МЭРГЭШСЭН ХИЛЧДЭЭР ХАМГААЛУУЛСАН УЛСЫН ХИЛ ТАЙВАН БАЙНА

2017-09-18  

“Гэрээт хилчин-Гэрэлтэй алба” уулзалтад 12 ангийн гэрээт хилчид оролцлоо.

“Сэтгүүлчид торгон хилд-2017” аялал Дорнын ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсэн өлгий нутаг буюу Дорноговь аймгийн Хатанбулаг сумыг зорилоо. Учир юу гэвээс домогт Сулинхээрийн отрядад гурван үеийн гэрээт хилчдийн “Гэрээт хилчин-Гэрэлтэй алба” уулзалтыг зохион байгуулсан юм. Энэ удаагийн уулзалт Хил хамгаалах байгууллагын 84, Гэрээт хилчний алба үүссэний 10 жилийн ой давхцаж байгаагаараа онцлог байв. 2007 онд Хил хамгаалах байгууллагад “Гэрээт хилчин”-ий албыг зохион байгуулах түр журмыг гаргаж туршилтын журмаар Хилийн 0129 дүгээр ангийн “Үзүүр ус”, Хилийн 0243 дугаар ангийн “Хутаг Өндөр”-ийн заставт гэрээт хилчний албыг хэрэгжүүлж харуулын дарга, холбоочин, жолоочийн албан тушаалд иргэдийг гэрээгээр алба хаалгаж эхэлсэн байна. 10 жилийн хугацаанд эх орныхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан алба болон өргөжжээ.

Уулзалтад Хилийн цэргийн 12 ангийн төлөөлөл болон Хууль сахиулах их сургуулийн Хилийн сургуулийн сонсогчид ирсэн байлаа. Тэд Цэргийн гавьяаны одонт Хилийн 0168 дугаар ангийн бүтээн байгуулалт, техник хэрэгсэл, Сайн сүүжийн заставын гэрээт хилчдийн хэрхэн ажиллаж, амьдарч буй орчинтой танилцсан юм. Энэ үеэр сагсан бөмбөгийн нөхөрсөг тоглолт зохион байгуулахад тэргүүн байрыг Монгол Улсын баатар С.Лхагвадоржийн нэрэмжит Хилийн 0129, удаах байруудыг Цэргийн гавьяаны одонт Хилийн 0168 дугаар анги, Хууль сахиулах их сургуулийн Хилийн сургуулийн сонсогчид эзэллээ. Мөн ХЦДБЧ-ын уран бүтээлчид, “Хилчин” хамтлагийнхан ая дуугаа өргөлөө.

Уулзалтыг нээж ХХЕГ-ын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, Бригадын генерал Ж.Бямбасүрэн хэлэхдээ “Улсын хил хамгаалалтыг мэргэжлийн байгууллагаар зохион байгуулах, мэргэшсэн хилчдээр үүрэг гүйцэтгүүлэх талаар төр бодлого, чиглэлээ тодорхойлсон байдаг. Үүнийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2007 оноос Хил хамгаалах байгууллагад гэрээт хилчний ажлыг зохион байгуулснаас хойш өнөөдөр 10 жилийн ойтойгоо золгож байна. Энэ хүрээнд ХХЕГ-ын энэ оны үндсэн арга хэмжээний төлөвлөгөөнд тусгасны дагуу өнөөдөр Домогт Сулинхээрийн отряд буюу гэрээт хилчний анхны төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан шинэ отряд дээр гурван үеийн гэрээт хилчдийн уулзалтыг амжилттай зохион байгуулж байна. Төрөөс гэрээт хилчний албыг бэхжүүлэх талаар ялангуяа, төсөвтэй холбоотой асуудлыг шийдэж энэ ангийн иж бүрэн барилгыг барьж дууссан. Мөн энэ ондоо багтааж Сулинхээрийн отрядын бүх заставын гэрээт хилчдийн байрыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Хил хамгаалах байгууллагын удирдлагын зүгээс энэ албыг бэхжүүлэх ажлуудыг хийж байна. Монгол Улсын Хилийн тухай хуулиар гэрээт хилчин ахлагчийн нэгэн адил цалин хангамж эдэлнэ. Гэрээт хилчний алба хааж байгаа залуусын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Хил хамгаалах байгууллагын удирдлага гэрээт хилчний алба хаах сонирхолтой залуучуудад тавьж байгаа боловсролын болон эрүүл мэндийн шаардлагыг өндөржүүлж байгаа. Энэ нь цаашид мэргэшсэн хилчдээр улсын хил хамгаалуулах бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна” гэв. Мөн энэ алба нь улсын хил хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байгаа хилчдийн ур чадвар, мэргэжлийн чиг хандлага руу шилжиж байгаа. Нөгөө талаас нийгэмд ажилтай, орлоготой залуучуудыг бий болгож байна. Домогт Сулинхээрийн отряд 77 жилийн түүхэнд улсын хил хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн хэмээн Цэргийн гавьяаны одонт Хилийн 0168 дугаар ангийн захирагч, хурандаа П.Батбилэг онцолж байлаа.

Гурван үеийн гэрээт хилчдийн уулзалтад ирсэн төлөөллүүдийн сэтгэгдлийг сонирхлоо.

Сайн сүүжийн заставынхан улсын хил тайван хэмээн илтгэв.

Хилийн 0184 дүгээр ангийн заставын орлогч, дэслэгч Э.Ачтай: МӨЛХӨЖ ИРСЭН АЙЛЫН ХҮҮХДИЙГ ХӨЛД ОРУУЛААД БУЦААДАГ ГЭРЭЭТ ХИЛЧНИЙ АЛБААРАА БАХАРХДАГ

-Би гэрээт хилчний албыг гурван жил хашиж, гэрээт хилчидтэй заставт ахлагч цолтой жагсаалын даргаар гурван жил ажиллан офицерын бүрэлдэхүүнд элсэж орсон. Бид түүхийн шаргал хуудаснаа олон зууны түүхийг бичилцэж Хил хамгаалах байгууллагын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулан улсын хилийн халдашгүй дархан байдлыг бидэнд өвлүүлсэн үе үеийн хилчдийн үргэлжлэл гэдгээрээ бахархаж байна. Биднийг хилийн цэрэг хэмээх нэгэн айлын гишүүн болгож эх оронч үзлийг төлөвшүүлэн, сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх их хүсэл эрмэлзлэлийг бадраасан. Мөлхөж ирсэн айлын хүүхдийг хөлд оруулаад буцаадаг гэрээт хилчний албаараа бахархдаг. Монгол эх орныхоо өнцөг булан бүрт суугаа хийморлог хилчиддээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж та бүхний ажил үйлс хилийн шугам шиг дардан байж цог хийморь тань төрийн сүлдэт багана шигээ босоо байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Хилийн 0275 дугаар ангийн гэрээт хилчин Д.Баасан: ГЭРЭЭТ ХИЛЧНИЙ АЛБА ЗОРИЛГОДОО ХҮРЭХ ХАМГИЙН АНХНЫ АЛХАМ

-Би 1996 онд Архангай аймгийн Хотонт суманд төрж өссөн. 11 жилийн дунд сургуулиа төгсөөд нэг жилийн дараа Замын-Үүд дэх Хилийн ангид алба хааж тэндээсээ Ерөнхийлөгчийн марш тактикийн тэмцээнд оролцож III байр эзэлсэн. Энэ үеэс хилчин, цэргийн хүн болох ямар ур чадвартай, тэсвэр тэвчээртэй, хатуужилтай болохыг тэмцээнд оролцсон ах нар, багийнхаа бүрэлдэхүүнээс мэдэрсэн. Ангидаа ирээд хоёр жил болж байна. Энэ сард миний гэрээний хугацаа дуусч байгаа. Гэрээт хилчний алба гэдэг тавьсан зорилгодоо хүрэх хамгийн анхны алхам. Гэрээт албаа хаагаад ахлагчийн эгнээнд орж ажиллана гэсэн зорилго тавиад ажиллаж байна. Хугацаат цэргийн алба хааж байгаа дүү нартаа болон хугацаат цэргийн алба хаасан үеийнхэндээ гэрээт цэргийн албанд шилжиж ороорой гэж хүсмээр байна. Та бүхэндээ 10 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье. 

Хууль сахиулах их сургуулийн Хилийн сургуулийн 441 дүгээр дамжааны сонсогч, түрүүч Ж.Гарав-Очир: ГЭРЭЭТ ХИЛЧНИЙ АЛБАНД ОРСНООР ОЛОН БОЛОМЖ НЭЭГДДЭГ

-Би Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн. Багаасаа хилийн цэргийн хүн болохыг мөрөөддөг байсан. Х ангиа төгсөөд мөрөөдөлдөө хөтлөгдөн 2012-2013 онд Хилийн ...дугаар ангид хугацаат цэргийн албыг хаагаад ангидаа гэрээт хилчнээр үлдсэн. 2013-2014 онд гэрээт цэргийн албаа хаагаад 2015 онд Хууль сахиулах их сургуулийн Хилийн сургуульд элсэн суралцсан. Гэрээт хилчний албанд орсноор бие бялдар, оюун санаа, сэтгэл зүйн өндөр бэлтгэлтэй болохоос гадна олон боломж нээгддэг. Тухайлбал, гадаад, дотоодын их сургуульд суралцах, гэрээний хугацаанд үүргээ амжилттай биелүүлээд ахлагчийн бүрэлдэхүүнд орж ажиллах боломжтой. Гэрээт хилчний албаар дамжуулан Хууль сахиулах их сургуулийн Хилийн сургуульд суралцаж байгаа нийт сонсогчдынхоо нэрийн өмнөөс Монгол Улсын өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа хилчиддээ орчин үеийн Хил хамгаалах байгууллагын үүсч хөгжсөний 84 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын ИТХ-ын дарга Н.Энхцэцэг: ЗАСТАВУУДАА УНААЖУУЛАХ АЖЛЫГ ШАТ ДАРААТАЙ ХИЙДЭГ

-ХХЕГ болон Цэргийн гавьяаны одонт Хилийн 0168 дугаар ангиас зохион байгуулж буй Гэрээт хилчдийн гурван үеийн уулзалтыг Хатанбулаг суманд зохион байгуулж байгаад баяртай байна. Гэрээт хилчдийн албыг 2007 онд Улаан-Уулын отрядын Үзүүр усны заставт туршиж үзсэн гэдэг. Эдүгээ 10 дахь жилдээ үйл ажиллагаа нь тасралгүй улам өргөжсөн байна. Манай хилээр өвөлждөг залуучууд Хил хамгаалах туслах хүчний гишүүнээр ажиллаж байгаа. Мөн баг, байгууллагууд, аймгийн Засаг даргын үндсэн чиглэлд орсон “Нэг сум, нэг мотоцикль”, “Нэг баг, нэг агт” гэсэн арга хэмжээг зохион байгуулж хилийн заставуудаа унаажуулах ажлыг шат дараатай хийдэг. Мөн орон нутгаас хугацаат цэрэг бэлтгэгдэж байна.

Сайн сүүжийн заставын дарга, хошууч О.Ууганбаяр: ГЭРЭЭТ ХИЛЧНИЙ АЛБА МАШ ХАРИУЦЛАГАТАЙ АЛБА

-Манай застав 84 жил улсын хил хамгаалалтыг зохион байгуулж байна. Элсэрхэг, уул, гуу жалга ихтэй байгалийн өвөрмөц газартай. Мөн улаан номд орсон хулан, зээр, хар сүүлт, аргаль гэсэн ан амьтан элбэгтэй. Манай застав 2008 оноос гэрээт хилчний албанд шилжсэн. Өмнөх хугацаат цэргийн албан хаагчтай харьцуулахад гэрээт хилчний албанд шилжсэнээр улсын хил хамгаалалтад дэвшил гарч байна. Тухайлбал, гэрээт хилчинд ямар нэг үүрэг өгөхөд өндөр хариуцлагатайгаар гүйцтгэдэг. Мөн өөрсдийгөө бие даан хөгжүүлж, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, ажиллаж, амьдрах орчин нь түүнийгээ дагаад дээшилж байна. Гэрээт хилчнээр хил хамгаалалтыг зохион байгуулснаар манай застав 2015 онд “Тэргүүний хилийн харуул”, өнгөрсөн жил ангийнхаа жишиг  застав болсон. Энэ жил манай хамт олон амжилтаа бататган тэргүүний застав болох зорилт тавин ажиллаж байна.   

Гэрээт хилчдийн үнэнч анд.

АМРАЛТЫН ӨДӨРГҮЙ ОНЦЛОГ АНГИ

Аяллын багийнхан цааш явж Замын-Үүд дэх шалган нэвтрүүлэх 0108 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцсан. Эднийх энэ жилээс гэрээт хилчдийг шалган нэвтрүүлэх ажилд оролцуулж байгаа аж. Замын-Үүдээр хоногт дунджаар 8000 зорчигч улсын хилээр нэвтэрдэг байсан бол энэ жилээс 11 мянган зорчигч, тээврийн хэрэгсэл гарч байна. Ачаа тээврийн хэрэгсэл эрс нэмэгдсэн, ачаалал ихтэй. Амралтын өдөр гэж байдаггүй. Гааль, Мэргэжлийн хяналтынхантай авто болон төмөр замын боомтод хуулийн хүрээнд шалган нэвтрүүлж байна хэмээн ангийн захирагч, хурандаа Д.Ганбаатар ангийнхаа талаар танилцуулж байлаа.

90 жилийн ойгоо өнгөрсөн жил тэмдэглэсэн энэ анги анх Дотоодыг хамгаалах газрын даргын тушаалаар 1926 ондБайцаан өнгөрүүлэх салбар, УАБХЕГ-ын даргын тушаалаар 1990 онд Шалган нэвтрүүлэх тусгай боомт, Хилийн цэргийн удирдах газрын даргын тушаалаар 1994 онд Шалган нэвтрүүлэх хороо, 2002 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар шалган нэвтрүүлэх анги болжээ. Анх үүссэн цагаасаа улсын хил, хил орчмын дэглэмийг сахиулах үүргээ амжилттай биелүүлж, хилээр гарах зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэхдээ хууль бусаар хил нэвтрүүлэхийг оролдсон олон удаагийн үйлдлийг илрүүлж, улс орны эдийн засагт учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлсэн байна. 

 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Хил хамгаалагч залуусаараа бахархаж байнаа. 2017-09-18
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?