Найрагч нөхрийн 60 насны ойд
Цаг улирах тусам өнгө орж, үнэ нэмэх эрдэнийн чулуу бий. Он жил өнгөрөх тусам орон зай нь үгүйлэгдэх хүн гэж бас бий. Тэрхүү эрдэнийн чулуу шиг үнэд орох, нийгэм олонд үгүйлэгдэх хүнийг яруу найрагч О.Дашбалбар санагдуулна.
Дашбалбарыг ойр тойрныхон нь Балбар гэж дууддаг, хайрладаг ч, хүндэлдэг байсан. Тэр бол жир хүн байгаагүй. Ааш зангийн хувьд ч тийм төлөв нэгэн бас байгаагүй. Маш хурц ааш араншинтай. Хяргахаа хяргаж, хамгаалах нэгнээ өмгөөлөн босож чаддаг чадварыг тэр бусдадаа үлгэрлэн үзүүлдэг байсныг санана. Шүлэгтэйгээ адилхан зан чанартай хүн байсан. Энэ хүн анзаарагдахгүй ургах өвс ногоо, намуухан урсах гол мөрөн, алсад дүнхийх сүрлэг уул толгод, өндөр тэнгэрт тод гэрэлтэх од, цахилах цахилгаан, асгах аадар бороо, үнсэн таалах салхи, дулаан бүлээн элчээрээ гийгүүлэх наран, уурсан давалгаалах далайн шуурга, ухаарч гэгээрсэн нэгэн шиг сэтгэлтэй байсан. Энэ сэтгэл нь түүний шүлгийн хөг аялгуу байсан. Тэр халуун хүйтэн туйл, газар тэнгэрийн хооронд шүлгээ тэрлэж, зуун зуунд нэрээ мөнхөлсөн. Тэр Монголын сэтгэлгээний яруу найрагт ухаарлын гэх өнгө аясыг тодоор нэмсэн. Яруу найрагчид шүлгээ зохиодог бол тэр шүлгээ зохиодоггүй байсан гэж санагдана. Зүйрлэж хэлбэл түүнд " хиймэл, будмал" шүлэг байхгүй. Түүний шүлэг нь өглөөний нар мэт мандаж, салхи шиг исгэрч, бороо шиг өөрөө л асгардаг. Энэ нь ч түүний шүлгийн амин сүнс байсан гэж бодогдоно.
Ийм л төрөлхийн авьяастай яруу найрагч байсан. Түүний шүлгүүд маш энгийн. Маш энгийн гэдэг бол төгс төгөлдөрийн илэрхийлэл гэдэг. Ийм шүлэг л зуун зууныг дамжин амьдрах чадвартай байдаг. Дашбалбарын шүлгүүд энэ шалгуур, үнэлгэнд нийцдэг. Тиймээс ч О.Дашбалбарын шүлгүүд түүний нэрийг мөнхөлж чадсан. Энэ бол яруу найрагчийн хувьд дээд шагнал. Хувь хүнийхээ хувьд Дашбалбар богинохон насалсан. Гэхдээ тэр нэртэй, мөртэй, шуугиантай, дуулиантай амьдарсан. Түүний амьдрал тэр чигтээ од шиг тодоос тод гэрэлтсэн. Тэр од байсан. Оддын ертөнц түүнийг шүүрч одсон.
Ц.ЭНХБАТ