Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах, үйлчилгээг шинэ төвшинд гаргах зорилгоор 2017 оны 4 дүгээр сарын 1-ээс эхлэн нийтийн тээврийн их, дунд багтаамжийн автобус, троллейбусны үйлчилгээнд зөвхөн цахим төлбөрийн хэрэгслээр зорчихоор болсон билээ.
Иргэд нийтийн тээврээр зорчихдоо бэлэн мөнгөөр биш карт ашиглан зорчоод нилээд хугацаа өнгөрч байгаа бөгөөд өчигдрөөс эхлэн иргэдийн нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо цахим карт ашиглалтыг шалгаж эхэлсэн байна. Шалгалтаар мөнгө төлөөгүй, бэлэн мөнгөөр зорчсон, хүүхдийн цахим картгүй зэрэг хэд хэдэн зөрчил илэрсэн байна.
Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 1-д “Нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо зорчих тасалбар худалдан аваагүй хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг. Иймээс цахим карт ашиглаагүй иргэдэд хариуцлага тооцох юм байна. Иргэд та бүхэн нийтийн тээврээр зорчихдоо цахим карт ашиглах хэрэгтэй билээ.
А.ЦЭРЭНДУЛАМ