Сонгууль дууссан. Баттулга, Хүрэлсүх нар санасандаа хүрч, төр, засгийн эрх мэдлийг бүхэлд нь гартаа оруулсан. Тэгвэл тэдний санасандаа хүрэх нэг хэрэг, хэлсэн, амласандаа хүрэх гэдэг өөр асуудал. Монгол улс Засгаа нураан эмхлэх зуур мөнхийн хөрш болох БНХАУ-д ойрын 10 жилийн хөгжлийн төлөвлөгөөгөө Хятадын Коммунист Намынхаа 19-р Их Хурлаараа батлав. Ард иргэдийнхээ аж амьдралыг улам дээшлүүлнэ гэдгээ онцоллоо. Дэлхий нийтийн анхаарлын төвд оршсон тус Их хуралтай нэг цагт давхацсан Валдайн олон улсын хэлэлцүүлэг форумд оролцсон Путин ч "Орос орны хөгжлийг түргэсгэж, улам хүчирхэг гүрэн болгоно" гэдгээ илэрхийлэв. Тэд дуу дуугаа авалцан улс орноо хүчирхэгжүүлэхээ, ард иргэдийнхээ амьдрал ахуйг улам дээшлүүлэхээ тунхаглалаа. Дээр нь дэлхийн улс орны тайван амьдралын найдвартай тулах цэг ч болно гэдгээ хоёр талд итгэл төгс илэрхийлэв. Яг энэ мөчид, хоёр хөршийн хэлж буй үг, улс орных нь хөгжлийг техникээр ижилсгэн зүйрлэвэл хойд, урд хөрш маань нэгэнтээ онгоц хөлөглөжээ. Харин бид хуучин "Уаз -67"- тойгоо намагт суусан, оролдож зүтгүүлсээр байгаад хамаг шатахуунаа барсан, жолооч нь тамирдсан дүр төрхтэй мэт харагдана. Замаа товчлох гээд намагт суусан биднийг нэг хэсэг нь хол орхиж, нөгөө хэсэг нь гүйцэж түрүүлжээ. Бид дороо хий хоосон эргэж, хол хаягджээ. Хятад улсаас бүтэн жарнаар хоцорсон байна. Хорин долоон жилийн өмнө бид ойрхон байсан санагдана. Тэгвэл Хятад улс "тэнгэрт цойлж", тэдний нэг хэсэг, бидний ахан дүүс Өвөрмонгол гэхэд л биднийг үеэ өнгөрөөсөн "67-"тойгоо зууралдах зуур" Ланд-200" хөлөглөн хурдалжээ. Тэд ч бидний монголчуудыг хөгжлөөрөө даруй 15 жилээр ардаа орхижээ.
Байгалиа сүйтгэж, баялгаа вагон вагоноор зөөсөн Монгол улс хөгжсөнгүй, монголчууд хөрөнгөжсөнгүй. Баялгаа зөөсөн хэрнээ, Монгол улс "өрөнд" баригдаж, өтөнд идэгджээ. Ийм л улс орныг өнөөгийн удирдагч Х.Баттулга, У.Хүрэлсүх нарт хүлээлгэн өгөв. Улс орноо, ард иргэдээ гэх сэтгэлгүй ийм л удирдагчидтай бид 26 жилийг үджээ. Тэдгээр урагшгүй, сэтгэлгүй удирдагчидтай хэн, хэрхэн хариуцлага тооцох бол гэдэг бас л асуулт. Улс орны баялгийг лиценз нэрээр хэдхэн гэр бүл албан тушаал, танил тал, хөрөнгө мөнгөөр далайлган авсан нь нэгэнт ил болсон. Лицензээ ашиглан Монголын ард түмний баялгийг вагон вагоноор нь, сая сая тонноор нь гадагш нь зөөчихдөг, түүнээсээ 10-хан хувийн татварыг улсад төлчихөөд үлдсэн 90 хувийг нь нэг гэр бүл хувьдаа завшдаг нийгмийн шударга бус хуваарилалтаас хэзээ салгах бол гэдэг хүлээлт нийгэмд бий болжээ. Өнөөдөр ч хэвээрээ. Х.Баттулга, Хүрэлсүх нар энэхүү шударга бус хуваарилалтын тогтолцоог хэвээр үлдээх, өөрсдөө уусан шингэх тохиолдолд улс орны хөгжил цэцэглэлтийн тухай яриаг мартах хэрэгтэй болно. Эргэлзэж буй ч итгэл шингээсэн харцаар тэднийг ширтсэн хэвээр. Дотоод дахь асуудлаа шийдвэрлэхээс гадна, гадаад орчинд ч шийдвэрлэх зүйл их байна. Нэг орноос дэндүү хамаарсан нөхцөл байдал бий болсон. Тэнцвэр алдагдсан. Гэхдээ л энэ харьцаанд ч өөрчилж болох , нөхцөлийг дээрдүүлэх найдвар бий болсныг Х.Баттулга ерөнхийлөгчийн оролцсон Алс Дорнодын Уулзалт гэрчилсэн. Найдвар төрүүлсэн далайд гарах шинэ гарцын хэрэгжих хугацаа, туулах зам богино байгаасай гэж иргэд хүсэж байна. Мөнхийн хоёр хөршийн найрсаг харьцаа үргэлжлэнэ гэдэгт итгэж байгаа ч, зөрчил үүсэхэд юу болох вэ? Гэдгийг хэзээд тунгааж байх шаардлагатайг туршлагатай дипломатчид ч зөвлөж байна. Харьцаа сайн байх он жилүүдэд, далай ламыг Монголд урилаа гээд Хятадын Засгийн газраас хилээ 2 өдөр буюу ердөө л 48 цаг хаахад л 1300 вагон хилийн орчимд бөөгнөрч байсан гашуун туршлага бийг гадаад хэргийн сайд Эрдэнэчулуун сануулсан нь санамсаргүй хэрэг биш. Монголын бүх компани үйл ажиллагаагаа зогсооход хүрсэн. Ийм л хамаарал, сөрөг үр дагавартай болсныг монголчууд мэдэрсэн.
Тэгвэл, өнөөдөр ч Хятадын Гаалийн байгууллагын зүгээс хилээ чангалах шийдвэр гаргасан нь нүүрсний машины дарааллыг 160 км-т урт цуваа болгосныг Монголчууд л биеэрээ мэдэрсэн. Тиймээс далай руу гарах 2 дахь, 3 дахь гарцыг ч хайхыг чухалчлахыг иргэд Монголын төр, Засгийн газраас хүлээж байна. Одоо бол ярих биш, хийж гүйцэтгэх, хэлсэн ярьсандаа хүрэх цаг болжээ. Улс орны удирдагчид дэлхийн хэмжээний далайцтай асуудлыг ярьж байна.
Монголын удирдагчид тэр түвшинд хүрээгүй байж болно. Гэхдээ Монголынхоо тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, шаварт суусан машинаа татаж гаргах нь, хөгжлийн гарцаа зөв тодорхойлох нь тэдний үүрэг. Монгол бол хөгжих бүрэн боломжтой орон. Монголыг ядуу, Монголчуудыг ядуу зүдүү байлгаж буй нь удирдагчдын арчаагүйнх. Х.Баттулга, У.Хүрэлсүх нарыг өмнөхтэйгээ ижил, арчаагүй гэх тодотголтой удирдагчдын жагсаалтанд бүү бичигдээсэй гэж хүсье.
Ц.ЭНХБАТ