Багш нарын нийгмийн баталгааг сайжруулах, цалинг 1,6 сая хүртэл нэмэгдүүлэх шаардлагын хариу өнөөг хүртэл өгөөгүй учир энэ сарын 21, 26-нд улс орон даяар ажил хаялт хийхээр болсон байна. Цалин нэмэгдүүлэх түр хорооны зохицуулагч Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ : “Бид МҮЭ-тэй хамтран цаашдын арга хэмжээг зохион байгуулж болох Арбитарын шүүхэд хандана. Мөн цаашлаад ажлын 14 хоногт багтаагаад хугацаагүй ажил хаялт хийх арга хэмжээг зохион байгуулна. Энэ ажил хуулийн дагуу явагдана. Бидний зүгээс тэмцлийн дараагийн арга хэмжээ болох сануулах ажил хаялтыг зохион байгуулах гэж байна. Уг үйл ажиллагааг зохион байгуулах ажлыг фэйсбүүк групп болон аймгуудын төв хорооны ҮЭ-р дамжуулан тодорхой чиглэл өгсөн байгаа. Засгийн газар тодорхой хариу өгөхгүй, бидний шаардлагыг хүлээж авахгүй, бол бид цалингаа нэмүүлэх хүртлээ зогсолтгүй явах болно” гэлээ.
Цалин нэмэгдүүлэх түр хорооны удирдах зөвлөлийн гишүүн А.Санжмятав хэлэхдээ: “Есдүгээр сарын 21 хүртэл бидний шаардлагад хариу өгөхгүй бол дараагийн арга хэмжээ болох ажил хаялт зарлахаа мэдэгдэж байна. Ажил хаялтыг багш нар сайн дурын үндсэн дээр өөрсдийн хүсэлтээрээ хийхээр боллоо. Ажил хаялтанд оролцох гэж байгаа багш нар гурав хоногийн өмнө сургуульдаа хүсэлтээ өгөх ёстой бөгөөд 60-аас дээш хувь бүрдсэн тохиолдолд багш нарын ажил хаялтыг зохион байгуулах эрх нь бүрдэнэ. Үүнд төрийн өмчийн Ерөнхий Боловсролын бүх сургууль, цэцэрлэг болон Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд багтаж байгаа юм” гэлээ.
Энэ сарын 21-нээс өмнө шаардлагыг хүлээн авбал ажил хаялт зохион байгуулахгүй гэдгээ тус хорооны багш нар мэдэгдэж байлаа. Засгийн газар ямар шийдвэр гаргахаас бүх зүйл шалтгаалж, хүүхэд багачууд маань хичээл сургуульдаа явах эсэх нь шийдэгдэнэ.
П.ДОСМАА