Монгол Улсын анхны ерөнхийлөгч, академич Пунсалмаагийн Очирбат “Монгол Улсын Үндсэн хууль /хэрэгжилт, хяналт, судалгаа/ хэмээх шинэ бүтээлийн нээлтээ өнгөрсөн баасан гараг /2017-10-06/-т хийлээ.
Энэ бүтээлдээ Үндсэн хуулийн хэрэгжилтийг хуулийн зүйл, заалт бүртэй хадаж гаргахыг хичээсний учир нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эмзэг газрыг тодорхойлоход дөхөм байж магад гэж бодохын хамт Үндсэн хуулиа яаран битгий хөндөөсэй гэсэн давхар санааг агуулсан гэдгээ зохиогч өмнөх үгэндээ онцолжээ.
Номын нээлтэд оролцож үг хэлсэн эрдэмтэн судлаачид, төр, нийгмийн зүтгэлтнүүд энэ ном нь цаг үеэ олсон нийгмийн захиалгат бүтээл болсныг тэмдэглэхийн сацуу Монгол Улсын Үндсэн хуулийн хөгжлийн түүхийг хууль зүйн болон түүхийн шинжлэх ухааны үүднээс үнэлж дүгнэсэн, Үндсэн хуулийг хэрэгжилт, хяналт, судалгаа гэсэн гурван тулгуур талаас нь цогц авч үзсэн том бүтээл болсон байна хэмээн үнэллээ.
Ц.БАТТУЯА