ОХИДОО ХААНА НУУХ ВЭ?

2017-10-17  

Хойд эцэг нь таван настай охиныг хүчиндсэн жигшүүрт хэрэг нийгмийг цочроож, “Хүчирхийлэгчийг цаазал” гэсэн үзэл бодлын давалгаа олон нийтийн сүлжээнд өрнөж байна. Энэ бол цэцэг цэврүү шиг охидоо гаж донтой хүчирхийлэгчдээс хэрхэн хамгаалах, хаана нуухаа мэдэхгүй аргаа  барсан хүмүүсийн  хүчин  мөхөсдсөн тэмцэл юм. Үнэндээ бага насны хүүхдийг хүчирхийлсэн жигшүүрт хэрэг олны анхааралд өртөх бүрт олон мянган ээж, аав, ах, эгчийн элэг эмтэрч, энэлэн шаналахаас өөрийг хийж чадахгүйдээ нийгэм даяар бухимдаж буй. Гэвч үүний ард төр засгаас хүүхдийн эрхийн хамгаалахад дорвитой ажилласан, үр дүн, ахиц дэвшил гарсан зүйл алга. Хамгаалалт хүсээд очсон таван настай охиныг шинжилгээний 10 мянган төгрөггүй гээд буцааж байгаа шүүхийн шинжилгээний ажилтны үйлдэл, төрийн байгууллагын үнэлэмж, ажлын үзүүлэлтийг илтгэж байна гэхэд хилсдэхгүй биз. Гэвч хүчирхийлэлд өртсөн хөөрхий охиныг нийгэм даяараа өрөвдөөд өнгөрөх биш жигшүүрт хэрэг гарахгүй болтол нь нэгдэж тэмцэх учиртайг хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагуудын төлөөлөл хэлж байна.

ХЭҮК: 2016 ОНД 298 ХҮҮХЭД БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН

-Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас 2014 онд хийсэн судалгаагаар  охидын 15 хувь, хөвгүүдийн 13.5 хувьд нь бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан. Улсын ерөнхий прокурорын газрын мэдээлэлд 2015-2016 онд улсын хэмжээнд 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн.

–Ч.Ганжавхлан /“Лантуун дохио” ТББ-ын тэргүүн/

-“Би хүчиндүүл­чих­лээ” намайг нэн ядуу гэдгийг тодорхойлоод өгөөч, хорооны дарга аа. Тэгвэл миний шүүх эмнэлгийн 10.000 төгрөгийн хураамж чөлөөлөгдөх юм гээд 5 настай охин явж байх тийм улсад амьдарч байгаа Монгол Улсын иргэн танд эмгэнэл илэрхийлье.

–Ц.Гантулга: /Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн дэд захирал, цагдаагийн хурандаа/

-Эрүүл мэнд, Хуульзүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан журмын дагуу үзлэг хийж байгаа эмч нар төлбөрөө аваад үзлэг шинжилгээ хийдэг. Таван настай охины тухайд төлбөргүй үйлчилгээ үзүүлэх саналаа яаманд хүргүүлсэн. 18 нас хүрээгүй хүүхэд ямар нэгэн хэрэгт холбогдоод ирэхэд амьжиргааны түвшин зэргийг нь харгалзаж үзээд үнэ төлбөргүй шийдэж өгдөг.

–О.Алтансүх: /Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга/

– Өнгөрсөн жил хүүхэд хамгааллын 108 утсанд насанд хүрээгүй хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх 152 дуудлага ирснээс 122-т нь хэрэг үүсгэсэн. Хохирогч охины гэмтлийн зэргийн үнэлгээ  гараагүй. Сэжигтнийг саатуулсан. Хохирогчийн ээжтэй долдугаар сараас хойш холбоо бариагүй, эрэн сурвалжилж байна.

–Н.Арвинтариа /Хуульч, өмгөөлөгч/

-Хохирогчоос төлбөр авч үзлэг хийдэг Шүүх эмнэлгийн журмыг хүчингүй болгуулах гэж удаа дараа Хууль зүйн яаманд хандаж байсан. Сангийн сайдтай хамтарч баталсан улсын бүртгэлд ч бүртгэгдээгүй хууль бус журмаар олон жил хүмүүсээс төлбөр хураамж авч, Шүүх эмнэлгийн ажилтнуудын урамшуулал, матeриаллаг баазыг сайжруулахад зарцуулж ирсэн. Одоо яаралтай энэ журмаа хүчингүй болгохыг Хууль зүйн яам, Сангийн яамнаас шаардъя.

ЕРӨНХИЙЛӨГЧ ЦААЗЫН ЯЛЫГ СЭРГЭЭХЭЭР ХУУЛЬЧДЫН БАГ АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЖЭЭ

Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын нийгэм одоогоор цаазын ялыг халах түвшинд хүртлээ хөгжөөгүй, хувь хүн төлөвшиж, нийгэм тогтворжсон үед уг ялыг халах тухайд ярих ёстой гэж үзэж цаазын ялыг сэргээх талаар хуульчдын ажлын хэсэг ажиллуулж эхэлжээ. Монгол Улс 2012 оныг хүртэл бага насны хүүхдийн хүчирхийлэл болон онц хэрцгийгээр хүний амь нас хохироосон хэрэгт цаазаар авах ялыг оноодог байсан бол 2012 оноос уг ялыг гүйцэтгэхээс түдгэлзсэн.

МЭДЭГДЭЛ

Сүүлийн үед нийгмийг цочроосон хүний хэв маягаас гажууд балмад хэргүүд гарах болсонд туйлын их харамсаж байна! Иргэний үүрэг хүн ёсны наад захын хариуцлагаа өөрийн хэмжээндээ ойлгож таван настай хүчирхийлэлд өртсөн охины гадаад дотоод шинжилгээ эмчилгээ хууль эрх зүйн өмгөөллийн зардлыг бүрэн хариуцахад бэлэн байгаагаа үүгээр мэдэгдэж байна. Монголын гэрэлт ирээдүй болсон бяцхан үрс хүчирхийлэлийн золиос болох ёсгүй!!!

Т.Ганболд / Алтан Дорнод Монгол ХХК, Корпорэйт Хотэлс ХХК/ 

 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?