Жү – барилдаан гэсэн үгийг цэгнэх саруул ухаан гэсэн утгаар, До – зам гэсэн үгийг дээд амжилт, нийтийн амар амгалан гэсэн утгаар ойлгох Дэлхийн 160 гаруй оронд түгсэн, 20 гаруй сая хүн тогтмол хичээллэдэг олимпын хамгийн олон үзэгч, хөгжөөн дэмжигчтэй жүдо бөхийн спортыг үндэслэгч Жигоро Кано 1860 оны аравдугаар сарын 28-нд мэндэлжээ.
Жил бүрийн аравдугаар сарын 28-ны өдрийг 2011 оноос хойш дэлхийн жүдогийн өдөр болгон ёслон тэмдэглэж иржээ. Учир нь энэ өдөр жүдо бөхийг үндэслэгч, 1909-1938 онд Олон улсын олимпийн хорооны гишүүнээр ажиллаж байсан Жигоро Каногийн мэндэлсэн өдөр юм. Жүдо бөхийг үндэслэгч Жигоро Кано өөрийн амьдралаа жүдо бөхийн спортыг хөгжүүлэх, барилдааны ёс жаяг, өв уламжлал, соёлыг дэлгэрүүлэн, дэлхийн өнцөг булан бүрт хүргэхэд зориулсан хүн юм.
Энэ жилийн “Дэлхийн жүдочдын өдөр”-ийг манай цагаан өмсгөлтнүүд амжилт бүтээлээр дүүрэн угтаж байна. Тодруулбал, АНЭУ-ын Абу Даби хотноо болж буй Их дуулга тэмцээнээс хоёр алт, нэг мөнгөн медаль хүртсэн. Мөн өчигдөр Дэлхийн аварга Д.Сумъяа хөдөлмөрийн баатар, Мөнгөнчимэг, Г.Одбаяр нар гавъяат тамирчин цолоор шагнуулсан билээ.
А.ЦЭРЭНДУЛАМ