МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРААС ХЭЛМЭГДЭГСДИЙГ ДУРСАХ ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017-09-09  

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдөр орон даяар хүндэтгэн дурсдаг билээ.  Монгол Улсад  улс төрийн хилс хэргээр лам хувраг, эрдэмтэн сэхээтэн, ард иргэдээ хоморголон хэлмэгдүүлсний 80 жилийн ой энэ онд тохиож байна. Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс хамтарч лам хуврагуудыг олноор цаазлан хороосон газар болох Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх Хамбын овоонд өнөөдөр их үдэд  хэлмэгдэгсдийг хүндэтгэн дурсах, хойч үеийнхэнд эргэн сануулах, болж өнгөрсөн түүхэн гашуун сургамжийг иргэдэд таниулан сурталчлах зорилгоор эргэн дурсан хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгууллаа.

Уг үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул, Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн Д.Цогтбаатар, Цагаатгах ажлыг зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн дарга П.Нарандалай, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн, хамба лам Д.Чойжамц, Дашчойлин хийдийн тэргүүн, хамба лам Ч.Дамбажав, “Соёмбо сүм” ТББ-ын тэргүүн Б.Ариунбуян, Сонгинохайрхан дүүргийн ИТХТ-ийн дарга Мөнхцэцэг, Японы эрдэмтэн Акира Оно нарын зэрэг албаны хүмүүс, жүжигчид, уран бүтээлчид, лам хувраг, сурагч хүүхдүүд, ард иргэдийн төлөөлөл оролцлоо.

Энэхүү түүхэн газрын орчмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар дархалж, түүхэн хүндэтгэл, дурсгалын сүм барих талаар Засгийн газарт чиглэл өгсөн зарлигийн эхийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас бэлтгэж байгааг энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан хуран цугларсан олонд дуулгалаа. Энэ орчимд нийтдээ 1886 метр буюу 16 га газарт хэлмэгдэгсдийн хороож булсан байдаг ажээ.

Мөн их хэлмэгдүүлэлийн гашуун сургамжаас өгүүлсэн Д.Энхболдбаатарын зохиол “Амьдрал чиний төлөө” жүжгийн хэсгээс Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид тоглож үзүүлэв.

Монголын төрийн дээд шагнал-Чингис хаан одонт, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёогийн цомнол, Төрийн шагналт Х.Билэгжаргалын хөгжим “Гэрэл сүүдэр” дуурийн хэсгээс Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Бүүвэйбаатар, найрал дуучид хэсэгчлэн толилуулав.

Дурсгал, хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн, хамба лам Д.Чойжамц, Дашчойлин хийдийн тэргүүн, хамба лам Ч.Дамбажав, Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн Д.Цогтбаатар, Японы эрдэмтэн Акира Оно нарын зэрэг хүмүүс үг хэлж, хэлмэгдлийн гашуун сургамж, хожим хойно хэлмэгдлээс хэрхэн сэргийлэх, монголчууд эв эетэй байхын чухлын талаар үг хэлцгээв.

 

 

ЭХ СУРВАЛЖ:PRESIDENT.MN

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?