БНХАУ-ын КН-ын 19-р Их Хурлаар Си Зин Пин-ийг БНХАУ-ын дарга болон ХКН-ын даргаар улируулан сонгосон. Түүний нам дотроо хийсэн "барын агналт" арга хэмжээг нь Хятадын ард иргэд талархан угтсан. Си Жин Пин БНХАУ-ын даргаар ажиллах цөөхөн жилдээ Хятад улсыг нийгмийн ялзрал, ёс суртахууны доройтолд авчирч байсан авилгал, түүний хүчирхэг сүлжээг "барын агналт" хөтөлбөрөөр таслан зогсоож чадсан гэж Хятадын нийгэм дүгнэсэн. Авилга, хээл хахуулийг хөгжүүлж, нийгмээ ёс суртахууны доройтолд оруулсан нам, төрийн өндөр албан тушаал хашиж байсан 1 сая 400,000 албан тушаалтныг " барын агналт" хөтөлбөрөөр барьж хорьж, шийтгэж цаазалсан. Тэр хээл хахууль, авилгатай туйлбартай тэмцэнэ гэдгээ ч илэрхийлсэн. Дотооддоо хийсэн тэмцлээс гадна, дэлхийн тавцанд Хятад улсын нэр хүнд өсөж, Хятадын удирдагч дэлхийн хэмжээний удирдагч болсныг Си Жин Пин тунхаглаж чадсан.
Тэгвэл түүний хамтран зүтгэгч, санаа бодлыг нь талархан дэмжигч ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин ч ирэх жил дахин сонгогдоно гэж олон улсын улс төрийн тоймчид нэгэн дуугаар бичиж эхэллээ. Тэр Валдайн олон улсын хэлэлцүүлгийн үеэр энэ санаагаа цухуйлгажээ. -Баруун европ бол өөрийн толгойгүй, өөрөөр хэлбэл дангаараа шийдвэр гаргах чадваргүй улс орнууд. Тэднийг залж чиглүүлэгч нь АНУ. АНУ бол хэлсэн ярьсандаа хүрдэггүй, зөвхөн өөрийнхээ сонирхлыг нэгдүгээрт тавьдаг түрэмгий , дээрэнгүй улс. Оростой ч ингэж харьцахыг эрмэлздэг. Ижил тэгш биш, нэг нь нөгөөдөө нөхцөл тулгасан харилцаанд өөрчлөлт орох цаг ирсэн. Цаашид ижил тэгш нөхцөлтэй харьцааг Орос улс эрхэмлэнэ. Нэг зүйлийг хэлье. Баавгай юу хийхээ хэнээр ч заалгаж байгаагүй. Яагаад гэвэл тэр ой хөвчийнхээ эзэн нь юм. Гэхдээ ой хөвчийн баавгай хэзээ ч бусдын эзэмшил газар руу нэвтэрч байгаагүй. Хүсэл ч байхгүй. Яагаад гэвэл, бусдын газар нутаг бол түүний амьдрах таатай газар нутаг биш. Харин ой тайгаа бол эзний ёсоор хамгаална. Ой хөвчдөө эзэн нь болсон баавгай хэн нэгхэнээр юу хийхээ огт заалгаж байгаагүй, цаашид ч заалгахгүй гэж В.Путин хэлэв. Энэ үгийг АНУ-ын удирдагчдад хандаж хэлсэн үг гэж ойлгож болно. Тэр ОХУ-ын ирэх 5 жилийн гадаад бодлогоо ч ийнхүү тунхаглалаа гэж үзэж болох нь. Ийнхүү маш том газар нутагтай, цэрэг зэвсгийн болон худалдааны маш том хоёр гүрэн дуу хоолойгоо цаашид ч нэгтгэх нь тодорхой боллоо. Тэдэн хоёр дээр Энэтхэг нэмэгдсэн. Алс ирээдүйд АНУ, Европ тив байр сууриа алдах нь нэгэнт тодорхой боллоо. Газарт баавгайн архиралт, тэнгэрт луугийн хүрхрэлт тод сонсогдох он жилүүд та биднийг угтаж байна.
Д.МАНДАХ