Хятад улсын хөгжил газрын хөрснөөс тасарчээ. Маш хүчирхэг гүрэн ( super power) болон хөгжжээ. Хятад улс дэлхийн нэг улстай харилцах биш, Хятад улстай дэлхий харьцах цаг ирснийг ХКН-ын 19-р Их Хурал илтгэлээ гэж гаднын хэвлэлд бичиж байна. Хятадын бүтээгдэхүүн дэлхий дахинд түгэж, Хятадын даргын хэлсэн үг дэлхийг онилох болов. Хятад улс хөгжингүй, хүчирхэг гүрэн болох төлөвлөгөөгөө баталлаа. Зөвхөн батлах биш хэрэгжүүлж, үзүүлж байна. Дэлхийд хүчирхэг байхын тулд Хятад улс дотооддоо хүчтэй болох, дотооддоо хүчтэй болохын тулд иргэдээ баян чинээлэг, мэдлэг, чадвартай болгохыг зорьж байна. Улсын хөгжлийн бодлого нь иргэдээ ч, улсаа ч харсан, гадагшаа ч, дотогшоо ч онилсон харагдана. Гадаад бодлогодоо өөрчлөлт хийж, хамтдаа хөгжих бодлогыг ч оновчтой томьёлон тодорхойлсон нь " WIN WIN" бодлого гэж судлаачид үздэг. Тиймээс " Чи хож, эс бөгөөс би хожьё " биш, " Чи ч хож, тэгээд би ч бас хожьё" гэдэг бодлогыг амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бодлогыг манайхан бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байна гэдэг шүүмжлэл нийгэмд бий. Бид хоосон шүүмжилсээр иргэд нь ядуу, улс нь өрөнд баригдсан, дарга нар дураараа авирласан хэвээр үлдэх нь. Өрсөлдөгч, дайсныхаа ч гэсэн сайн талаас, холоос биш ойроос суралцах нь чухал гэдэг мэргэдийн үгийг санахад илүүдэхгүй.
Г.БАЯРХҮҮ