УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ ОХУ-ын Дорнодын цэргийн тойргийн командлагчийн үүрэг гүйцэтгэгч дэслэгч генерал А.Ю.Чайко тэргүүтэй төлөөлөгчдийг Батлан хамгаалах яаманд хүлээн авч уулзлаа.
Уулзалтанд Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, бригадын генерал Ч.Сосорбарам, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат болон БХЯ, ЗХЖШ-ын удирдах албаны хүмүүс оролцлоо.
Уулзалтын эхэнд Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ: Дорнодын цэргийн тойргийн Командлагчийн үүргийг гүйцэтгэгч их ажилтай байгаа ч бидний хүсэлтийг хүлээн авч Монгол улсад зочлон ирж, Монгол Оросын хамтарсан хээрийн сургуулийн ажиллагаанд оролцож байгаад талархаж буйгаа илэрхийлээд эртний уламжлалт найрсаг харилцаатай манай хоёр улсын харилцаа шинэ нөхцөл байдалд стратегийн түншлэлийн хүрээнд бэхжин хөгжиж байна. Хоёр улсын чухал бүрэлдэхүүн хэсэг Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн зууны эхнээс эхтэй, манай эх орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалсан шилдэг хөвгүүдийн цусаар гагнагдсан дайчин замналтай бөгөөд манай ард түмэн энэ уламжлал, дайчин нөхөрлөлийг хайрлан хүндэтгэж үргэлжлүүлж байдаг юм. ОХУ-аас манай Зэвсэгт хүчний зэвсэглэл, техникийн шинэчлэн сайжруулахад ихээхэн хэмжээний зэвсэглэл, техникийн тусламж үзүүлж, Монголын Зэвсэгт хүчний албан хаагчдыг ОХУ-ын цэргийн академи, их дээд сургуулиудад хөнгөлөлттэй нөхцлөөр болон тусламжийн журмаар сургаж байгаад гүн талархалтай байгаа гэдгээ илэрхийллээ. Мөн энэ жил 10 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа хамтарсан хээрийн сургуулийн ажиллагаанд Командлагчийн үүрэг гүйцэтгэгч та оролцож манай Зэвсэгт хүчний удирдлагатай хамтын ажиллагааны асуудлаар яриа хэлэлцээ хийж байгаа нь их ач холбогдолтой хамтын ажиллагааны нэгэн шинэ хуудас болж байна гэдгийг онцолсон юм.
Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгугийн урилгаар энэ оны 4 сард Аюулгүй байдлын асуудлаарх Москвагийн олон улсын бага хурал болон өнгөрсөн 8 сард ОХУ-д болсон Олон улсын цэргийн наадам "Армия-2017"-ийн хаалтын ажиллагаанд оролцох үеэр тус улсын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгутай уулзалт хийсэн билээ. Энэхүү уулзалтын үеэр хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны олон асуудлаар ярилцахдаа Монгол Улсын Зэвсэгт хүчин, ОХУ-ын Дорнодын цэргийн тойргийн харилцааг хуучин уламжлалын дагуу сэргээн хөгжүүлэхийг санал болгоход армийн генерал С.К.Шойгу дэмжиж байсан юм.
ЭХ СУРВАЛЖ:БХЯ