Яамдын бүтцийг дэд сайдтай байхаар шинэ Засгийн Газар баталсан. Гэхдээ энэ бол дэд сайд нар албан тушаалдаа үлдэх баталгаа биш гэж ойрын сурвалж мэдээлж байна. Дэд сайдын суудлыг хадгалах, одоогийн дэд сайд нарыг өөрчлөхгүй байх үндсэн хоёр шалтгаан байгаа аж.
Эхнийх нь, УИХ -ын гишүүн сайд маань яамны ажилдаа бага оролцох тул дэд сайдын орон тоог хадгалж үлдсэн. Халж хөдөлгөж болохгүй хоёрдахь шалтгаан нь 11-р сард болох МАН-ын Их Хурал. Ийм л хоёр шалтгаанаар МАН-ын Их Хурлын наана нэг ч дэд сайдыг хөдөлгөж болохгүй гэдэг шийдвэрт 32 болон 33-ын бүлгийн аль аль нь хүрчээ. Ерөнхий сайдад У.Хүрэлсүх, Н.Энхболд, Ө.Энхтүвшин нар дэвшин өрсөлдөхөд Ө.Энхтүвшиний гаргасан алдаанаас ч аль аль тал нь сургамж авчээ. Заалнаас асуусан, -Та ерөнхий сайд болбол, дэд сайдын орон тоог яах вэ? Бага хурлын гишүүний асуултад, Ө.Энхтүвшин ;- Дэд сайдын орон тоог цомхотгоно гэж хариулаад дэмжигчдээ алдаж байсан гэдэг.
Тэгвэл, У.Хүрэлсүх:- Удирдах зөвлөл дээр хэлэлцэж байж шийдвэрлэнэ гэсэн хариулт өгснөөр тэдний өөр хоорондын саналын зөрүү холдсон гэж улс төр судлаачид дүгнэдэг. Тиймээс 11-р сард болох МАН-ын Их Хурлаас өмнө дэд сайд нар, түүнээс доошхи нөлөө бүхий албан тушаалтнаар аль болох оролдохгүй байх чиглэлийг бүлгийн ахлагч нараас сайд нарт хүргүүлсэн байна. Харин өөрчлөлтийг 12-р сараас эхлэн хийх нь зүйтэй гэж үзсэн байна. Намдаа зүтгэсэн зүтгэлийг нь үнэлэх 30 хоног дэд сайд нарт үлджээ.
Ц.ХИШИГЖАРГАЛ