ЗАЛУУЧУУД ГАМШГИЙГ БУС ГАЙХАМШГИЙГ БҮТЭЭНЭ

2017-10-13  

Хаа нэгтээ хөл дор хөглөрөх тамхины иш, хоосорч хоцорсон архины шил, хөл дээрээ тогтож чадахгүй залуус архины эхүүн үнэр ханхлуулан явах нь өнөөгийн нийгэмд байдаг л нэг үзэгдэл болсон гээд хэлэхэд маргах хүн үгүй биз. Аливаа улс орны хөгжлийн гарц нь залуучууд гэж ярих нь бий. Тэгвэл нийт хүн амын 30 гаруй хувийг залуучууд эзэлдэг гэх Монгол Улсын хувьд энэ дүр төрх тун харамсалтай.

Учир нь сүүлийн үед залуучуудтай холбоотой гарсан судалгаанууд дундаас хамгийн чухал бөгөөд сэтгэл эмзэглүүлэм тоо баримтыг дурдсан нь эрүүл мэндийн судалгаа болжээ. Тодруулбал, Үндэсний статистикийн газраас 2016 онд Монгол Улсын нийт хүн амын 34.6 хувийг залуучууд эзэлж буй талаарх судалгаа гаргажээ. Манай улсын нийт залуучуудын  гуравны нэг нь архи, тамхи, согтууруулах ундаа хэрэглэдэг, жингийн илүүдэлтэй, шийтгэгдсэн иргэдийн 75, ДОХ/ ХДХВ –ын халдвар авсан иргэдийн 41.2 хувийг 18-30 хүртэлх насны залуучууд эзлээд байна. Мөн архины хамааралт элэгний өвчнөөр өвчилсөн зургаан хүн тутмын нэг нь залуу хүн байгаа талаар дурджээ.

Үүнээс харахад, залуучуудын дунд эрүүл амьдралын зөв хэв маягийг суулгах зайлшгүй шаардлага тулгараад байгаа юм. Тэгвэл үүнтэй холбогдуулан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэмжлэгтэйгээр оюутан, залуучуудыг эерэг хандлагад уриалж, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх арга замын талаар сурталчлан таниулах, эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг ойлгуулж, эрүүл мэндийн зан үйлтэй холбоотой бусад мэдээ мэдээллийг хүргэх, үзлэг шинжилгээнд сайн дураараа хамрагдах сэдлийг бий болгох зорилгоор “Эерэг хандлага-Эрүүл оюутан” аяныг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.

Тус аяны нээлтийн үйл ажиллагаа Отгонтэнгэр их сургуулийн Хурлын танхимд боллоо. Аяны нээлтийн үйл ажиллагаанд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх, Отгонтэнгэр их сургуулийн Хүмүүнлэгийн сургуулийн захирал Б.Одгэрэл болон тус сургуулийн оюутнууд оролцов.

“Эерэг хандлага-Эрүүл оюутан” аяны үеэр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар байгуулагдаад нэг жил болж байна. Бид өнгөрсөн жилээс эхлэн оюутан, залуучуудын дунд “Эерэг хандлага-Эрүүл оюутан” аяныг зохион байгуулсан. Яагаад энэ аяныг зохион байгуулах болсон гэвэл, залуучуудтай холбоотой бүх л статистик тоо баримтыг үзэхэд тэдний хандлагыг өөрчлөх цаг ирсэн нь харагддаг.  Өөрөөр хэлбэл, гэр бүл төлөвлөлт, эрүүл мэнддээ хэрхэн анхаарах тухай мэдлэг мэдээлэл, эерэг хандлага залууст алга. Үүнээс шалтгаалан шулуухан хэлэхэд олон залуучууд айл гэр болж тоглож байна. Гэхдээ залуучуудыг хэт үгүйсгэх нь өрөөсгөл юм. Учир нь өнөөгийн нийгэмд залуусын эрүүл мэндийн талаар мэдээлэл авах эх үүсвэр нь алга байна.Тиймээс бид өнгөрсөн жилээс “Эерэг хандлага-Эрүүл оюутан” аянг эхлүүлсэн. Бид өмнө нь оюутнуудын эрүүл мэндийн даатгалын төлөлтөд анхаарч байсан. Харин энэ жил оюутан, залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэхэд уриалах, хорт зуршлын хор хөнөөллийг ойлгуулах зорилго тавин ажиллаж байна. Манай улсын хүн амын 30 гаруй хувийг залуучууд эзэлдэг. Гэтэл гурван залуу тутмын нэг нь архи, тамхи зэрэг хорт зуршлын хамааралтай гэсэн судалгаа гарсан. Сүүлийн үед залуучууд хар тамхи, мансууруулах бодисыг ч хэрэглэх болсон. Тиймээс залуучуудын дунд эрүүл мэндийн талаарх зөв ойлголтыг бий болгох, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх нэн шаардлага тулгарсан. Тэдний хандлагыг өөрчилж, зөв хандлагыг төлөвшүүлэх хэрэгтэй” гэв.

Мөн нээлтийн үеэр “Эерэг хандлага-Эрүүл оюутан-2016” аянг өрнүүлснээр олон эерэг үр дүн гарсан талаар зохион байгуулагчид онцолж байлаа. Тухайлбал, шинээр 5435 оюутан эрүүл мэндийн даатгалд хамрагдаж, залуучуудын эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх зэрэг олон ажлыг хийсэн гэнэ. Өөрөөр хэлбэл, тус аяныг эхлүүлэхэд оюутнуудын эрүүл мэндийн даатгалын төлөлт 10 гаруй хувьтай байжээ. Аяны дараа энэ тоо 40 гаруй хувь болтлоо өссөн аж. Тус аян энэ сарын 20 хүртэл үргэлжлэх бөгөөд нийслэл болон орон нутаг дахь томоохон их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн оюутнуудад хорт зуршлаас урьдчилан сэргийлэх арга замууд болон эрүүл мэнд нөхөн үржихүйн зан үйлийн талаарх зөвлөгөө мэдээллийг хүргэх юм байна. Мөн аяны үеэр Залуучуудын хөгжлийг дэмжихэд чиглэсэн төрийн бодлого хөтөлбөрийн ерөнхий ойлголтыг авахаас гадна Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрт саналаа өгөх боломжтой аж. Энэ үеэр бид хамтран ажиллагч байгууллагын төлөөлөл болон оюутан залуустай уулзаж, цөөн хором ярилцлаа.

М.Мөнхтуяа : Залуустаа хорт зуршлаас өөрийгөө хамгаалъя гэж уриалмаар байна /Оюутан/

Миний бодлоор “Эерэг хандлага-Эрүүл оюутан” аян маш үр дүнтэй болж байна. Яагаад гэвэл, залуучууд тэр бүр хорт зуршил болон нөхөн үржихүйн талаарх мэдээлэлтэй байдаггүй. Ялангуяа нөхөн үржихүйн боловсролыг арван жилд л цухасхан дурдаад өнгөрдөг. Үүнээс болж жирэмслэлт залуужиж, олон залуус салж байгаа болов уу гэж боддог юм. Харин хорт зуршлын тухайд гэвэл хувь хүнээс л шалтгаална. Хэрвээ тэр хүн үнэхээр өөрөө хүсвэл архи уухгүй, тамхи татахгүй байж чадна. Яах вэ, зарим нь залуучууд нэг нэгнийгээ дуурайгаад эсвэл сэтгэл санаагаар унаад архи, тамхинд орсон байдаг. Янз бүрийн л шалтгаантай. Гэхдээ сая хүмүүсийн тавьсан илтгэлээс сонсоход харамсалтай тоо баримт их байна. Архины хамааралтай өвчтөний зургаан хүн тутмын нэг нь залуучууд байна гэсэн.  Тийм болохоор залуучууд бид хандлагаа өөрчилж, биеэ бодох хэрэгтэй. Залуустаа хорт зуршлаас өөрийгөө хамгаалъя гэж уриалмаар байна.

Х.Гантулга:”Эерэг хандлага-Эрүүл оюутан” аян хэрэгтэй олон мэдээлэл өгсөн /Оюутан/

Ер нь ихэнхдээ залуучууд тамхийг сонирхох байдлаар татдаг. Найз нөхөд нь татахаар дагаад татаж эхэлдэг. Гэвч дараа нь тамхиа хаяж чадахаа больдог. Миний бодлоор найз нөхдийн хүрээлэл архи, тамхи хэрэглэхэд нөлөөлдөг. Хааяа найзуудтайгаа шоудах үе бий. Үүнээс болж элдэв асуудал ч гарч байсан. Энэхүү аяны хүрээнд хорт зуршлын талаар нэлээд мэдээлэлтэй болж авлаа.

Б.Номин: Залуучуудын хандлагыг өөрчлөхөд гэр бүл чухал үүрэгтэй /Оюутан/

Залуучууд мэдсээр байж хорт зуршил хэрэглэж байгаа нь хувь хүний ухамсар, гэр бүлийн хүмүүжил, өссөн орчин нь чухал нөлөөтэй. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ дэргэд архи, тамхи хэрэглэдэг. Энэ нь хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлдөг гэж би боддог. Ялангуяа өсвөр насны хүүхдүүд бусдыг даган дуурайх гээд байдаг. Бид жаахан дүүгээ ч юм уу, хүүхдээ тоглоод өхөөрдөх байдлаар энэ пивоноос уучих гээд уулгадаг шүү дээ. Бидний энэ үйлдэл тухайн хүүхдэд “Өө ууж болдог юм байна” гэх хандлагыг суулгадаг юм шиг санагддаг. Тэгэхээр гэр бүлийн хүмүүжил, орчин маш чухал. Манай үеийнхэн дунд хорт зуршилгүй хүн ховор болсон. Гараад гудамжаар явахад л ихэнх нь гартаа тамхи барьчихсан, тав дахь өдөр баар, цэнгээний газарт байдаг. Энэ бүхнийг залуучууд бид л өөрчлөх ёстой. 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?