УИХ-ын чуулганд оролцсон 47 гишүүний 100%-ийн саналаар У.Хүрэлсүх ерөнхий сайдаар томилогдохдоо ингэж хэлэв. Тэр амласандаа хүрсэн, хийсэн бүтээсэн ажилтай, ард түмнээ өмгөөлсөн, авилгачдыг хөлдөө сөхрүүлсэн ерөнхий сайд байхаа Төрийн Ордонд тунхаглалаа. Алдагдсан шударга ёс, унасан төрийн нэр хүнд, ядарсан ард иргэд, задарсан баячуудыг буцааж зохих байр байранд тавихаа амлалаа. Монголд төр, ард түмэн, хууль байдаг гэдгийг мэдрүүлнэ. Хуулийн өмнө айж амьдрахаас, хууль сахиулагчдаас айж амьдрахгүй нөхцөлийг бүрдүүлнэ гэж Ү.Хүрэлсүх онцоллоо. Нам дамнасан бүлэглэл төрийг атгандаа базаж, төрийн шийдвэр хувийн компанийн оффист, хундаганы ард гардаг буруу жишгийг таслан зогсоохоо улс орон даяар түгээн зарлалаа. Зориг эс хүрвэл Ухаан эс хүрнэ Гэдгийг санаж зориглон хөдөлнө. Ухаанаа ч сийлнэ. Монгол хүн гэдэс цатгалан Мөр бүтэн Айх аюулгүй Амар амгалан амьдрахын төлөө түүний тэргүүлсэн Засгийн Газар зүтгэнэ. Ард иргэдийн итгэлийг зүтгэлээр л хариулна. Надаас хууль бус зүйл битгий хүсээрэй. Миний тэргүүлэх Засгийн Газраас хууль бус зүйл хийлгэхийг ч бүү шахаж шаардаарай гэж хэлэв. Энэ үгийг УИХ чуулганд түүнийг дэмжсэн гишүүд болон намын нөлөө бүхий шийдвэр гаргагч бүлэгт хандаж хэлсэн үг гэж ойлгож болохоор байв. Харин төрийн албан хаагчдад хандаж, хатуу чанд сахилга бат, хариуцлага, өндөр ёс суртахуунтай ажиллахыг захилаа. Баялаг хуваарилалтад шинэчлэлт хийхээ мөн амлав. Хэдхэн гэр бүлийг тэжээдэг өнөөдрийн хуваарилалтын систем тогтолцоог өөрчилж, нийт ард иргэддээ ээлтэй эдийн засаг бодлого хэрэгжүүлнэ гэдгээ ч илэрхийлэв. Монголд шударга ёс алдагдаж, хариуцлага гэдэг үг үгийн санд балартаж, баян хоосны ялгаа тэнгэрт хадсаныг өөрчлөхөө мэдэгдэв. -Газар дорхи баялагийг газар дээрхи баялаг болгоно. Ядуу иргэнтэй Баян төртэй байснаас, Баян иргэнтэй Цомхон төртэй байхыг илүүд үзнэ. Мөнгө хөмс, нийгэм олон доройтсоныг ойлгож байна. Би ард иргэд, улс орныхоо ирээдүй, сайн сайхны төлөө энгэр заамаа урагдтал тэмцэнэ. Түүнээс би айхгүй байна. Ганцхан зүйлээс айж байна. Ард түмний итгэл найдвар алдрахаас л айж байна гэж ард иргэддээ хандаж хэлэв. Тэр эр цэргийн ёсоор, "Монгол улсын төлөө зүтгэе" гэдэг үгээр өндөрлөв. Ийнхүү Монгол улсын 30 дахь ерөнхийлөгч энэ цаг мөчөөс ажилдаа орлоо. Түүнийг МАН-ын 29 гишүүн дэмжсэнгүй.
Ц.ЭНХБАТ