"КОД-7" ЗАРЛАЖ "БАРЬЦААЛАГДСАН" ИРГЭДИЙГ СУЛЛАЖ ЧАДЛАА

2017-11-07  

“Чингис хаан” Олон улсын нисэх буудлын хамгаалагдсан бүсэд байрлах Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвд хоёр этгээд дайран орж олон хүн “барьцаалсан” үйл явдал өнөөдөр үдээс өмнө боллоо. Этгээдүүд их хэмжээний мөнгө нэхжээ.

Энэ бол “Код-7” сэдэвт бүрэн хэмжээний дадлага сургуулилтын эхлэл байв. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Чингис хаан ОУНБ-д “Барилга байгууламжийг тэсрэх хэрэгслээр заналхийлэх үйлдэл” буюу “Код-7” зарлаж өндөржүүлсэн бэлэн байдлын төлөвлөгөө гаргах гэхчилэнгээр үйл явдал өрнөсөн.

Нисэх буудалд үйл ажиллагаа явуулдаг тусгай чиг үүргийн байгууллага болох Тагнуулийн ерөнхий газар, ИНЕГ, Нисэх буудлын Аюулгүй байдал хамгаалалтын алба, Төрийн тусгай алба, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар болон хил, гааль мэргэжлийн хяналтын байгууллагууд энэхүү сургуулилтад оролцож зарим нь ажиглагчаар ажилласан. 
Ингэхдээ Тагнуулын байгууллагын тухай, Терроризмтэй тэмцэх тухай, Иргэний нисэхийн тухай хуулиуд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталсан “Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны дүрэм”, Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан “Онцгой нөхцөл бий болсон үед хууль сахиулах байгууллагуудын хамтран ажиллах төлөвлөгөө”, “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын “Онцгой байдлын төлөвлөгөө” тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомж, дүрэм журам болон Тагнуулын ерөнхий газрын дарга, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга нарын баталсан нэгдсэн төлөвлөгөөний дагуу бүрэн хэмжээний дадлага, сургуулилтыг хийлээ.

Сургуулилтын гол зорилго нь нисэх буудлын барилга байгууламжийг барьцаалсан, тэсрэх бөмбөгөөр заналхийлсэн үед Иргэний нисэхийн харьяа байгууллагууд болон хамтран ажиллах байгууллагуудын харилцан хамтын ажиллагааг сайжруулах, тэдгээрийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нэгдмэл удирдлагаар хангах, үүсч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд нийт албан хаагчдыг сургаж дадлагажуулахад оршиж байсан юм.

Үүссэн нөхцөл байдлыг харилцан мэдээлэх, авагдах арга хэмжээний төлөвлөгөө гаргах, барьцаалагдсан иргэдийг аврах үе шат, цагдаагийн хамгаалалт, эмнэлгийн түргэн тусламж, гал унтраах багийн бэлэн байдал гээд олон байгууллага, нэгжийн уялдаа холбоо, үйл ажиллагааг шалгасан, энэ удаагийн сургуулилт нь "бүрэн хэмжээний", “террорист халдлага үйлдэж обьектэд нэвтэрсэн” гэдгээрээ онцлого байлаа. 
Тиймээс ч сургуулилтын төгсгөлд хуралдаж цаашид зарим хууль тогтоомж, чиг үүргийн байдлыг тодорхой болгох, холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах санал боловсруулж хууль санаачлагчдад хүргүүлэх, хамтын уялдаа холбоог улам сайжруулах шаардлага байгааг ч оролцогчид болоод ажиглагчид ярьж байсан.

Энэхүү сургуулилтын үеэр зарим нэгж, байгууллагын бэлэн байдлыг “үнэмшилтэй” сургуулилтаар ч давхар давхар шалгасан явдал гаргаж байв. 
Тухайлбал, халдлага үйлдэгч этгээдүүдэд цохиулж “жүжиглэсэн” ажилтан үнэнээсээ бие муудаж хөл, гараа гэмтээсэн гэдэгт “Чингис хаан” нисэх буудлын Зорчигч, үйлчилгээний албаны эмч нар үнэмшиж яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлсэн. Улмаар эмчилгээний өрөөнд дамнуургаар авчиран нарийн үзлэг хийж ясны бэртэлгүйг тогтоож өвчтөнийг тайвшруулан, өвчин намдаах эмчилгээ хийхээр бэлтгэж байх явцад тагнуулын ажилтан ирж сургуулилтын нэг хэсэг байсныг мэдэгдсэн юм. Ийнхүү эмч нар сургуулилтын төлөвлөгөөнд тусгагдаагүй “сорилт”-д давхар орж мэргэжлийн ур чадвар, бэлэн байдлаа давхар шалгууллаа.

Бэлтгэгдсэн тусгай ажилтнууд шуурхай штабаас гаргасан төлөвлөгөөний дагуу, холбогдох дарга нарынхаа тушаалаар ажиллаж террорист халдлага үйлдэгчдийн үйлдлийг таслан зогсоож иргэдийг барьцаанаас амжилттай гаргаж авснаар гол үйл ажиллагаа өндөрлөлөө. Халдлага үйлдэгчид хамгаалалттай бүсэд нэвтрэхдээ тэсрэх бөмбөг авч орсон нь Нислэгийн удирдлагын төвийг дэлбэлэх өндөр эрсдэлтэй байжээ.

Дээрх дасгал сургуулилтад нийтдээ 24 байгууллагын 240 орчим хүн оролцов.

 

 

 

 

Эх сурвалж : ИНЕГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?