“ГЭР БҮЛ – ХҮҮХДИЙН ХҮМҮҮЖЛИЙН АНХДАГЧ ОРЧИН” ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨНИЙ ҮНДСЭН ИЛТГЭЛ

2017-09-15  

Сайн байцгаана уу, хүндэт ээж аавуудаа. Хүндэт зочид оо.

Үр хүүхдээ өсөж хөгжихийг нь өлгийтэй байхаас нь хоног тоолон хүлээж, өсөж том болсон хойно нь ч алдах вий эндэх вий гэж сэтгэл түгшдэг, сурсан бүхэнд нь баярлаж, тэгш дүүрэн амьдралыг тэдэнд ерөөдөг эцэг эхчүүд бидний гэр бүлийн жаргал, зовлон адилхан.  

Өнөөдрийн зөвлөгөөний нэр “Гэр бүл бол хүүхдийн хүмүүжлийн анхдагч орчин”. Юуны өмнө энэ сэдвийг ярилцах санаачлагыг хүлээн авч, халуунаар дэмжсэн Монгол улсын Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Ерөнхий сайдад талархал илэрхийлмээр байна. Эдийн засгийн хамгийн хүнд үед үе үеийн засгийн газруудаас илүүтэй хамгийн их ач холбогдол өгч, салбарт тулгамдсан асуудлыг цаг алдахгүй шийдэж байгаа Ерөнхий сайдад талархал илэрхийлэхэд сэтгэл хангалуун байна.

Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээг өргөжүүлж, хамгаалал шаардлагатай хүүхдийг байрлуулах байртай болгож, анх удаа нийгмийн ажилтнууд, хамтарсан багуудыг сургах тогтолцооны эхлэл болсон сургалт мэдээллийн төвийг байгуулахад, хараа хяналтгүй хүүхдүүдийг амьдралд хүргэх төвийг байгуулахад, бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд стратегийн өмгөөллийн үйлчилгээ эхлүүлэхэд, анх удаа залуучуудын хөгжлийг дэмжих хуулийг батлахад, гэр бүлийн хүүхдийн хөгжлийн үйлчилгээний хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд энэ Засгийн газар анхаарч, маш богино хугацаанд их зүйлийг шийдлээ.

Гэр бүл бол хүн төрөлхтөн үүссэн цагаас эхлэн, өнөөг хүртэл хамтын амьдралын хувьд ч, хэлбэр зохион байгуулалтын хувьд ч бараг л хэвээрээ байгаа, эхнэр нөхрийн харилцаанд тулгуурласан, нэгэн өрхийн ам бүлээр тодорхойлогддог, хань ижил, үр хүүхэд, төрөл садны нандин хэлхээ, ураг төрөл, сэтгэл санаа, эдийн засгийн холбоо хамаарал бүхий нийгмийн хамгийн жижиг нэгж гэдгийг бид бүгдээрээ мэдэх билээ. Нөгөө талаас нийгэм, эдийн засгийн харилцааны суурь, дэвшилтэт соёл уламжлал өвлөгдөн шинэчлэгдэх, аж төрөх ёсны бичил ахуй тул төрийн бодлогын төвд оршдог.

Өнөөдөр бид гэр бүл, төр улс оршин тогтгохын үндэс болсон үр хүүхдийнхээ хөгжил, хүмүүжил, төлөвшлийн өнөөгийн дүр төрх, төрөөс гэр бүл, хүүхдийн эрхийг дэмжиж буй бодлого, дэлхийн соёлт хүн төрөлхтний чиг хандлага, эцэг эхчүүд ураг удмын тасрашгүй хэлхээ, эх орны эзэд болсон үр хүүхдээ сурган хүмүүжүүлэх, бие хүн болгон төлөвшүүлэхэд өөрсдөө үлгэрлэн өвлүүлэх үнэт зүйлсийн тухай хэлэлцэн, монголчуудын эрт дээр үеэс өнөө хүртэл уламжлагдан ирсэн нүүдлийн соёл иргэншлээс - хотжсон суурьшмал иргэншилд эргэлт буцалтгүй шилжиж буй шилжилтийн цаг үед, гэр бүлийн соёл, түүнийг дагаад эцэг эхийн хүүхдээ сурган хүмүүжүүлэх ур ухаан, мэдлэг, чадвар, харилцаа, хандлага, үүрэг хариуцлагад өөрчлөлт шинэчлэлт хийх шинэ хэрэгцээ шаардлага бий болсон уу гэдэг дээр, ялангуяа хүүхдийн хүмүүжлийн асуудлаар зөвлөлдөн ярилцаж, дүгнэлт хийж, тодорхой шийдвэр гаргах хэрэгтэй байна.  Учир нь маш олон эцэг эхчүүд өнөөгийн хүүхдийн хүмүүжлийн асуудал дээр санаа зовниж, салбарын бодлогын хүрээнд ярих олон хүсэлтүүд ирүүлдэг тул, энэхүү үндэсний зөвлөгөөн бол нийгмийн захиалгаар хийгдэж байгаа гэж хэлж болно. Эцэг эхчүүд бидний санаа зовоож байгаа, хүүхдийн хүмүүжлийн асуудлаар ярилцаж, энэ сэдвийг ул суурьтай хөндөж, Монголчуудын хүмүүжлийн дэвшилтэт уламжлалыг орчин үеийн хүмүүжлийн арга хэрэгсэлүүдтэй нягт уялдуулан хөгжүүлэх талаар санаачлага гаргахыг цаг үе биднээс шаардаж байна.

 Монгол Улсын Төрөөс гэр бүлийн талаар баримтлах бодлогыг нийгэм, эдийн засгийн харилцаа, түүний мөн чанартай уялдуулан, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарч байна. Засгийн газрын 2016 – 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудал эрхэлсэн төрийн байгууллагын бүтцийг бий болгож, Монгол гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлж, бат бөх хариуцлагатай гэр бүлийг дэмжин, ... хүчирхийллийг бууруулах, хүчирхийлэлд өртөгчдийг хамгаалах, гэр бүлийн гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэх эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх, гэр бүлд зөвлөх болон хүүхэд хамгааллын үйлчилгээнүүдийг хөгжүүлэх, хүүхдийн хүмүүжил, төлөвшилд үндэсний өв уламжлал, урлаг соёлоор дамжуулан эерэгээр нөлөөлөх бодлого хэрэгжүүлэх, бага насны хүүхдийг осол, гэмтлээс сэргийлэх, эцэг эхийн хариуцлагыг өндөржүүлж, хүүхдийн осол, эндэгдлийн түвшинг 2 дахин бууруулах, хараа хяналтгүй хүүхдийн бүртгэл, хяналтыг сайжруулж, насанд хүртэл нь хамгаалах, амьдралд хөлөө олоход нь туслах бодлого хэрэгжүүлэх тухай  чухал зорилтууд туссан.  2016 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг шинэчлэн, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын хуулиар гэр бүл дэх хүүхдийн эрх, хамгааллыг эцэг эхийн анхдагч үүрэг хэмээн хуульчиллаа. Мөн Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль батлагдлаа. Одоо Гэр бүлийн тухай хуулийг  шинэчлэх ажлын хэсэг байгуулагдан, ажиллаж байна. Энэ хуулийн шинэчлэл УИХ-аар батлагдах л юм бол гэр бүл, хүүхэд, залуучуудын салбар бүхэлдээ эрх зүйн шинэчлэл хийгдэж дуусах юм.

Манай агентлагийн хувьд 90 жилийн түүхтэй Хүүхдийн төлөө үндэсний газрын бааз суурь дээр Хөдөлмөр Нийгмийн хамгааллын яамны харъяа Гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүтцийг байгуулж, 2016 - 2017 онд шинэ бүтцээрээ, салбарын цоо шинэхэн хуулиудын хэрэгжилтийг бодлогоор хангах, арга зүйг  боловсруулах, гэр бүл, хүүхэд, залуучуудад зориулсан нийгмийн хамгааллын, хөгжлийн суурь үйлчилгээнүүдийг бий болгох зорилт тавьж ажиллалаа. Тухайлбал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн хэрэгжилтийн хүрээнд 2017 оныг “Хамтарсан багийг чадавхижуулах жил” болгон зарлаж, Үндэсний хэмжээнд 609 хамтарсан багийн 4634 гишүүнийг орон нутагт нь очиж чадавхжуулах  сургалтыг зохион байгуулж, төр, төрийн бус, олон улсын байгууллагын хүний болон санхүү, эдийн засаг, техникийн нөөц бололцоог богино хугацаанд нэг дор, үр дүнтэй төвлөрүүлж чадлаа. Үүний үр дүнд үндэсний хэмжээнд 2017 оны 7 сарын байдлаар хамтарсан багууд маань гэр бүлийн хүчирхийлэлтэй 365 гэр бүлтэй ажиллаж, 320 хүнд сэтгэл зүйн зөвлөгөө, 107 хүнийг аюулгүй байдлын хамгаалалтын үйлчилгээ, 420 хүнд нийгмийн халамжийн үйлчилгээ, 291 хүүхдэд хүүхэд хамгааллын үйлчилгээ, 156 хүнийг эмнэлгийн тусламж, 184 хүнд холбон зуучлах үйлчилгээ үзүүлсэн байна. Энэ бол бага тоо биш, цаашид мэргэшээд ажиллахаараа бүүр олон төрийн тусламж дэмжлэг, үйлчилгээ шаардлагатай гэр бүл, хүүхдэд туслах болно гэж үзэж байна. Би яагаад Хамтарсан багийг онцлоод байна гэхээр энэ нь гэр бүлд хамгийн ойрхон төрийн анхан шатны нэгж, сум хороо, баг дээр зохион байгуулагдсан сэтгэл зүйн зөвлөгөө, эмнэлгийн тусламж үйлчилгээ, эрх зүйн туслалцаа, нийгмийн халамж, хүүхэд хамгааллын үйлчилгээг нэг дороос үзүүлэх төрийн зохион байгуулалтын хэлбэр юм. Магадгүй зөвхөн хүчирхийлэл биш, хүүхдийн хөгжил хүмүүжлийн тулгамдсан асуудлаар зөвлөгөө тусламж Танд хэрэгтэй бол Хамтарсан багт хандаарай, тэнд хуулиар үүрэг хүлээсэн мэргэжилтнүүд байгаа шүү.

Монгол үндэстэн орших уу, эс орших уу гэдэг асуудал ч өнөөдөр эцэг эхчүүд бидний ярих сэдвийн нэг ээ. Учир нь ураг төрлөө мэдэхгүйгээс өөрөөсөө дээш 3-4 дэх үеийн цусан төрлийн ахан дүүс гэрлэж, оюун ухааны болон ургийн гажигтай төрөлт ихсэх хандлага нэмэгдэж байгаа нь үндэсний хэмжээний аюулын харанга дэлдэх хэмжээнд хүрснийг эрдэмтэд маань сануулж, манай агентлаг бодлогын хүрээнд 2017 онд үндэсний зөвлөгөөн зохион байгуулж, угийн бичиг хөтлөх олон нийтийн санаачлагыг өрнүүлэн, хот хөдөөгийн 100 хүнийг үндэсний сургагч багшаар бэлтгэлээ. Мөн өнөөдөр Угийн бичгээ хөтөлж, үр ачиртаа ураг удмаа мэдүүлэх нь эцэг эхчүүдийн үүрэг хариуцлага талаас санаа сургамж, мэдээлэл өгүүлэхээр Хүн судлалын шинжлэх ухааны доктор Ж.Батсуурь гуайг урьсан байгаа.

Дараагийн нэг асуудал бол гэр бүлийн боловсролын асуудал юм. Эхнэр нөхрийн биологийн үүргээр дамжин, үр удмаа үлдээж чадаж байгаа ч, тэднийгээ “эрүүл чийрэг бие бялдартай, саруул ухаантай, хүнлэг, энэрэнгүй, эх оронч сэтгэлтэй, эерэг зөв хандлага, харилцаатай, энэ нийгэмд бусадтай зохицон, бие даан амьдрах бие хүнийг төлөвшүүлэх” гэрийн хүмүүжлийг олгох эцэг эхийн нийгмийн үүргээ бид биелүүлж чадаж байгаа бил үү? Өнөөдрийн зөвлөгөөний гол зангилаа асуудал бол “Гэр бүл – хүүхдийн хүмүүжлийн анхдагч орчин”.

Саяхныг хүртэл дээ, бараг л 100 жилийн өмнө бүх монгол үндэстний гэр бүлийн амьдрал нүүдлийн соёл иргэншилтэй, 4 улирлын туршид малаа маллаж, бэлчээрийн аяыг дагаж, нүүдэллэхдээ ам бүлээрээ хамтдаа нүүдэллэн амьдардаг байлаа. Айл хотлынхон, ахмад, залуу үеийнхэнтэйгээ хүндэтгэлтэй, эвтэй харилцах, хүний арга эвийг олох, хэрэгтэй цагт нэгэндээ туслах дэмжих, хүний мөс чанартай байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, амьдрах ухаанд сургах зэрэг бүхий л хүний нийгмийн, гэр орны амьдралын үйл явц, ахуйгаа хүүхдийнхээ нүдэн дээр харуулж, дагуулж, даруулгатай сургадаг байлаа. Гэтэл орчин үед, монголчуудын амьдралын хэв маяг төв суурин бараадаж хотжих, эцэг эхчүүд амьдрал, гэр орноо хүний дайтай авч явахын тулд өдрийн хамгийн идэвхитэй цагийг  гэрээсээ, үр хүүхдээсээ өөр газар аль нэг албан байгууллагад харъяалагдаж, ажил хөдөлмөр хийдэг болсон, зарим нь бүүр гадаад ертөнцөөс цахим технологийн хүчээр хүүхдээ өдөр бүр харж, баясаж, үнсэж тэвэрч, хайрлаж амьдарч байна гэдэг, ингэхээс өөр аргагүй ээ, нийгмийн хөгжлөө дагаж байх л ёстой зүйл. Тэгвэл, биднийг ажлаа хийгээд, байгууллагын, нийгмийн хөгжлийн төлөө хөдөлмөрлөж байхад хүүхдүүд маань хэнтэй хамт, хэний асрамжинд, юуг сурч, хүмүүжиж, хэрхэн төлөвшиж байна вэ гэдэгт л асуудал байгаа юм. Мэдээж, сургууль цэцэрлэгт бид найдаж, хүүхдээ даатгаж болно оо. Боловсролоор дамжуулж хүүхдийг хөгжүүлж хүмүүжүүлэх нь тэдний хуулиар хүлээсэн үүрэг нь. Тэгвэл хүүхэд хэдэн цаг сургууль цэцэрлэг дээрээ байх вэ, хичээл тараад хэнтэй, хаана юу хийдэг вэ, та хүүхдээ ажиглаж, ярилцаж үзсэн үү? “Хүүхдийн эрхийн мэдлэг хандлага хэрэглээ”[1] 2016 судалгаанаас үзвэл Манай улсын хүүхэд, өсвөр үеийнхэн амьдралын анхдагч орчин болсон гэр бүл, сурч хөгжиж, боловсрохуйн орчин болсон сургууль, нийгэмшихүйн орчин болсон олон нийт, цахим ертөнц, үзвэр үйлчилгээний газруудад ямар нэг хүчирхийлэлд өртөж, айдас хүйдэстэй амьдарч байна. Судалгаанд хамрагдсан 10 хүүхэд тутмын 8 нь ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртдөг гэж хариулсан байх бөгөөд тэдний 2 хүүхэд тутмын 1 нь ямар нэг байдлаар бие махбодын хүчирхийлэлд, 4 хүүхэд тутмын 1 нь үл хайхрах хүчирхийлэлд, 5 хүүхэд тутмын 3 нь сэтгэл санааны хүчирхийлэлд, 8 хүүхэд тутмын 1 нь бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан гэж хариулсан байна. Мэдээж, хүүхдийг эрсдэлд оруулж байгаа сөрөг хүчин зүйл ээж, аав таны нүдэн дээр болохгүй, далдуур үйлдэгдэж, хүүхдүүдийн маань зарим нь таниас нуусан байгаа. Энэ бол та бидний гэр бүлдээ, үр хүүхэддээ тавих анхаарлын анхдагч шалтгаан гэж бодож байна. Хоёрдогч шалтгаан бол гэр бүлийн харилцаагаа дулаан уур амьсгалтай байлгах асуудал юм. Монгол улсад 869,849  өрх байна, жил бүр 17500 орчим хос гэрлэлтээ бүртгүүлж байгаа нь сайшаалтай ч, 3800 орчим нь гэрлэлтээ цуцлуулж байна. Гэр бүл цуцлалт нь гэр бүлийн хайр, орлого хагас болгож, ядуурал, хүүхдийн хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлж байна. Гэрлэлт цуцлалтын улмаас тэтгэлэг төлүүлэхээр тогтоогдсон хүүхдүүдийн 86% нь нэг, 14% нь 2 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд амьдардаг, тэтгэлэг төлөгчдийн 89,1% нь  хүүхдийн тэтгэлэг төлөхгүй байгаа нь харамсалтай. Гэрлэлт цуцлагдаж байгаа нь эхнэр нөхөр байхаа больж байгаагаас биш, хүүхдийнхээ эцэг эх байхаа больж, үүрэг хариуцлагаасаа мултарч байгаа гэсэн үг биш ээ. Манай гэр бүл, хүүхдийн асуудлаар ажилладаг төрийн захиргааны болон орон нутгийн байгууллага, ТББ-ууд гэр бүл цуцлалтын үе дэх хүүхэд хамгааллын асуудлаар шинжээчээр ажиллаад тодорхой хугацаа өнгөрсөн ч, эрх зүйн орчин тодорхойгүй байсныг Гэр бүлийн хуулийн шинэчлэн найруулгад тусгаж байгаа, цаашид бид бодлогоороо мэргэжилтнүүдээ улам мэргэшүүлж, арга зүйн удирдлагаар хангаж ажиллах болно. Хүүхдийнхээ хүмүүжилд анхаарах гуравдагч шалтгаан бол Цахим орчны зохистой хэрэглээ, сайн, муугаар нөлөөлөх хүчин зүйлсийг эцэг эхийнхээ хариуцлагын дагуу зөв тооцоолох явдал юм. Шинэ сонин мэдлэг, шинжлэх ухааны ололт амжилт, сайн хүний үлгэр жишээг хүүхдүүд байтугай насанд хүрсэн бид үр шимийг нь хүртэж байна. Гэтэл, янз бүрийн сөрөг мэдээлэл, тухайлбал, интернетийн орчинд садар самууныг сурталчилдаг, хүүхэд сонирхдог, хүүхдийг өөртөө уран гоё үгээр, энхрийллээр дасгаж, дараа нь өөрийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлдэг, гэмт хэрэг үйлдүүлдэг, амиа хорлохоос өөр аргагүй нөхцөл байдалд оруулдаг хувь хүн, шашны урсгалын нөлөөлөл их байна. Үүнээс гадна хүүхэд компьютер тоглоом, садар самуун сайтын мэдээлэлд донтох, сүүлдээ энэ нь сэтгэцийн эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх боллоо. Эхний үед нууцаар, донтоод ирэхээрээ нуух хаах зүйлгүй ичмээр байдалд оруулж байгаа хүүхдээ харвал та яаж хандах вэ?, барьж аваад зодох уу гэдэг дээр бид ярилцаж, шийдвэр гаргах хэрэгтэй байна, ээж аавууд минь ээ. Хүүхдийг зодох шийтгэх явдал нь хуулиар хориглогдсон гэмт хэрэг, зөрчил юм. Үүнийг орон нутгийн хэмжээнд судалгаа гаргаж, мэргэжлийн байгууллагууд, эцэг эхчүүд зөвлөлддөг баг байгуулж ажиллах нь зүйтэй юм. Дөрөв дэх шалтгаан бол гэр бүл дэх хүүхдийн үзэл бодлыг сонсож хүндэтгэх, ярилцах явдал юм. Хүүхдийн тусламжийн 108 утсанд холбогдсон хүүхдүүдийн туслалцаа хүссэн асуудлуудыг эрэмбэлбэл, Үе тэнгийхний харилцаа, гэр бүлийн харилцаа, нөхөн үржихүй,эрүүл мэндийн зөвөлгөө, охидын жирэмслэлт, хүүхэд хүмүүжүүлэх арга, хойд эцэг эхийн асуудал, цахим тоглоом, хар тамхи, мансууруулах бодис, хүүхдийн эрх, оролцоо, хөгжил, БЗХӨ, бэлгийн амьдрал, үерхэл нөхөрлөл, хайр дурлал, шилжилтийн насны асуудлууд, хорт зуршил, сөрөг зан үйл, сэтгэл зүйн үйлчилгээ, мэргэжил сонголтын асуудлууд зэрэг өөрөө болон үе тэнгийнхэнтэйгээ хамтдаа шийдвэрлэж чадахгүй асуудлаараа хандаж байна. Эдгээр нь томчууд бидний хувьд аль хэдийн мэдчихсэн, туршлагажсан байдаг асуудал тул, магадгүй зориг гарган ярилцах гэхэд нь өөр шигээ санан, иймхэн юмыг мэдэхгүй гэж тээршааж, басамжилсан өнгө аясаар  хүүхдүүдээ холдуулж, тэднийг буруу алхам хийхэд түлхэж, дараа нь амаа барихад хүргэж мэдэх юм шүү. Тав дахь тулгамдсан асуудлыг хэцүү хүүхдийг хэрхэн хүмүүжүүлэх вэ гэдэг асуудал байж магадгүй ээ. Зөрүүд занг зөөллөж засдаг, бүрэг ичимтгийг  зоригжуулж засдаг, сахилга таарууг зөвлөж засдаг, сагсуу онгироог зэмлэж засдаг хүмүүжлийн эерэг аргуудыг энд ярихад илүүдэхгүй биз ээ.  Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг мэргэн оюундаа тунгаан зөвлөлдөе, ээж аавууд аа.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын салбарын асуудлын алсын харааг бид дараахь байдлаар харж байгаа юм. Хүн амын бүлгийн 4,5-10 хувьд хамгаалал, халамжийн үйлчилгээ шаардлагатай байна. 15-20 хувьд нь дэмжих үйлчилгээ шаардлагатай, харин үлдсэн 70-80 хувьд нь хөгжлийн үйлчилгээ хэрэгтэй байгаа юм. Одоогийн тогтолцоогоор бол ихэвчилэн гэр бүл, хүүхдийн нөхцөл байдал дордож, амьдрах эрх нь зөрчигдаж, аюулын зэрэг өндөр бол үед нь халамжийн үйлчилгээгээ чиглүүлж, нэгэнт доройтсон нөхцлийг нөхөн сэргээхэд үр дүн багатай байна. Цаашдаа нийгмийн массыг бүрдүүлэгч, дундаж амьдралтай гэр бүлийн харилцааг хэвийн байлгахад чиглэсэн сэтгэл зүйн үйлчилгээнүүдийг бий болгож, улмаар эдийн засгийн нөөц боломжийг нэмэгдүүлэх зорилгоор өрхийн амьжиргааг дэмжих хөтөлбөрүүд, насанд хүрсэн гишүүдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, давтан мэргэшүүлэх сургалтуудад хамруулах, ажлын байрыг тогтвортой байлгах бодлого хөтөлбөрүүдийг гаргаж, цалин хөлсийг нэмэгдүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Хүүхдийн боловсрол, хөгжил, хүмүүжлийг дэмжихэд эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор албан байгууллага бүр ажилтандаа гэр бүлийн цалинтай чөлөө олгох зэрэг асуудлуудаар бодлого журам бий болгох хэрэгтэй байна.

Энэхүү зөвлөгөөний үр дунд 21 аймаг, нийслэлийн хотын маань дүүрэг бүрийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хэлтсүүдийн дэргэд зөвлөх үйлчилгээ үзүүлдэг эцэг эхчүүдийн зөвлөл байгуулагдаж, энэхүү зөвлөх багийг бодлого арга зүйн хүрээнд Боловсрол, соёлын газар, Нийгмийн хөгжлийн хэлтэс хамтран ажиллахыг уриалж байна. Мөн УИХ, Засгийн газар, аж ахуй нэгж байгууллага, олон нийт, эцэг эхчүүдэд хандсан зөвлөмж гаргаасай гэж хүсэж байна.

Хүүхдийн эрх айл гэрийн босгонд тулж очоод бүдрэх ёсгүй.

Хүүхэд нас Өнөөдөр, Хүүхдийн хэрэгцээ Яг одоо
Монголын маань бүх хүүхэд гэр бүлдээ аз жаргалтай өсч, хүүхдийн эрх айл бүрийн тооноор ивгээлт алтан наран мэт цацарч, багана мэт бат бэх түшиг тулгууртай, хана мэт хамгаалагдсан, босго мэт өндөр хүндлэлтэй байхыг хүсэн ерөөе.

Монгол гэр бүл болгон хүүхдээр хүн хийх үнэт зүйлсээ бэхжүүлж, тогтвортой

амгалан тайван амьдрах болтугай.

 


[1] “Хүүхдийн эрхийн мэдлэг, хандлага, хэрэглээ”КАП судалгаа.2016. ХЭҮК, Гүүд Нейборс

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?