БАГШ НАР ТЭМЦЭЖ БАЯРЛАВ

2017-10-06  

Жил бүрийн аравдугаар сарын 5-нд дэлхийн багш нарын өдөр, Монголын багш нарын баярыг тэмдэглэж ирсэн. Гэтэл энэ жилийн баяраар “Багш багшдаа тусалъя” Монголын багш нарын анхдугаар онц их хурал МҮЭСТО-д болж, 21 аймаг, есөн дүүрэг, 329 сумын цэцэрлэг, сургуулийн багш, бусад төлөөлөл оролцлоо. Энэ хурлаар багш нарын цалин нэмүүлэх гарц, шийдэл, мэргэжлийн үнэлэмж, бодлого, тулгамдаж буй асуудал, гарц, багшийн хөгжлийн хуульд санал оруулах талаар ярилцсан юм. Мөн багш нар “500 мянган төгрөгийн цалинтай, зээлээс зээлийн хооронд, орон нутгийн багш нар айлын хашаа түрээсэлж өрийн дарамт дор амьдарч байна. Эрт дээр үеэс багшийг шүтэж, хайрладаг, багшид мөргөдөг уламжлалтай ард түмэн байсан. Энэ хүнд цаг үед өөрсдийнхөө төлөө тэмцэхгүй бол бидний төлөө хэн ч тэмцэхгүй. Өнөөдөр энэ тэмцлийн галыг асааж өгсөн Ц.Мөнхтуяа, түр хорооны 13-даа баярлалаа. Багш нар төрийн байгууллагад хамрагдаж байрны урьдчилгаа төлөх боломжтой гэдэг ч 500 мянган төгрөгнөөс хуримтлал үүсгэж чадахгүй. Юу ч идэж, өмсөхгүй таван жил цалингаа хадгалж байж 20 сая төгрөг цуглуулаад байрны урьдчилгаа 30 хувьдаа хүрнэ. Энэ янзаараа хэзээ ч орон сууцтай болохгүй. Өнөөдөр сайд, дарга нар нь оройн хоолондоо 500 мянган төгрөгийн хоол идэж байгаа. Сонгууль болохоор бүгд хүүхэд, багшид хайртай болдог ийм нийгэмд бид амьдарч байна. Салбарын сайд нь сошиалаар багш нарыг 800 мянган төгрөгийн цалин авдаг гэжээ. Багш болгон анги даадаггүй, мэргэжлийн зэрэггүй, өрөөгүй. Ихэнх багш нь залуу. Багш нар юугаар амьдарч, юугаа идэж уух вэ. Ядаж л санаа зовохгүйгээр олон хүүхдийн өмнө аятайхан хувцаслаад гармаар байна. 2013 оноос хойш инфляц 45 хувиар өссөн ч энэ хугацаанд багш нарын цалинг 15 хувиар л нэмсэн” хэмээн ярьж байлаа.

БИД ХҮҮХДЭЭ ХОХИРООХГҮЙ, ТЭДЭНДЭЭ ХАЙРТАЙ

Энэ үеэр 53 дугаар сургуулийн захирал Ж.Батзориг хэлэхдээ “Нийгэм, сошиал орчинд биднийг жил бүр тэмцэж байгаад цалингаа нэмүүлдэг гэсэн буруу ойлголт байгаа. Төр, засаг нь инфляцтайгаа уялдуулаад цалингаа нэмж баймаар байна. Багш нар ажил хаяж, хүүхдүүдийг хохироож, улс орныг болохоо байлгалаа гэдэг. Бид ажлаа хаясан ч хичээлээ агуулгаар нь хүргэж чадна. Бид хүүхдээ хохироохгүй, тэдэндээ хайртай. Багш нарынхаа өмнөөс уучлал гуйж байна. Аргагүйн эрхэнд багш нар нь ажил хаялаа. Гэхдээ та нарыгаа хохироохгүй, хичээлээ заавал нөхнө. Олон мянган шавь, эцэг эхчүүд минь ойлгож уучилна гэдэгт итгэж байна. Бидний өмнө тулгамдаж байгаа олон асуудал бий. Зүгээр ярьж, хэлээд өнгөрөх биш, урдаа барьдаг хуультай болох ёстой. Өнөөдөр онц их хурлаар багшийн хөгжлийн тухай хуулийн асуудал орж ирсэнд талархаж байна. Хуулийн төсөлд алдаа, оноо их бий. Энэ бол хуулийн төсөл, гэхдээ энэ намрын чуулганаар орж хэлэлцэгдээд батлагдана. Хуулийн ажлын хэсэгт түр хорооноос орсон байгаа, та бүхэн саналаа өгөх ёстой” гэсэн юм.

ЭНЭ ОНДОО БАГТААН ХЭЛЭЛЦҮҮЛЖ, ШИЙДВЭРЛҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

БСШУСЯ-наас багшийн цалинг нэмэгдүүлэх асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд харилцан ойлголцол, хамтын оролцоо, нээлттэй зарчмаар хэлэлцэж, шийдвэрлэх байр суурийг баримталж байна. Багшийн цалинг нэмүүлэх түр хорооноос цэцэрлэг, ЕБС-ийн багш нарын үндсэн цалингийн доод жишгийг 1.6 сая төгрөгт хүргэх шаардлагыг тавьсан. Засгийн газраас багшийн цалинг нэмүүлэх шаардлагыг хууль тогтоомжид заасны дагуу хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Улсын хэлэлцээрийн хүрээнд шийдвэрлэх, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос ирүүлсэн төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс үе шаттайгаар 30 хүртэл хувиар нэмэгдүүлэх саналыг холбогдох талуудын хэлэлцээг зохион байгуулж, нэмэлт хэлэлцээрийг байгуулан шийдвэрлэх байр, суурийг илэрхийлээд байгаа. Тиймээс БСШУСЯ-наас багшийн цалин, хөлсний шинэ тогтолцоог нэвтрүүлэх гэж байгаатай холбогдуулан нээлттэй хэлэлцүүлгийг улсын хэмжээнд зохион байгуулж эхэлсэн. Багшийн хөдөлмөрийн үнэ цэнийг дээшлүүлэх, цалин хөлсийг нэмэгдүүлэх, ажлын үр дүнгээр цалинждаг цалин хөлсний шинэ тогтолцооны эрх зүйн багц зохицуулалтыг энэ ондоо багтаан хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхээр ажиллаж байна хэмээн салбарын яамнаас мэдэгдлээ.

ЭЦЭГ ЭХЧҮҮД БАГШ БОЛОВ

Багш нарын онц их хурал хуралдаж байх үеэр төвийн болон хотын захын сургуулиудын үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа талаар тодруулсан юм.   Сүхбаатарын одонт 23 дугаар дунд  сургууль “Эцэг эхийн нэг өдөр” нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулжээ. Энэ жил тус сургуулийн 60 жил тохиож байгаа бөгөөд ойгоо угтаж “Сурагчийн нэг өдөр”, “Эцэг эхийн нэг өдөр”-ийг тав дахь жилдээ зохион байгуулж байна. Эцэг эхчүүдэд сургууль, багш нарын ажлыг ойлгуулах зорилгоор энэ өдөр аав ээжүүд, багш  болж хичээл заадаг уламжлалтай. Ингэснээр сурагч, багш, эцэг эхийн хамтын ажиллагаа сайжирч, хүүхдүүд багш, аав ээжээрээ бахархах сэтгэл төрдөг гэж тус сургуулийн Нийгмийн ажилтан Г.Эрдэнэчимэг ярив. Мөн хүүхдүүд мэргэжлээ сонгоход дөхөм болдог ажээ. Энэ үеэр 6а ангид Монгол хэлний хичээл зааж буй Ц.Мягмар “Би хүүгийнхээ ангид дөрөв дэх жилдээ Монгол хэлний хичээл зааж байна. Багш гэдэг эрхэм нэрээр дуудуулж эх хэлний тухай хүүхдүүдэд хичээл заах завшаан олдож буйд баяртай байдаг. Хүүхдүүд жил бүр “М.Бадрангуйгийн ээжээр хичээл заалгая” гэж санал гаргадаг гэсэн. Анх III ангид “Хариу нэхээгүй ач тус гэж юуг хэлэх вэ” гэдэг сэдвээр  нэг түүх ярьж өгөхөд хүүхдүүдийн сэтгэлд хоногшсон юм билээ. Бүх багш нартаа баярын мэнд дэвшүүлье” гэж сэтгэгдлээ илэрхийллээ.

ЦАЛИНГАА НЭМҮҮЛЭХИЙГ ДЭМЖИЖ БАЙГАА Ч АЖИЛ ХЭВИЙН ЯВЖ БАЙНА

“Амгалан” цогцолбор сургуулийн захирал Н.Өлзийсайхан “Манай сургууль нийт 183 багш, ажилтантай. Энэ хичээлийн жилд 2819 суралцагчтай сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Багшийн цалинг нэмүүлэх түр хорооноос цэцэрлэг, ЕБС-ийн багш нарын үндсэн цалинг нэмэх шаардлагыг Засгийн газарт хүргүүлээд байгаа. Манай сургуулийн багш, ажилчид энэ шаардлагыг дэмжин ажиллаж байгаа. Хоёр дахь удаагийн сануулах ажил хаялтад бүх багш маань нэгдэж оролцсон. Харин өнөөдрийн хувьд, сургалтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Монголын багш нарын баярын өдөр тохиож байгаа учраас багшийнхаа үйл ажиллагааг сурталчилах, сурагчдад хичээл заах, багшийнхаа ажилтай танилцах боломж олгох үүднээс “Сурагчдын нэг өдөр”-ийг зохион байгуулж байна” гэсэн юм.

 

Эх сурвалж : “Зууны мэдээ” сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?