Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, сэтгүүлч До. Цэнджав төрөлх сургуулийнхаа номын санд 1000 ном бэлэглэж, хандивын баяр хийлээ. Тэрээр таван жилийн өмнө Дундговь аймгийн Гурвансайхан сумын сургуулийн номын санг зохиолчийн нэрэмжит болгосон юм. Тус сургууль нь мөн шинэ байртай болж бүтээн байгуулалт өрнүүлжээ. Зохион байгуулалтын зэрэгцээ оюуны хувьсгалыг хамтад нь эхлүүлье хэмээн өөрийн номын сангаас 1000 гаруй номыг бэлэглэсэн нь энэ юм.
Тэрээр орчин үеийн хүүхэд залуусын оюуны гэрэлт цамхаг болсон "Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь"-ийн хариуцлагатай редактороор ажилласан зохиолч миний бие тус нэвтэрхий толь болон өөрийн уран бүтээлийн дээжээс манай нэрт зохиолч, соён гэгээрүүлэгчдийн гарын үсэг, сэтгэлийн үгтэй номуудыг хандивдасандаа баяртай байна" гэв.
1000 номын хандивын баярыг угтаж уг сургуулийн хамт олны зүгээс хамгийн олон нотмой айл өрх, хамгийн сайхан номын сантай айлыг шалгаруулж, мөн сурагчдын дунд яруу найраг, эссе зохион бичлэг, уран уншлага, монгол бичгээр хэн сайн бичих вэ уралдааныг тус тус зохион байгуулсан нь олны талархлыг хүлээв.
Гурван сайхан сумын сургуулийн захирхал Ж.Цэрэндолгор "Ном эрдмийн дор баярлана гэдэг хамгийн сайхан аз жаргал. Энэ номын баяраар оюуны хувьсгалыг эхлүүлцгээе" хэмээн сурагч, эцэг, эхчүүдэд хандан уриаллаа.
Тус сумын ИТХ-ын дарга Р.Сүхбаатар "Манай наадам До. Цэнджав зохиолчийн "Гурван сайхан сумын наадам" шүлгээр эхэлж мөн жил бүрийн есдүгээр сарын 1-ний хичээлийн шинэ жилийн нээлт түүний бүтээсэн аялгуугаар эгшиглүүлж эхэлдэг нь бахархалтай" хэмээн онцлон тэмдэглэж мөн энэ үеэр 1942 онд Багшийн сургуулийг төгссөн одоо 96 настай ахмад багш Өлзийн Шагдарын монгол бичгийн гайхамшгийн харуулсан гараар хийсэн номуудын үзэсгэлэнг нээсэн нь иргэдийн сэтгэлийг ихээр татлаа.П
Э.ОТГОНЖАРГАЛ