Өнөөдөр Монгол цэргийн баярын өдөр. 1921 оны гуравдугаар сарын энэ өдөр Сүхбаатар жанжнаар удирдуулсан Ардын цэргийн арми хүчээр хэд дахин давуу гамингуудыг бут цохин Хиагт хотыг чөлөөлсөн байдаг. Энэ үйл явдлыг түүхийн шаргал хуудаснаа “Хиагтыг чөлөөлөх дайн хэмээн” бичигджээ. Эл түүхэн өдрийг Монгол цэргийн өдөр хэмээн нэрийдэн 96 дахь жилдээ тэмдэглэж байна.
Харин манайхан энэ өдрийг эрчүүдийн баяр болгон нийтээрээ тэмдэглээд дасчихсан. Тэгвэл энэ баярын талаар хүүхдүүд ямар ойлголттой явдгийг сонирхоё.
Нийслэлийн 21 дүгээр сургуулийн 3г ангийн сурагч А.Лхагвацэрэн
“Өнөөдөр миний баяр биш. Би өглөө босоод аавдаа цэргийн баярын мэнд хүргэсэн. Аав маань цэргийн алба хаасан учраас. Өдөр очоод цаасан дээр гоё юм зурж өгье гэж бодож байна. Мартын 8 ч гэсэн эх хүний, ээжүүдийн баяр. Охидууд л өөрсдийнхөө баяр гэж бодоод байдаг”
-Нийслэлийн 21 дүгээр сургуулийн 3г ангийн сурагч А.Пүрэв-Очир
“Өнөөдөр цэргүүдийн болон томчуудын баярын өдөр. Гэхдээ би мартын 8 –аар хоёр охинд бэлэг өгсөн болохоор өнөөдөр хоёр бэлэг авчихлаа. Харин миний баяр 6 сарын 1-нд болно. Би том болоод цагдаа болж Улаанбаатар хотоо хамгаална гэж боддог. Тэгэхээр л цэргийн баярыг тэмдэглэдэг болох байх“
Нийслэлийн 21 дүгээр сургуулийн 3г ангийн сурагч Г.Гэрэлт-Од
“Эх орноо “цээжээрээ” хамгаалсан хүмүүсийн баярын өдөр гэж боддог. Цэрэг бол биеэ хаа нь булчинтай, тэвчээр хатуужилтай баатар хүмүүс байдаг. Хэрвээ жоохноосоо цэрэгт явдаг байсан бол өнөөдөр бид нар ч бас баярлаж болно”
Тэдний хувьд цэргийн баярыг цэрэгт явсан хүмүүсийн баяр гэдэг дээр бат зогсож байв. Гэхдээ томчууд бүгдээрээ цэрэгт явсан, яваагүй гэдэг дээр нэлээд маргалдсан шүү. Гуравдугаар ангийнхан ийм бодолтой байна. Харин энэ гуравтай уулзахаас өмнө 1а ангийн сурагч Ц.Тэмүүжинтэй түр хууч хөөрсөн юм. Тэмүүжингийн хувьд аав нь цэргийн алба хаасан учраас өнөөдөр өөрийнх нь баярын өдөр гэдэгт огчтхон ч эргэлзэхгүй байлаа. Тэрээр өнөөдөр бүх эрчүүд баярлах нь зөв гэж бодож байгаагаа ч шулуухан хэллээ. Хүүхдүүд ийм бодолтой байна. Харин та юу гэж бодож байна.
А.САЯН