БНХАУ-ын Коммунист Намын Их Хурал нь дэлхий нийтийн анхаарал татсан томоохон арга хэмжээ болж хувирсныг бид ажиглаж байна. Дэлхийн өнцөг булан бүрээс өндөр нэр хүндтэй олон зуун зочин уригдаж, хамгийн олон орны сэтгүүлчид Их Хурлыг сурвалжиллаа. Түүхэндээ рекорд тогтоосон Их хуралд ганцхан Далай лам л уригдсангүй. Түүнийг урьсан ч үгүй. Урих ч учиргүй. Яагаад гэвэл, Далай лам Түвдийн салан тусгаарлах үзлийг тууштай баримталсан. Хятад улсын хувьд эдийн засаг, улс төрийн хувьд дэлхийд ноёрхлоо тогтоож эхэлсэн.
Гэхдээ бурхан шашны асуудлыг ч тэд орхиогүй. Гэхдээ Далай ламыг хавчих бодлогоо тэд өргөжүүлсэн. Далай ламыг Орос хүлээн авахаас татгалзсан. Монгол бас чадахаа больсон. Тэгэхээр далай ламыг урьж болохгүй буюу урьж чадахгүй орны урт жагсаалт бий болжээ. Энэ бол Хятад улсын нөлөө хэр болсны нэгээхэн илэрхийлэл. Далай ламын хөдөлгөөн хязгаарлагдсан. Одоохондоо Япон, АНУ, түүний дээр ганц нэгхэн европын оронд л чөлөөтэй зорчих эрхийг Далай лам эдэлж буй. Ингэж Хятад улс, түүний төрийн бодлого хэрэгжиж буй.
Гэхдээ, дотооддоо бурхан шашныг хөгжүүлэх бодлогоо улам өргөтгөн тэлсэн. Энэ бол Түвдтэй хамааралтай асуудал. Түвд бол Далай ламын мэндэлсэн, бурхан шашны төв. Түүний төрсөн, өссөн, үйл ажиллагаагаа эрхэлж байсан өрөө тасалгаа нь ч бий. Түүнийг нь тэр чигт нь үзмэр болгон хадгалсан. Гэхдээ л Түвдэд хөл тавих эрхийг нь бүрэн хязгаарласан. Хятад улс Далай ламыг шахсан ч, Түвдийн автономит улсыг хөгжүүлэх, Төвдийн нийслэл Лхас хотод төвлөрч ирсэн уламжлалт суурь соёл дээр тулгуурлан Бурхан шашны дэлхийн төв болох зорилгодоо алхам алхмаар дөхсөөр байна гэж ажиглагчид дүгнэдэг.
Төрөөс шашны бодлогодоо гүнзгий анхаарч, санхүүгийн болон улс төрийн дэмжлэгийг үзүүлсээр байдаг тухай эрдэмтэд өгүүлж байна. Энэ удаагийн хуралд ч Далай ламын дараачаар Бурхан шашны төвийг тэргүүлэх Ванчин Бондыг төлөөлөгчөөр урьж оролцуулсан нь санамсаргүй хэрэг биш юм.
Ц.ХИШИГЖАРГАЛ