Төсвийн байнгын хорооноос боловсруулсан “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслийн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулав.
2017 оны төсвийн давсан орлогоос төрийн зарим албан хаагчдад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох, 0-18 насны хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсний дагуу Төсвийн байнгын хорооны гишүүд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.17 дахь хэсгийг үндэслэн төслийг санаачлан, Байнгын хорооны хуралдаанаараа хэлэлцжээ. Хэлэлцүүлгийн үеэр төрийн албан хаагчдад нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор тогтоолын төсөлд тусгасныг дэмжихгүй байгаагаа Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт, Г.Тэмүүлэн нар илэрхийлжээ. Төсвийн давсан орлогыг баялаг бүтээх чиглэлд зарцуулах, цаашлаад төсвийн зарлагын шинэчлэлийг оновчтой хийхэд анхаарах шаардлагатай гэдэг саналыг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр гаргасан байна. Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дээрх төслийг нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Төсөлд Монгол Улсын 2017 оны төсвийн давсан орлогоос төрийн өндөр албан тушаалтан, шүүх, прокуророос бусад төрийн албан хаагчид 300.000 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай, Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүүхэд бүрт сар бүр олгох, төрийн албан хаагчдын хөдөлмөрийн хөлсний бодит үнэлэмжийг тогтоох асуудлыг Засгийн газар судлах зэрэг асуудлыг тусгасан байна.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар асуулт асууж, хариулт авсан бөгөөд “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.