, охин нь турсан ч юм шиг. Зөвхөн булаалгасан тавагтай хоолноос биш гэдгийг нь анзаарсан гэрийн эзэн зориуд эрт ирж хамтдаа хоолложээ. Үнэн худлыг өөрийн нүдээр үзэхээр шийджээ. Тэгтэл, ротфеллер нохой нь тавагтай хоолоо идчихээд, нэг архираад дэргэд нь суугаа хүүгийн хоолыг, дахин нэг архираад эгчийнх нь хоолыг булаан идэхийг хараад "Н" тэссэнгүй. Ротфеллерийг зандартал өөдөөс нь араа шүдээ ярзайлган архирсан байна. Эмч "Н" ротфеллерийг зодож занчсан ч, ротфеллер мөчөөгөө өгөхгүй гэдгээ бас үзүүлсэн тул балкон дээр хонуулан шийтгэжээ. Санаа нь зовсон гэрийн эзэн маргааш нь оройтолгүй ирсэн тул хүүхдүүдийнх нь хоолыг булаах явдал давтагдсангүй. Харин орой тийшээ унтлагынхаа өрөөнд орох гэтэл ротфеллер нохой түүн лүү архиран, улмаар эхнэрийнх хажууд орон дээр нь гараад хэвтжээ. Ойртвол улам архирах учир тэсвэр алджээ. Гар хуруугаа уруулан байж, зодож занчиж, чирж гулдран намрын сэрүүн орсон шөнө балкон луу гаргаад шидчихжээ. Хаалгыг нь түгжээд хоёр хоног хоол ч өгөлгүй шийтгэсний эцэст зоригтой нохой сураглаад байсан найздаа бэлэглэж санаа амарчээ. Гэр орных нь ч тайвширчээ. Тэгтэл сарын дараа нөгөө найз нь утасдахад нь санаа түгшин авбал, - Дахиад өөр ротфеллер байна уу? гэж асуусан нь эмч Н-ийг гайхашруулжээ. Яагаад гэтэл, - Сайн нохой юм билээ. Маш зоригтой, хүчтэй. Агуулахдаа сул тавьсан. Би өөрөө л хооллодог тул ганцхан миний л үгэнд ордог. Агуулахын эзэн болсон. Манайхны нэг сурсан зангаараа бараа хулгайлах гэж ороод ротфеллерт бариулснаас хойш бараа алдагдах явдал бүрмөсөн зогссон. Найзад нь, хоёр дахь агуулахдаа манаач тавих бас нэгэн ротфеллер хэрэгтэй байна гэж түүнээс шалжээ. Ийм нэгэн сонирхолтой түүхээс хуваалцав. Ротфеллер нохой бол эзэн зантай, зиндаархдаг нохой юм билээ. Түүнийг гэрт тэжээх нь аюултай. Харин агуулахад бол түүнийг давах манаач үгүй гэдэг. Тэр бол эзэн, зиндаа тогтоогч нохой ажээ.
Ц.БАТТУЯА