БОТАНИКТ ЭМНЭЛЭГ, СУРГУУЛИЙН ЦОГЦОЛБОР СҮНДЭРЛЭНЭ

2017-10-16  

-АШУҮИС-ийн сургалтын бааз эмнэлэгт Япон улс бүх талын тусламж үзүүлнэ-

Жилийн дөрвөн улирлын аль ч өдрүүдэд хөл ихтэй угтдаг, ачааллаа дийлэхгүй шахам ажилладаг газар бол дүүргүүдийн эмнэлэг. Ялангуяа, хүйтэн сэрүүний улиралд ор тасгийн хүрэлцээ хангамж ярьж, хонгил дүүрэн хүн хэвтэж эмчлүүлдэг. Улсын гурав дахь шатлалын эмнэлгүүдээс ч бас энэ дүр зургийг харж болно. Тэгвэл эдийн засгийн хямралтай энэ үед төр, засгийн нуруун дээрх энэ хүнд ачааг гадны зээл тусламж, төсөл хөтөлбөрүүд хөнгөлдөг гэхэд буруудсан болохгүй. Тэр тусмаа Япон улсаас  хэрэгжүүлж буй олон төсөл хөтөлбөрийг онцлох хэрэгтэй байх. 2017 оны гуравдугаар сарын байдлаар Япон улсаас нийт 504 төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Эдгээрээс хамгийн их хүлээлт дагуулж буй нь бидний “мөнхийн сэдэв” болсон эмнэлгийн ачааллыг хөнгөвчлөх, II,III дахь шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх, Монгол-Японы хамтарсан сургалтын бааз эмнэлэг барих төсөл  юм.

Монгол Улсад анх удаа баригдаж буй анагаахын сургуульд түшиглэсэн энэ эмнэлгийг 2018 оны долдугаар сард Монголын талд түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлтэйгөөр барьж байгаа билээ.  Тиймээс бид энэ удаа Япон улсын ЭСЯ-тай хамтран Монгол Улсад хэрэгжүүлж буй тусламжийн хөтөл­бө­рүүдээс онцлон АШУҮИС-ийн сур­галтын эмнэлгийн ба­рилгын ажлын явц, үйл ажил­лагаатай танилцсан юм.

“СУРГАЛТЫН ЭМНЭЛГИЙГ ЕСӨН САРЫН ДАРАА ХҮЛЭЭЖ АВНА”

Биднийг очиход АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар болон холбогдох албаны хүмүүс тодорхой мэдээллүүдийг өгсөн юм. “Монгол-Японы сургалтын бааз эмнэлгийг барих төсөл амжилттай хэрэгжсэнээр олон улсын стандартад нийцсэн эмнэлгийн тусламж үйлчилгээг  иргэдэд хүргэнэ. Мөн мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн эмч нарыг бэлтгэх боломж бүрдэнэ” гэдгийг албаныхан онцолж байв. Япон улсаас хэрэг­жүүлж буй энэ тусламжийн хөтөлбөр нь дан ганц эмнэлгийн барилгыг барьж өгөхөөр хязгаарлагдахгүй юм байна. Энэ төсөл нь Монголд анхны их сургуулийн эмнэлгийг барьж байгуулахаас гадна тус эмнэлэгт хэрэг болох тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэх, эмнэлгийн дотоод зохион байгуулалт, менежментийг боловс­ронгуй болгох, эмч, мэр­гэжилтнүүдийг сургалтад хамруулах, мэргэшүүлэх гээд бүх талын тусламж үзүүлэх ажээ. Төслийн нийт өртөг 7 тэрбум 985 иен буюу ойролцоогоор 174 тэрбум 400 сая төгрөгийн бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна.

Одоо эмнэлгийн барилгыг хүлээж авахад есөн сарын хугацаа үлдээд байгаа аж. Хүйтэн сэрүүний улирал гэж цаг алдалгүй, бүхий л ажил технологийн дагуу, стандарт шаардлага, жилийн төлөвлөгөөний дагуу урагшилж байгааг барилгын ажил удирдсан дарга нар хэлж байсан юм. Сургалтын бааз эмнэлэг нь зохион байгуулалтын хувьд, 150 ортой байхаар төлөвлөгдсөн байна.  Их сургуулийн эмнэлгийн хэтийн зорилго нь Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах.  Тиймээс  дотрын тасаг, мэс засал, хүүхэд, эмэгтэйчүүд, яаралтай тусламж, сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасаг бүгд байхаар төлөвлөсөн гэдгийг албаныхан дуулгав.

АШУҮИС нь сургалтын бааз эмнэ­лэгтэй болсноор сур­галтын чанар, төг­сөгчдийн чанарыг дээшлүүлэх, анагаахын сургууль нь дан ганц оюутны төлбөрөөр санхүүждэг бус сан­хүү­­жүүлэх өөр эх үүс­вэрүүдийг эрэл­хийлэх гээд олон шинэ боломжууд бүрдэж байгааг албаны хүмүүс хэлж буй. Энэ талаар зарим хүний сэтгэгдлийг сонссон юм.

ЖИЛД 192 МЯНГАН ХҮНД ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ

АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар:

-Уг төсөл хэрэгж­сэнээр АШУҮИС нь анагаах ухааны ололт амжилтыг нэвтрүүлсэн үндэсний шилдэг эмнэлэгтэй болох боломж бүрдэж байгаа юм. Дэлхийн шилдэг эмнэлгүүдэд ашиглаж байгаа хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдэд суурилсан үйлчилгээг хүн амд хүргэнэ. Амбулаториор өдөрт 600, жилд 192 мянган хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлнэ гэсэн тооцоог бид гаргасан. Хэвтэн эмчлүүлэхээр 4.300 орчим хүнд үйлчилж, ойролцоогоор 2300 орчим мэс засал, 10 гаруй мянган дүрс оношлогооны ажлыг гүйцэтгэхээр төлөвлөж байна. Цаашид эмнэлгийн үйл ажиллагаа тогтворжиж, эмчилгээ үйлчилгээний төрөл өргөсөх тусам энэ эмнэлгээр үйлчлүүлэх үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэнэ.

Эмнэлгийн барилгын ажилд “Yamashita Sekkei” inc, Azusa Sekkei., LTD хоёр барилгын компани маш сайн хяналт тавин ажиллаж байна. Бүх ажил төлөвлөгөөний дагуу явж байна.

 

 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?