ТӨСӨВ ТОДОТГОХ ШАЛТГААН

2017-10-05  

Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан  эхэлж, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийлээ.     

  Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тусгасан. Үүнд:

1.  Төсвийн давсан орлогоос 500 тэрбум хүртэл төгрөгийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан тэргүүлэх чиглэлийн арга хэмжээ, түүний дотор сургууль, эмнэлэг, аймаг орон нутгийн засаг захиргааны барилгад засвар хийх, төлөгдөх ёстой өр төлбөрийг барагдуулах зэрэгт зарцуулах;

2.  Давсан орлогын тодорхой хэсгийг хуримтлуулах, хуримтлалыг богино хугацаатай зээллэгийг бууруулах, өндөр өртөгтэй өрийг буцаан худалдан авах, мөнгөн хөрөнгийг нэмэгдүүлэх;

3.  Монгол Улсын 2017 оны төсөв батлагдсанаас хойш хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2017 онд бүх хүүхдэд олгох талаар гарсан Засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 201 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх;

4.  2017 оны зуны улиралд нийт нутгийн дийлэнх хэсэгт гандуу, гантай байсны улмаас газар тариалангийн салбарт ургац алдах, мөн бэлчээрийн гарц багатайгаас шалтгаалж мал өвөлжилт хүндэрч болзошгүй тул төв суурин газрын болон хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэлийг хангах зорилгоор орон нутгийн хэрэгцээ болон улсын нөөцөд өвс, тэжээл бэлтгэх, мөн дотоодын хэрэгцээнд дутагдах өвс, тэжээлийг импортлох, ирэх хаврын тариалалтад шаардлагатай үрийн нөөцийн 50 хүртэл хувийг нөөцлөх зэрэг арга хэмжээнд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх;

5.  Мах бэлтгэл, үйлдвэрлэлийг дэмжих, өвөл болон хаврын улиралд махны эрэлт, нийлүүлэлтийн зохистой тэнцвэрийг хангах, үнийн тогтворжуулах зорилгоор мах бэлтгэх, нөөц бүрдүүлэх дотоодын аж ахуйн нэгжид эргэлтийн хөрөнгийн дутагдлыг нөхөх зориулалтаар авах зээлийн хүүгийн хөнгөлөлтөд төсвөөс дэмжлэг үзүүлэх;

6.  Хүн амын өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах, эрүүл мэндийн даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад учирдаг санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор өндөр өртөгтэй эрүүл мэндийн мэс заслын тусламж үйлчилгээний санхүүжилт, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд элэгний С вирусын идэвхжил тодорхойлох шинжилгээний зардал болон шинээр ашиглалтад орж үйл ажиллагаа нь өргөжиж буй тусламж үйлчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлэх;

7.  Өмнөх онуудад үүссэн шүүхийн шийдвэрийн дагуу иргэд, аж ахуйн нэгжид төрөөс олгох нөхөн төлбөр, хохирлыг барагдуулахад шаардагдах хөрөнгийг төсөвт тусгах;

8.  Төсвийн зарцуулалтын үр ашигтай байдлыг хангах зарчимд нийцүүлэн төсвийн 2017 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэл, салбарын яамдаас бодлого, хөтөлбөрөө хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага байгааг харгалзан Төсвийн ерөнхийлөн захирагч нарын батлагдсан төсөвт зарим зохицуулалтын шинжтэй өөрчлөлтийг төсвийн тодотголд тусгах;

9.  Өмнөх жилүүдэд гэрээ нь хийгдсэн “Барих-Шилжүүлэх” концессийн төслийн эргэн төлөлт, хөнгөлөлттэй зээлийн Монголын талын хариуцах санхүүжилт болон шүүхийн шийдвэртэй болон бусад өр төлбөрүүдийг барагдуулах зэрэг болно гэдгийг Ерөнхий сайд танилцуулгадаа онцлов.

Улсын Их Хурлын чуулганы хуралдаан түр завсарлаж, үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?