АТГ-ын удирдлагууд хэвлэлийн бага хурал хийлээ. АТГ нь сар бүрийн 25-нд мэдээлэл өгдөг уламжлал тогтоод байгаа юм. АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Хашбаатар, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Н.Дамдинсүрэн нар хуралд оролцлоо.
2017 оны 10 сарын байдлаар Мөрдөн шалгах хэлтэс нь нийт 68 гомдол, мэдээллийг шалгасан. Үүнээс 17-д нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн, 24 гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан, 7 гомдлыг харьяаллын дагуу шилжүүлсэн, 2 гомдлыг өөр хэрэгт нэгтгэсэн, одоогоор 18 гомдлыг ажиллагаанд шалгаж байна.
Нийт сарын хугацаанд 155 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Үүнээс 12 хэргийг шүүхэд шилжүүлсэн, 12 хэргийн хэрэг бүртгэлтийг хаасан, 4 хэргийг нэгтгэсэн, одоогоор ажиллагаанд 127 хэрэг шалгагдаж байна.
Хэрэгт холбогдон шалгагдсан хүмүүсийг албан тушаалын байдлаар нь ангилж үзэхэд, шүүхэд шилжүүлсэн 12 хэрэгт холбогдсон 36 хүний 8 нь улс төрийн албан тушаалтан, төрийн захиргааны албан тушаалтан 7, төрийн тусгай албан тушаалтан 11, бусад 16 хүн байна.
Дээрх 12 хэргийг зүйл, ангиар нь ангилахад 8 нь буюу 66.6 хувь нь албан тушаалын гэмт хэрэг, 4 буюу 35.4 хувь нь бусад гэмт хэрэг байна. Шүүхэд шилжүүлсэн 12 гэмт хэргийн улмаас улсад 9.1 тэрбум төгрөгийн хохирол учирсан.
Өмнөх оны мөн үетэй харьцуулж үзсэн байдлаар танилцуулах нь зүйтэй. 2016 оны 10 сарын байдлаар Мөрдөн шалгах хэлтсээс нийт 18 хэрэг шүүхээр шийдвэрлүүлж байсан бол 2017 оны 10 сарын байдлаар энэ нь 24 болж өссөн дүнтэй байна. Мөрдөн шалгасан хэрэг өнгөрсөн оны мөн үед 213 хэрэг байсан бол энэ оны хувьд 304 болсон бөгөөд энэ нь өнгөрсөн оныхоос 42.5 хувиар өссөн үзүүлэлт юм.
Дээр нь нэг зүйл нэмж хэлэхэд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хүлээсэн мөрдөгчийн үүрэг бий. Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр тухайн байгууллага, албан тушаалтанд Мөрдөн байцаагчийн мэдэгдэл хүргүүлдэг. Энэ дагуу Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчид нийт 14 мэдэгдлийг тухайн гэмт хэрэг гарсан байгууллагуудын удирдах албан тушаалтнууд руу хүргүүлж, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулах чиглэлээр ажиллаж байна.
ЭХ СУРВАЛЖ: АТГ