2020 ОНООС ТӨРИЙН АЛБА ХААСАН ХУГАЦААНЫ НЭМЭГДЭЛ, НЭМЭГДЭЛ ХӨЛС, НЭГ УДААГИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ОЛГОНО

2017-10-31  

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн  нэгдсэн хуралдаан 11 цаг 08 минутад 64.5 хувийн ирцтэй эхэлж, хуралдаанаар хэлэлцэх асуудлаа батлав. Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар үргэлжлүүлэн санал хураалт явууллаа. Төслийн “Төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл” гэсэн 42 дугаар зүйлийн зарим заалтыг өөрчлөн найруулахаар тогтов. Тухайлбал, төслийн 42 дугаар зүйлийн 42.1.13 дахь заалтыг “хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон цахим хуудас, нийгмийн сүлжээний хэрэгслээр төрийн бодлоготой холбоотой албан бус байр суурь илэрхийлэх, улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх, улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар эерэг, сөрөг мэдээ, мэдээлэл түгээх”-ийг төрийн албан хаагчдын үйл ажиллагаанд хориглох санал дэмжигдлээ.

Мөн төслийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийг “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна” гэж, төслийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсгийг “Тор орлон гүйцэтгэгч нь тухайн албан тушаалын чиг үүрэг, эрх хэмжээг хэрэгжүүлнэ. Шийдвэрт түр орлон гүйцэтгэх хугацаа болон шаардлагатай бол заримх бүрэн эрхийг хязгаарлах талаар тусгана” гэж тус тус өөрчлөн найруулахаар болов.

Байнгын хорооны санал дэмжигдсэнээр төрийн албан хаагч нь “ээлжийн амралтаараа өөрийн, эсхүл эхнэр /нөхөр/-ийн төрсөн нутаг явах бол ирэх, очих замын зардлыг, эсхүл магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр дотоодын сувилалд ирэх, очих замын зардлыг тухайн үед мөрдөж байгаа автомашин, төмөр замын үнэлгээгээр тооцож хоёр жилд нэг удаа олгох”, “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан тухайн жилийн эмчилгээний төлбөрийн хэмжээнээс давсан хэсэг болон магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлынх нь 60-аас доошгүй хувийг төр хариуцах”-аар болж байгаа юм. Мөн төслийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсгийг “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн бол төрийн албанд ажилласан хугацааг харгалзан 36 хүртэлх сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална” гэж өөрчлөн найруулахаар боллоо.

Түүнчлэн төслийн 56 дугаар зүйлд “улирлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгох” гэсэн агуулгатай 56.1.4 дэх заалт нэмэх, төслийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсгийг “Энэ хуулийн 89.2.2-т заасан нэмэгдэл хөлс, мөн хуулийн 89.2.4-т заасан төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, нэмэгдэл хөлс, мөн хуулийн 92.1-д заасан төрийн үйлчилгээний албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох зохицуулалтыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж өөрчлөн найруулахаар болов. Мөн уг хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтлоо.

Эцэст нь Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн баригдсан бусад хуулийн төслүүд болон “Төрийн албаны тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэн, хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэйхарилцах хэлтэс мэдээллээ.

 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?