Энэ хүнийг Монголын ард түмэн хэр хэмжээндээ мэдэх. 1956 онд төрсөн. Харин юу юу хийснийг нь сайн санадаггүй. Боловсролтой, чадалтай л гэдэг. Үүнийгээ ч онцлох , сануулах гэж буй мэт томхон ярилцлага, өөрийн бичсэн нийтлэлээ Н.Багабанди ерөнхийлөгчийн оролцоотой гэгдэх "Өнөөдөр" сониноор дамжуулан уншигчдадаа үе үе хүргэх дуртай. Байж болох бүхий л өндөр албан тушаалыг хашсан. Ерөнхий төрх нь аз жаргал дүүрэн инээмсэглэл. Үнэн сэтгэлээсээ инээх нь ховор. Ялангуяа олон нийтийн газар хуурамч инээмсэглэлийн дүр эсгэхдээ сурмаг гэх нь бий. Монгол улсын ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга, Орос улсад Монгол улсаа төлөөлөн суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Намын дарга, Монгол улсын ерөнхий сайд зэрэг нам, төр, засгийн өндөр албан тушаалыг хашсан. Яг одоогоор Монгол улсыг Англи улсад төлөөлөн сууж буй онц бөгөөд бүрэн эрх элчин сайд. Хэдийгээр элчин сайд хүн нам, улс төрийн ажлаас хөндий байх заалттай ч түүнд энэ дүрэм үйлчилдэггүй. 2016 оны УИХ-ийн сонгуулиар ч, 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулиар намын төв штабдаа нөлөөтэй ажилласан гэдэг. Түүний хөрөнгө мөнгө, хөлгүй баяжсан тухай хэвлэлээр гарч байсан ч, хууль хүчний байгууллага няцаалт хийн дарсан. Энэ хүн өөрийгээ сануулах, дурсуулах дуртай. Энэ удаа түүний үйлдсэн хэдхэн зүйлийг өнгөцхөн нэхэн сануулья.
2007 он : АЛБАН ТУШААЛАА Ч АВЬЯ, ХАРИУЦЛАГАА Ч ҮҮРЬЕ
Элчин сайдаасаа буугаад тухайн үедээ эрхэлсэн ажил төрөлгүй явсан С.Баярыг дуудаж, намынхаа штабыг удирдах ерөнхий нарийн бичгийн дарга болгосон гэж ерөнхийлөгч Н.Энхбаяр дурсдаг. Тухайн үед намын дарга, ерөнхий сайдаар М.Энхболд ажиллаж байсан. Тэр жилийн 11-р сард болсон МАН-ын бага хурлаар С.Баяр намын даргаар сонгогдсон.
Түүний хамгийн анхны хийсэн ажил бол : - Албан тушаалаа ч авья. Хариуцлагаа ч үүрье гэдэг үг хэлээд намын даргын тамгаа дөнгөж өгсөн М.Энхболдоос ерөнхий сайдын суудлыг нь булаан авсан. Ерөнхий сайдаар томилогдсон УИХ-ын чуулган дээр С.Баяр олон нийтэд итгэл найдвар төрүүлэхүйц "5 төгөлдөршил" илтгэл тавьсан. Илтгэл дээр хэлсэн ярьснаас хэрэгжих нь бүү хэл, үнэр нь ч үлдээгүй. Түүнчлэн, УИХ-ын өндөр индэр дээрээс ; - Ард түмний амьдрал маргааш биш гэхэд, ойрын ирээдүйд эрс сайжирна. Долларын үнэ өсөх, бензиний үнэ өсөхөөс бид айхгүй болно гэж ард иргэдэд ирээдүйдээ итгэл төрөм үг хэлсэн. Итгэл нь цөхрөл болж хувирсан. (Оюу толгойг ашиглалтанд оруулахаа далд утгаар хэлж байсан бололтой)
2008 он : ӨНӨӨДӨР ХЭЛСНЭЭ МАРГААШ НЬ НЯЦАВ - Ардчилсан намын гэр бүл бүрт олгох 100,000 ( нэг зуун мянган төг) бол бүтэхгүй. Ийм ачааллыг Монголын эдийн засаг дийлэхгүй гэж телевизийн халз ярилцлагад няцаасан. Харин маргааш нь , - Өрх гэр бүл бүрт 1000000 (нэг сая) төг олгоно. Энэ бол манай намын хөтөлбөр. Монголын эдийн засагт ийм чадамж бий. Ингэж өнөөдөр хэлснээ маргааш нь няцааж байсан нь архивт хадгалагдан үлджээ.
2008 он : СОНГОГЧДЫН ИТГЭЛЭЭР ДААЖИГНАН ТОГЛОВ
Манай намыг олонхи болгоод өгөөч. Хамтарна гэдэг бүтэхгүй юм байна гэдгийг хамтарсан Засгийн газрын тэргүүнээр ажиллахдаа ойлголоо. Ингэж намын дарга, ерөнхий сайдын хувьд иргэд, сонгогчдыг уриалсан. Сонгогч түмэн Баярын үгэнд итгэж МАН-д 40 суудал олгож, дэмжсэн. Хариуг нь С.Баяр хэрхэн барив? - Стандарт бус Засгийн Газар байгуулсан. Нөгөө үгүйсгээд байсан АН-тайгаа үгсэн МАНАН-2-ыг дахин байгуулсан.
2008 оны 7-р сарын 01. СОНГУУЛИЙН ТӨГӨЛДӨРШИЛ ГЭЖ САЙХАН ЯРЬСАН ИЛТГЭЛЭЭС 5 САЙХАН ЗАЛУУ АМЬ НАСАА АЛДАВ
Сонгуулийн бужигнаан дунд Монголын таван сайхан залуу амь насаа алдав. Дөрөв нь буудуулж амь насаа алдсан нь сонгуулийн түүхэн дэх хамгийн эмгэнэлтэй үйл явдлаар бүртгэгдсэн. Монголын төр, засаг ямар ч хариуцлага хүлээгээгүй. Үр дүнд нь таван офицер нэмж ял үүрсэн.
2009 оны 7-р сар, наадмын өмнө : САНАСАНДАА ХҮРЧ ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ БАТЛАВ
Шинээр сонгогдсон ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дэмжлэгтэйгээр Оюутолгойн гэрээг УИХ-аар батлуулсан. Намар нь Засгийн газар, Оюутолгой компанитай гэрээ байгуулсан. Ингэж Монгол улсын хамгийн том баялгийг гадныханд найр тавьсан гэрээ хийгдсэн. Монголд ашиггүй гэрээ болсон гэдгийг Монголын толгой эдийн засагч Авирмэд агсан, ерөнхий сайд агсан Бямбасүрэн нарын эдийн засагчид өнөөг хүртэл дүгнэдэг.
2009 оны 11-р сар : ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ БҮХ ШАТАНД ЭЦЭСЛЭЭД ӨӨРӨӨ КАНАД УЛС РУУ " ЗАЙЛАВ"
Оюутолгойн гэрээг бүх шатанд бүрэн эцэслэсэн. Ерөнхий сайд С.Баяр эрүүл мэнд тааруу гэх шалтаг заан гэнэт ерөнхий сайдаа өгч, Канад руу алга болсон. Ийм л үзүүлэлтийг он сараар нь өрж болох нь. Ямар нэгэн дүгнэлт хийхийг зорьсонгүй. Нэг зүйлийг итгэлтэй хэлэхэд, С.Баярт Монголын ард түмэн ямар ч өргүй. Харин Монголын ард түмэнд С.Баяр шиг өртэй хүн байхгүй. Түүний унадаг унаа машин, амьдардаг харш өргөө, эзэмшдэг эд хөрөнгө, дансан дахь мөнгийг нь тоолох зорилго тавьсангүй. Харин түүний үед тохиолдсон, хийгдсэн хэд гуравхан зүйлийг CONTROL.mn нэхэн нэрлэлээ. С.Баяр гэж хүн чинь тэгэхээр хэн байж вэ?
Нийтлэлч Ц.ЭНХБАТ