”ҮЛГЭРГҮЙ” ДАРГА

2017-10-02  

“УУЛЗАХ  ХҮН”  цувралаас

                    

Далаад оны Дарханы залуучуудын байгууллагыг Жанчивын Лхүндэвжамц хэмээх гучин настай залуу удирдахаар иржээ. Тэрбээр бүтэн арван жил энэ залуурыг жолоодсон. Найрамдлын шинэ хотын түүхэнд залуусын амжилт хамгийн их ундарсан алтан үе нь ч болжээ.Гавшгай бригадын хөдөлгөөн оргилдоо хүрч, шинэ бүтээлийн уралдаанд инженер, техникч залуусын сэтгэлгээ улсдаа манлайлан, зургаан орны залуус найрамдлын их наадамдаа хуран чуулж, Дарханы залуу хүн бүр баримталдаг нэр төрийн зарчимаа батлан мөрдсөн нь тод томруун бичигдэн үлдсэн. Залуусын удирдагч Лхүндэвжамц энэ бүхнийг өөрийн багийн хамт олонтойгоо гялалзтал зохион байгуулжээ. “-Шилдэг удирдагч мөртлөө хааяа үлгэргүй зан ч гаргачихдаг байсан” гэж нөхөд нь наргиа болгон дурсдаг. Зарим тийм шигтгээг тольдоё. 

ХОРИОТОЙ БҮЖИГ   

Залуус твист хийж эхэллээ. Намын хороо үүнд дургүйцэв. Аз болоход твистийг Чех, Польш, Унгар, Болгар залуус эхлэн хийцгээсэн. Намын дарга нар тэднийг хориглоно гэж юу байхав. Дарханыг бүтээн босгож байгаа ах дүү социалист орны мэргэжилтнүүдийг шүүмжлэх зүрх хүрсэнгүй. Орос залуус твист бүжиглэхэд зориг муутайхан дагаж хийнэ. Учир нь Дарханд Зөвлөлтийн Комсомолын хороо байдаг, тэднээсээ бэргэсэн хэрэг. Гэтэл удалгүй хэрэг бишдлээ. Орос клубийн арын бүжгийн плошадка дээр болдог бүжгэн дээр хэдэн Монгол залуус твист татна гэж үзүүлж өглөө. Орос Монголгүй тэднийг тойрон бүчиж, хөл гараа савчуулсан ид шидийн гэмээр тэр хөдөлгөөнийг гайхан бишрэх нь тэр. Намын хороо тэр хэдийг болиулахыг Эвлэлийн Хороонд үүрэг болгож Лхү даргад онцлон анхааруулав. Харин Лхү дарга ямар ч алхам хийсэнгүй. Учир нь твист хийдэг нөгөө хэд дээр өчнөөн залуус нэмэгдлээ. Яаж ч хориглох гээд хүч хүрэх шинжгүй. Намын хороо энэ бүжиг яагаад ингэж дэлгэрсний учрыг ол гэж Лхү даргад даалгавар өгөв. Ажилтнууд бид явж судаллаа. Шалтгаан нь маш ойлгомжтой. Үйлдвэр бүрээс Европи явж зургаан сараас жил гаран хүртэл хугацаагаар дадлага хийцгээж ирсэн залуус твист сурч иржээ. Дээд сургуульд сураад төгсч ирсэн инженер залуус ч бас зөндөө байв. Сурсан юмыг сураар боож болдоггүй гэгч болсон нь энэ. Ингэнэ гэдгийг ч Лхү дарга зөн совингоороо мэдэрсэн хэрэг. Тэр цаг үеэсээ түрүүлэн харжээ.

Далаад оны Дарханы залуусын бүжиглэдэг хамгийн тохилог газар нь “Морин хуур” ресторан байсан. Хотын залуучуудын гол арга хэмжээ энд л болно. Далан таван оны намар Дарханы залуусын анхдугаар их наадам болж хотыг бүхэлд нь доргиолоо. Наадмын оргил бүжгийн цэнгээн “Морин хуур”-т болж байв. Наадмын төлөөлөгчид Монгол, Орос,Польш, Унгар, Чех, Болгар залуус бүжгэндээ ид халлаа. Лхү дарга ч бүжгийн тойрогт орж явчихлаа. Хөгжим тэгтэл хөнгөн аяар солигдлоо. Хөөрсөн залуус ч уухайлан твист татацгаав. Бүгд л твист хийж, Лхү дарга ч татагдлаа. Тэр зүгээр нэг олны аяыг дагасангүй, бүр үнэн сэтгэлээрээ хөгжин оройлон бүжиглэв. Үүнийг харж суусан хотын намын хорооны өвгөн дарга тун ч ёозгүй ярвайж суусан гэдэг. Нийгэмд хаалттай байсан хөрөнгөтний бүжгийг залуучуудын удирдагч нь хөхүүлэн дэмжиж бүжиглэхээр арга ч үгүй.

УЛААН ХАЛУУН САВ

Дарханд байгуулагдсан шинэ үйлдвэрүүдийн техник тоноглол их эвдэрдэг болов. Дөнгөж арван жилээ төгсөөд илгээлтээр ирсэн залуус ажил мэргэжилдээ дадлагжих болоогүй байсан нь энэ. Машин төхөөрөмжийн сэлбэгийг гадагшаа захиалж өндөр үнээр авна. Их удаж ирнэ. Лхү даргын толгойд нэг санаа төрлөө. Хэн ч түүнд хэлээгүй энэ бодол нь жинхэнэ инженер хүнийх байв. Их зардалтай техникийн эд ангийг өөрсдөө хийж сурахсан гэж тэр мөрөөджээ. Тэгээд залуу инженерүүдийг цуглуулж зөвлөлдөв. Тэд ямар ч сэлбэгийг дотооддоо хийж чадна гэдгээ амаллаа. Ганцхан нэг сайн багаж л дутаж байгааг хэлэв. Тэр нь маш хатуулагтай ган төмөр зорох суурь машин байв. Тийм машин Орост шинээр бүтээгдсэн гэдгийг ч дуулгалаа. Дарханд нэг ч байхгүй байв. Лхү ням гаригийн амралтын өдөр тааруулан Дархан дахь Комсомолын хорооны дарга Сорокиныг Хараа голын эрэгт гэр бүлээрээ салхинд гаръя гэж урилаа. Агаарт гараад Орос анддаа хэрэг болоод байгаа суурь машиныг олж өгч туслахыг хүсэв. Гэргийд нь урд хөршид үйлдвэрлэсэн цайны улаан халуун сав бэлэглэв. Орос айлууд ийм халуун савыг их сонирхдог байсан цаг. Хээрийн цай ууцгаав. Сорокин Лхүд туслахаар ам өглөө. Гэтэл нэг дэхь өдөр ажил эхлэнгүүт намын хороонд хов хүрчээ. Лхүг Оросуудтай архи ууж, тэдэнд хятад халуун сав бэлэглэсэн хэргээр буруутгав. Тэр өөрийгөө хамгаалсангүй. Ажил хурдан бүтэхийг л далдуурхан хүлээв. Түүнд арга хэмжээ авахыг ховлогч нь шордсоор байлаа. Сорокиноос хариу ирдэггүй. Лхү дотно нөхрийн хувиар түүнд өөрийн хүнд байдлыг хэлэв. Төд удалгүй Лхүг намын хурлаар оруулах тов гарсныг дуулгав. Шийтгэл хүлээх нь тодорхой болжээ. Тэгтэл гэнэтхэн Сорокин утасдав. Свердловскоос шинэ суурь машин иржээ. Бөөн баяр. Машиныг инженер залуусын бүтээлч бригадын ахлагч Пэрэнлэй, Чинбат, Намжилдорж нарт хүлээлгэж өгөв. Хүсэж байсан багажтайгаа болсон залуу инженерүүд үйлдвэрлэлд дутагдаж байсан хамаг л тоног төхөөрөмжийг ээлж дараалан хийцгээлээ. Үйлдвэрүүдийн тасалдсан төлөвлөгөө ч давж биелэв. Европоос хол зам туулж ирдэг өндөр өртөгтэй тоног эд ангиудыг өөрсдөө үйлдвэрлэж ямар их хэмнэлт гаргасан гэж санана. Удалгүй шинжлэх ухаан техникийн улсын хороо тэдний бүтээлд тэргүүн шагнал хүртээв.Дарханы залуу инженерүүдийн санаачилгыг орон даяар нэвтрүүлэхээр намын төв хорооны тогтоол ч гарлаа. Үүнийг сэдсэн Лхү дарга сэтгэл өег даруухан үлдэв. Уралын металлургийн их сургуулиас олж авсан инженерийн мэдлэг нь Дарханы үйлдвэрлэлд үр ашгаа өгсөн нь энэ. Хотын намын хороо өнөөх арга хэмжээгээ дахиж сануулсангүй таг чиг өнгөрөв. 

 

 

Ө.Рагчаасүрэн.  Дархан хот.  Бурхантын хөндий. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Ю.Дулам: Нүдэнд харагдтал бичсэн байна. Тэр үед "Морин хуур" үйлчилгээний төвд сургууль төгсөж ирээд ажиллаж байсан. Мөн салбарын МХЗЭ-ын сонгуультан, залуу боловсон хүчин байлаа. МУУГЗ Ө.Рагчаасүрэн (тэр үеийн эвлэлийн залуу ажилтан)-дээ баяр хүргэе. Ингэж бичихээр бараг таних бизээ. Ажил хөдөлмөрөөрөө шалгарсан залуусыг Лхү дарга монголын 15 залуу, Сорокин дарга оросын 15 залуус + урлагынхан 35 хүн аваад Найрамдлын сараар Буриад улсад Улан-Удэ хотод аялуулж байлаа. Найрамдлын Дархан хотод 10 сар бол "Найрамдлын сар" аар амьсгалсан сар болдог байлаа. Бүх салбрын ажил мэргэжлийн чиглэлээр ах дүү Орос-Монголын мэргэжилтэн хамтарч ажиллан турш**** солилцоно. Оросын агуу ард түмний хоол, үйлчилгээний соёл, ур****ас бага боловч суралцсан нь өнөө хүртэл ажил+амьдралд хэрэгжсээр эдүгээ хүрснийг дурьдахгүй байхын аргагүй юм. 2017-10-02
Ө.Рагчаасүрэн:Юмжирдулам л байна, бид нэг үеийн эвлэлийн ажилтан байлаа, урам хайрласанд баярлалаа, Лхү даргын удирд****нд гялалзуулж явсан олон хүн бий бидний эгнээний, та нар хотдоо ихийг бүтээсэн дээ, 2017-10-02
Хашцэцэг:Авга ах маань байна дарга байсан л гэхээс өөрөөр бид мэдэхгүйээ. Баяраллаа Ара ахаа бахархмаар сайхан түүх байна 2017-10-02
Perenlei Chinbat:Perenlei geed aaviin mini ner dyrdagdjee.Tomoo syyri mashinuud ygsarch baigaa photo zyragnuud baidag baisaan sonirholtoi bolood teruu sain sanaj b n B 2017-10-03
Khayan:Saihan dursamj Lkhu darga maani zurhend sain geed namiin horoonoos ehleed hertei horoolliin hoiguur garaa savaad l alhdag baisan shuu 2017-10-03
Khayan:Heetei horoolol shuu 2017-10-03
Туяа:Миний ах ийм л мундаг залуу хүн шүү дээ 2017-10-03
Ш.ОЮУН:ЭВЛЭЛИЙН ЗАЛУУЧУУДЫН ТУХАЙ НҮДЭНД ХАРАГДТАЛ ҮНЭН БИЧЖЭЭ-НАЙРАМДЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОТ БАЙЛАА,,ҮЙЛДВЭРҮҮД НЬ ОРОН ОРНЫ ГАДААДЫН ЗАЛУУЧУУД АЖИЛЛАЖ ,САЙХАН ДУРСАМЖ БИЧЖЭЭ БАЯРЛАЛАА ДАРХАНЫ ЗАЛУУЧУУД ТЭДЭНТЭЙ МӨР ЗЭРЭГЦЭН АЖИЛЛАЖ ИХ ЮМ СУРЧ БАЙЛАА ШҮҮ, 2017-11-07
Ш.ОЮУН:ЭВЛЭЛИЙН ЗАЛУУЧУУДЫН ТУХАЙ НҮДЭНД ХАРАГДТАЛ ҮНЭН БИЧЖЭЭ-НАЙРАМДЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОТ БАЙЛАА,,ҮЙЛДВЭРҮҮД НЬ ОРОН ОРНЫ ГАДААДЫН ЗАЛУУЧУУД АЖИЛЛАЖ ,САЙХАН ДУРСАМЖ БИЧЖЭЭ БАЯРЛАЛАА ДАРХАНЫ ЗАЛУУЧУУД ТЭДЭНТЭЙ МӨР ЗЭРЭГЦЭН АЖИЛЛАЖ ИХ ЮМ СУРЧ БАЙЛАА ШҮҮ, 2017-11-07
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?