Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017 оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу Нийслэлийн Хан-Уул дүүрэгт байгаль орчин, газар, геодези, зураг зүй, дэд бүтэц, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуй, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, цацрагийн хяналтын чиглэлээр нийт томоохон 42 обьектод хяналт шалгалт хийж эхлэлээ. Хяналт шалгалтыг 2017 оны 10 дүгээр сарын 2-ний өдрөөс 10 дугаар сарын 18-ны өдрийг дуустал 13 хоногт багтаан хийж гүйцэтгэнэ.
Салбарын хуулиуд, тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, холбогдох норм, стандартын хэрэгжилтэд “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Зөрчлийн тухай”, “Зөрчил шалган шийдвэрлэх тухай” хуульд заасан нийтлэг эрх, үүргийн хүрээнд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, сургалт зохион байгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг гүйцэтгэнэ.
Хан-Уул дүүргийн Засаг даргын хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгөх, Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, дүүргийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Эрүүл мэндийн газар, Үйлдвэр үйлчилгээний хэлтэс, сургууль цэцэрлэг зэрэг төсөвт байгууллага, дүүргийн хувийн мал эмнэлгийн тасаг, мал эмнэлэг, үржлийн нэгжүүд, цэвэрлэх байгууламж, шинээр байгуулагдаж буй хорооллын дэд бүтэц болон дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн хуулиар хүлээсэн үүргийн биелэлтэд үнэлэлт дүгнэлт өгнө.
ЭХ СУРВАЛЖ:МХЕГ