Дөрөвхөн настай бяцхан хүү нохойд уруулсны улмаас шархаа даалгүй амиа алдсан харамсалтай мэдээг бид өмнө хүргэсэн. Тодруулбал, энэ сарын 16-ны өдөр “Шороотын задгай” тоотод оршин суух дөрвөн настай хүү “дундад ази” үүлдрийн нохойд уруулж, хүзүү мөр, гэдэсний зүүн хэсэг, зүүн гуяандаа хүнд гэмтэл авсан байна. Түүнийг ГССҮТ-ийн “Эрчимт эмчилгээний тасагт” шилжүүлсэн боловч хэвтэн эмчлэгдэж байгаад өчигдөр шархаа даалгүй нас барсан юм.
Хүүг хазсан нохой тус хороонд суух иргэн 44 настай Э-ийнх байсан бөгөөд тухайн өдөр иргэн Э гэртээ байгаагүй, нохой нь уяагүй, сул чөлөөтэй байжээ. Одоогоор нохойны эзэнд эрүүгийн хэрэг үүсгээд байна. Түүнд Монгол Улсын үндсэн хуулийн 201.2-оор нь зүйлчилж шийтгэл оногдуулах юм.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201-р зүйлд
201.1.Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний бие махбодийг хөнгөн буюу хүндэвтэр гэмтээсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
201.2.Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
А.САЯН