14-хөн хоногийн өмнө тэдний эцэг, эх, ойр дотныхон “Хүү минь, охин минь эдгэрээд ирээсэй. Хагалгаа амжилттай болоосой” хэмээн залбирч, итгэл горьдлого тээн нүдэндээ нулимстай хүүхдүүдээ үдэж байв. Харин өнгөрсөн ням гаригийн өглөө зүрхний төрөлхийн гажигаа эмчлүүлж, бүрэн эдгэрсэн жаалууд Хөх хотоос Улаанбаатар чиглэлийн галт тэрэгнээс цовоо цолгиун инээд цангинуулан, тоглож, наадсаар буусан юм. Тэд бол Монголын Улаан загалмай нийгэмлэг, БНХАУ-ын Улаан загалмайн нийгэмлэг, Улаан загалмайн сангаас хүүхдийн зүрхний төрөлхийн гажиг өвчний эмчилгээний чиглэлээр хэрэгжүүлэх төсөлд хамрагдаад буй 56 хүүхдийн хамгийн эхний эмчлүүлэгч 12.
Зүрхний төрөлхийн гажиг өвчнөөсөө болж төрсөн цагаасаа өвдөж, шаналсан хийгээд хэдхэн сарын өмнө ийм өвчтэй нь оношлогдсон гээд өвчний түүх нь харилцан адилгүй ч нэн даруй мэс засалд орох заалттай ой дөрвөн сартайгаас 19 насны эдгээр хүүхэд ӨМӨЗО-ны Хөх хотын Ардын эмнэлгийн Зүрхний төвийн Зүрх, судасны тасагт мэс засалд амжилттай орж, зүрхний гажиг хэмээх өвчнөөсөө бүр мөсөн салаад ирсэн нь энэ. Тэднийг эх орондоо ирээд байх үеэр зарим эцэг, эхтэй уулзаж, сэтгэгдлийг нь сонслоо.
ҮРД МИНЬ АМЬДРАЛ БЭЛЭГЛЭСЭН УЛААНЗАГАЛМАЙЧУУДДАА БАЯРЛАЛАА
ЗҮРХНИЙ ТӨРӨЛХИЙН ГАЖИГТАЙ 100 ХҮҮХДИЙГ АВАРНА
Монголын зүрх судасны мэс заслын эмч нар зүрхний төрөлхийн гажигийг эмчлэх зарим төрлийн мэс заслыг чадварлаг хийдэг ч зүрхний хүнд битгий хэл хөнгөн, энгийн гажигтай хүүхдүүд мэс засалд орж чадалгүй амиа алдсаар байгаа юм. Шалтгаан нь ердөө мэс засалд шаардлагатай төлбөр. Учир нь зүрхний гажигийг эмчлэх хагалгаа хамгийн өртөг өндөртэйд тооцогддог бөгөөд Монгол Улсад энэ төрлийн мэс заслын нийт төлбөрийн 25 хувийг эмчлүүлэгч, үлдсэн зардлыг улс хариуцах журамтай. Төлбөрийн зөвхөн 25 хувь нь хамгийн багадаа 3-5 сая төгрөг болдог тул энэ мөнгийг төлөх санхүүгийн боломжтой өрх цөөхөн байдаг нь энэ төрлийн нас баралт жил ирэх тусам нэмэгдэх шалтгаан болдог аж. Тэгвэл энд нэг баяртай мэдээ дуулгая. БНХАУ-ын “Нэг зам- нэг бүс” хэмээх төрийн бодлогын хүрээнд хэрэгжиж буй эрүүл мэндийн тусламжид хүүхдийн зүрхний төрөлхийн гажиг өвчний эмчилгээний төсөл манай улсад хэрэгжиж эхэлжээ. Төслийг БНХАУ-ын Улаан загалмайн нийгэмлэг, Улаан загалмайн сан, МУЗН-тэй хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд зүрхний төрөлхийн гажигтай 100 хүүхдийг үнэ төлбөргүй эмчлэхээр болсны 54 нь БНХАУ-ын Бээжин, ӨМӨЗО-ны Хөх хотыг аль хэдийнэ зориод байгаа юм. Ирэх онд үлдсэн 46 хүүхдийг аюулт өвчнөөс салгах төсөл үргэлжлэх аж.
Энэхүү төслийн хамгийн гол хамтрагчид нь Шастины нэрэмжит улсын III эмнэлэг, ЭХЭМҮТ-ийн зүрх, судасны мэс заслын тасгийн эмч нар юм. Төсөлд хамрагдаж, нэн даруй, зайлшгүй мэс засалд орох шаардлагатай, амьдралын баталгаажих төвшнөөс доогуур орлоготой эсвэл Монголд эмчлэгдэх боломжгүй өвчтнийг дээрх эмнэлгийн мэргэжлийн эмч нар болон БНХАУ-аас ирсэн эмч нарын баг хамтран сонгож байгаагаараа ач холбогдолтой.
Төсөлд хамрагдсан хүүхдийн эмчилгээний бүх зардал, хоол унаа, харгалзан авч явах ар гэрийн нэг хүний зардлыг Хятадын Улаан загалмайн сангаас бүрэн хариуцах юм.
Ц.ХИШГЭЭ