ЖИЖИГ, ДУНД БИЗНЕСИЙН ЭРСДЭЛИЙГ ДААТГАЛААР БУУРУУЛАХ АСУУДЛЫГ АЗИЙН ЗОХИЦУУЛАГЧИД ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭНТЭЙГЭЭ ХАМТРАН ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

2017-09-21  

“Нийгэмд эзлэх байр суур, боловсролын түвшин, арьсны өнгө, шашин шүтлэг, нас, хүйс болон хот, хөдөөгийн хаана амьдарч, ямар бизнес эрхэлж, хэр хэмжээний орлого олж байгаагаасаа үл хамааран хүн бүр санхүүгийн бүтээгдэхүүнийг хэрэглэгч, үйлчилгээг хүртэгч байх ёстой. Зүгээр ч үгүй, тэр бүтээгдэхүүн, үйлчилгээг хялбар, шуурхай, өргөн сонголттойгоор, боломж бололцоондоо тохирсон нөхцөлөөр авч чаддаг байх учиртай...” гэж Азийн орнуудын Төр-Хувийн хэвшлийн “Жижиг, дунд бизнест зориулсан даатгал” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор С.Даваасүрэн санхүүгийн хүртээмжийн тухай онцлов. Мөн тэрээр, хүн төрөлхтний 60 хувь нь оршин амьдардаг Ази тивийн ядуу буурай, бага, дунд орлоготой иргэд, жижиг, дунд бизнес, өрхийн үйлдвэрлэл, мал аж ахуй, тариалан, далай тэнгисийн ан агнуур эрхлэгчид санхүүгийн үйлчилгээг харьцангуй хязгаарлагдмал хүртдэг байдал хэвээр байгааг Зөвлөлдөх уулзалтад оролцогчдод сануулаад, иргэд, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн эрсдэлийг даатгалд хамруулах замаар бууруулах явдал ихээхэн чухал байгааг тэмдэглэлээ.

Улаанбаатар хотноо эхэлсэн Зөвлөлдөх уулзалтад Монгол, Вьетнам, Индонез, Пакистан, Филиппин, Шри-Ланка, Балбын Вант Улсын санхүү, даатгалын зохицуулагч байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцож байна. ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/-ээс хэрэгжүүлж буй "Азийн орнуудад хүртээмжтэй даатгалын зах зээлийг хөгжүүлэхэд зохицуулалтын байгууллагын оролцоо" хөтөлбөр /Хөтөлбөр/-т хамрагддаг дээрх улсуудын төлөөлөгчид Зөвлөлдөх уулзалтаар тус тусын даатгалын зохицуулалт, бодлого, сайн жишээ, бодит туршлагаа солилцон, харилцан суралцаж буй юм.

Нэмүү өртөг шингэсэн зохистой даатгалын бүтээгдэхүүнээр жижиг, дунд бизнесийн эрсдлийг даатгах асуудлыг хөндөн ярилцан эхний хэлэлцүүлгийг Хөтөлбөрийн ахлах зөвлөх, ноён Данте Портула чиглүүлж, Пакистан, Вьетнам, Шри-Ланка, Филиппиний даатгалын болон хөрөнгийн зах зээлийн зохицуулагч байгууллага, иргэний нийгмийн төлөөлөгчид үндсэн асуудлуудыг өрнүүлсэн юм. Эрсдэлээ даатгах нь жижиг, дунд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнд нэмүү өртөг болон шингэж, эргээд бизнес эрхлэгчиддээ өгөөжөө өгдөг байх боломж, энэ талаар өндөр хөгжилтэй орнуудын хуримтлуулсан туршлага, жишээг хэлэлцсэн уг зөвлөгөөний үндсэн сэдвийн цөмд хөдөө аж ахуйд суурилсан жижиг, дунд бизнесийн даатгалд хамруулах асуудал онцгой байх эзэлсэн юм.

Хөдөө аж ахуйн салбаруудад жижиг, дунд бизнес эрхлэгчдиийн эрсдэлийг бууруулах талаар Зөвлөлдөх уулзалтаар тусгайлан хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Хөтөлбөрийн ахлах зөвлөх, хатагтай Шайне Рөүз Булосын удирдсан энэ хэлэлцүүлгийг Монгол, Вьетнам, Шри-Ланка болон Балбын Вант Улсын жишээ баримтанд тулгуурлан ярилцсан юм. Хөдөө аж ахуйн салбарт жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн аж ахуй, мал аж ахуй эрхэлж буй иргэдэд даатгалын хэрэгцээ шаардлага ямар байгааг үнэлэх, одоо хэрэглэгдэж байгаа сайн дурын, бичил болон нийгмийн даатгалаар тэдэнд өгч чадахгүй байгаа өгөөжийг хэрхэн нөхөх зэрэг сэдвүүдийг тус хэлэлцүүлгээр хөндөж, олон улсын туршлага, хандлагын талаарх мэдлэг, мэдээллээ харилцан солилцлоо.

Зөвлөлдөх уулзалтаар хөндсөн бас нэгэн чухал сэдэв бол жижиг, дунд бизнест цаг уурын өөрчлөлт хэрхэн нөлөөлж буй тухай болон сүүлийн жилүүдэд эрс эмэгдэх болсон байгалийн гамшигт үзэгдлүүдийн сөрөг нөлөөллийг хэрхэн даатгалын аргаар бууруулах тухай асуудал байлаа. Ялангуяа Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт багагүй хор хохирол учруулж буй зуд турхан, ган гачиг, газар тариалангийн үйлдвэрлэийн хэмжээг бууруулж буй зуны хэт халуун зэрэг цаг уурын нөхцөлүүд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж буй юм. Байгалийн гамшгийн хохирлыг бууруулах, арилгахад даатгалын хэрэгцээ шаардлага ямар байхыг Азийн орнууд хэрхэн үнэлж, үүнд ямар арга хэрэгсэл, тооцоолол хэрэглэж байгаа талаар туршлагаа солилцов.

Зөвлөлдөх уулзалт маргааш (2017.09.21) уул уурхайн салбарын жижиг, дунд үйлдвэрлэлийн эрсдлийг даатгах болон жижиг, дунд бизнест зориулсан даатгалын зохицуулалт, сорилт туршлага зэрэг сэдвүүдийн хэлэлцүүлгээр үргэлжилнэ. Хэлэлцүүлгүүдээс чиглэл, удирдамж гаргаж, Хөтөлбөрт оролцогч улсуудын зохицуулагч байгууллагууд болон бизнес эрхлэгчдэд өгөх юм.

 

 

Эх сурвалж : СЗХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?