Нүүрс болон газрын дорхи баялгийг эрх баригч нам, түүний мэдлийн компаниуд гадагш нь тээвэрлэдэг. Тэгвэл бусад салбарын сайд нар ч бүтээх гэхээсээ илүү мөн л баялагаа гадагш нь тээвэрлэх сэтгэлгээгээр ажиллаж байна.
Хөдөө аж ахуйн яам гэхэд л мах экспортлох нэрээр хамаг малаа барах ажилд ханцуй шамлан оржээ.
-Иран улс долоо хоногт 650000 ( зургаан зуун тавин мянган) хонь авья ( долоо хоног бүр шүү. Сардаа 2,5 сая, жилдээ 30 сая)
-Жилд 90 сая үхэр идэш уушиндаа хэрэглэдэг Хятад улс 4-хэн сая үхэртэй Монгол улсаас үхрийн мах авья. Тэгэхдээ тасралтгүй авья гэдэг асуудал яригдсан тухай Сэргэлэн сайд ярьж байна. Мэдээж энэ тоогоор өгөх боломжгүй нь ойлгомжтой. Тэгвэл 60 сая малаа нэг жил хүрэхгүй хугацаанд барж, монголчууд ёстой л модоо барихад хүрнэ. Ингэвэл нүгэл болно. Тэгэхээр махаа экспортлох нэрийн дор Сэргэлэн сайд маань монголын малыг барчихгүй байлгүй дээ гэж итгэе. Мал ихэссэн, бэлчээр багтахаа больсон, бэлчээрийн даац хэтэрсэн гэдэг бий. Тийм байж болно. Малын бүтэц ч алдагдсан байх талтай. Түүнийг зас залруул, бодлогоо гарга, хэрэгжүүл, зохицуул гэж салбар хариуцсан сайдыг томилдог. Тэгвэл энэ талаар сайд юу хийсэн бэ? гэдгийг асуух цаг иржээ.
Монгол морийг хөлөөр нь гаргахгүй гэдэг шийдвэр гаргасанд Монголчууд жилийн өмнөөс тайвширсан боловч, Монгол морийг урагш нь гаргах ажил огт зогсоогүйг Хүрэлсүх сайдад ч, сайд Сэргэлэн танд ч дуулгах нь илүүдэхгүй болов уу. Цаг минут бүрт монгол морийг нядалж буй түгшүүртэй мэдээллийг иргэд мэдээлсээр байна. Таван төгрөгнөөс адуугаа зөөж буй монголчууд "Монголын адуу ингээд дуусах нь ээ" хэмээн сэтгэл өвдөхдөө халаглаж сууна. Ийм л байна даа, сайд минь. Монголын баялгийг үрж зарах ажлыг хэн ч хийж чадна. Төртэй, төргүй, засагтай, засаггүй, тантай, тангүйгээр. Төр гэж байгаа бол, төрийн өмнөөс салбар хариуцсан сайд гэж заларч суугаа бол салбараа хөгжүүлэх дорвитой хөгжлийн бодлого танилцуулаасай, бэлэнчлэх, наймаачин сэтгэлгээнээсээ юуны өмнө салаасай гэж хүсье.
Хийж байгаа үйлээр нь хүнийг дүгнэж болно. Тэгвэл Монголын Засгийн Газар, түүний сайд нар баялагийг бүтээх замыг биш, баялгаа гадагш нь зөөхийг чухалчилсан нь дэндүү гунигтай.
Ц.ЭНХБАТ