АЯН ЗАМ БА БОДОЛ ЭРГЭЦҮҮЛЭЛ НОМЫН ҮРГЭЛЖЛЭЛЭЭС...

2017-11-20  

ГЕРМАН УЛС

Сар шинийн идээ будаа ба Герман Янжингийнхан

Янжиндуламынхан Берлин дахь Зөвлөлтийн дайчны хөшөөний өмнө

Цаг хугацаа өнгөрөх тутам урьдын амьдрал, юм юмны байр байдал асар хурдтай өөрчлөгдөж байна. Арван жилийн өмнө Европоор нэлээд явсан. Саяхан яваад бүр ангайж хоцров. Ёстой л нөгөө урдын юм ул болж, ямар юм зул боллоо гэдэг билээ, тэр болчихож. Миний мэдэх юм ховор болжээ. Хөгжил дэвшлийн хурд өдөр сараар биш цаг минутаар хэмжигдэх болсон өнөөгийн эринд арга ч үгүй юм байх. Очих хот, буух буудал, үзвэр музейгээ гарахаасаа өмнө ажил гэрээсээ бүгдийг  зохицуулчихаад, тэр ч байтугай орох буудлынхаа өрөө, унтах ор дэрнийхээ зураг, байр байдлыг өнгө зүстэй нь өргөн урттай нь харчихаад явж болж байна шүү дээ. Эхнэр, бага хүүтэйгээ хамт европын нэлээд хэдэн орноор сар яваад ирлээ. Аяласан орныхоо сонин сайхныг, бас тэнд тааралдсан, уулзаж учирсан монголчуудынхаа тухай ч  хуучилмаар байна. Хятадууд “Манай хятад үндэстний толгой дээр нар шингэдэггүй ээ” гээд нэгэнтээ хэлчихсэнийг сонсож л явлаа... Монголчууд бид цөөхүүлээ хэдий ч бөмбөрцгийн аль ч бөөрөнд явсан хэн нэгэнтэйгээ бас ч гэж тааралдаад байх болов. Тийм болохоор хятадуудын тэр үгийг өөрсөд дээрээ хэлж бага ч атугай омогшмоор санагдах үе байх юм аа...

Сар шинэ болохоос тавхан хоногийн өмнө бид явж буй болохоор европт суугаа ах дүү, хүүхэд, хөгшчүүлдээ сар шинийнх нь идээ дайх хүмүүс олон байлаа. Ачаа тээшийн маань ихэнх нь ул боов, шар тос, хайлмаг, хорхой ааруул болчихов. Хайрцагтай ул боовуудыг эвдэж гэмтээхгүй хүргэх даалгавар бас дээрээс нь авлаа... Берлинд манай МИАТ-ийн “Боинг” оройхон газардав. Германы гааль гэдэг айхтар юмаар нь гарчихвал нутгийн таньдаг, таньдаггүй ах дүү нарт цагаан сарынх нь тавгийн идээ бүрэн очих аз тохионо доо. Нохой үнэрийг нь мэдэрч чаддаггүй юм гэнэ лээ гээд  манай дүү нар ааруул, тос, хайлмаг мэтийг нь гялгар уут, цаас тэргүүтнээр ёстой л хулдаж өгсөн юмсан. Хураалгачихвал олон хүний хүч хөдөлмөр, бас тэр холоос тээж ирсэн бидний хүчин чармайлт талаар болох нь тун харамсалтай. Бид хоёрын гурван чемодан урсдаг туузаар гараад ирлээ. Элдэв бичиг, цаас энд тэнд нь наачихаагүй байгаа гэж эргүүлж тойруулж харлаа. Ашгүй юм алга. Ингэж хаширлах тохиол над бас гарч байсан юм. Хэдэн жилийн өмнө Сөүл рүү “Ардын эрх” сониныхоо үйлдвэрийн төхөөрөмж хөөцөлдөх ажлаар явсан юм. Нутгаас гарахын өмнөхөн манай элчингийн нөхөд үхрийн ястай мах захиж байна. Чанаад хэрэггүй, түүхийгээр нь аваад ир гэж байна. Хилээр яаж орох юм бэ? Наана чинь хураагаад авчихна шүү дээ гэв. “Санаа зоволтгүй бид дотогш ороод чамайг угтчихна” гэцгээлээ. Хэдэн хавирга, сээр авч хөлдөөгөөд л гялгар уут цаасаар ороож байгаад чемодандаа хийгээд дээрээс нь хувцас хунараар жийрэглэчихлээ. Сөүлд бууж ачаагаа туузнаас авав. Миний чемодан хөлөрчихөж. Дотор нь хөлдүү мах байгаа болохоор тэр нь хуванцарт тэгж илэрдэг байх нь. Элчингийн нөхдөө нүдээрээ хайлаа. Тэд харагдаггүй. Ачаагаа  авсан хүмүүс хурдан хурдан алга болж байв. Чемоданыхаа хөлсийг эргүүлж тойруулаад арчлаа. Нарийхан улаан тууз нэг газар нь наачихсан нь сэжигтэй санагдаж байна. Эргэн тойрноо харж байгаад нөгөө туузыг нь хуу татаж аваад халаасалчихав. Элчингийн нөхөд байдаггүй ээ. Хүмүүс ч цөөрчихөж. Удаан тэнд эргэлдвэл гааль хяналтынхны анхаарал татчихаж магадгүй гэж бодоод хэсэг зорчигчид дунд ороод хаалга зүглэв. Хяналтын бүсийн шар шугам өнгөрч автомат шилэн хаалгаар гартлаа хэн нэг нь дуудаад зогсоох бий гэж их л түгшиж явлаа. Гадагш гарч тайвширч байтал элчингийн нөхөд ирлээ. Өөр буудалд онгоц угтаад хожимдлоо гээд санаа зовцгоож байна.

-Өөхтэй хавирга будаа...гэв

-За, одоо яая гэхэв гээд шүлсээ гүдхийтэл залгиж байна аа... найзууд

-Маань мэгзэмээ бүгдийг нь уншиж байгаад л эсэн мэнд гарч ирлээ гээд улаан туузны тухай ярьж халааснаасаа түүнийг гаргаж үзүүллээ.

-Ингэж хөдөлсөн хүний үйлдвэрийг бүтээхээс аргагүй гээд элчингийн хоёр хөхөрч байв...

Берлинд буусан ачаа олон хүнийх байсан болохоор санаа их зовоож байлаа. Нутгийнханы маань од, аз түшсэн юм байгаа биз сар шинийн идээ Берлин рүү дажгүй алхаад орчихсон шүү. “Заг” компанийн  Б.Нэмэхбаатарын гэр бүлийн найз Янжиндулам гуай биднийг онгоцны буудалд угтаж байна. Хотод өмнө нь бид нэгэнтээ уулзаж учирч байсан болохоор түүнийг олох гэж төвөг учирсангүй. Ягаандуу өмд, тод цэнхэр цамц, саравчтай нарны цайвар малгай өмчихсөн надаас залуухан гэхээр эр жавхалзаж байна. Бага гарын цайвар “Вольксваген”-тай юм. Жолооч нь ч юмуу туслах нь ч юм уу залуухан хүү машинд нь байв. Янжин гуай түүнд бидний ачааг машинд оруулахыг үүрэгдчихээд онгоцны буудал руу буцаад алхлаа. Цагаан сарынх нь ууц бидний энэ онгоцоор ирсэн гэнэ. Германжчихсан хүн юм болохоороо германчууд, албаны германуудын учир начрыг сайн олдог аж. Янжиндулам гуай социализмын үед манай түнш зүүн Германд  дээд сургууль төгсч монголдоо яам тамгын газарт хэдэн жил ажиллаж байгаад хоёр Герман нийлсний дараа буцаж ирж ажиллаад бүр Германы иргэн болчихсон нэгэн юм. Төдий л удсангүй тэр эргээд ирлээ. МИАТ-ийнхэн сар шинийн ууцаа энэ онгоцоор авчээ. Тэд бичиг баримтаа тусдаа бүрдүүлээд ачаагаа Янжин гуайгаас түрүүлээд аваад гарчихаж. Мань хүн Монголоос нэг дор ачигдсан юм чинь хамт гараад ирэх байх гээд хүлээчихэж. Хэл амаа сайн ололцоогүй хэрэг. Маргааш ирж хөөцөлдөхөөс арагүй боллоо гэж байв. Олон жил найзалсан дүү Нэмэхээ нь Янжаа ахынхаа тавгийн ул боов, шар тос, тогооны өрөм, хорхой ааруул гэх мэт идээг түүнд илгээсэн юм. Янжиндулам гуай “Цагаан сар”-аа ёс төртэйхэн хийх гэж эрмэлздэг нэгэн гэсэн. Ер нь манайхны энэ уламжлалт баяр Берлин дахь монголчуудын хувьд ч бас л их хүндтэй, хөлтэй болдог гэх... “Тегель” хэмээх энэ онгоцны буудал хотын төв Александр Плацаас 28 км юм. Янжин гуайн сонгож захиалсан бидний зочид буудал ч тэнд байв. Бас нэг сайн тал нь Янжин гуайн гэр ч тэрүүхэнд аж. Буудал ашиглалтад ороод удаагүй байгаа болохоор бүх юм нь шинэ тун цэвэр цэмцгэр юм. Давхар ортой, зурагт хөргөгч гээд дутуу юмгүй. Хүүхэд шуухадтайгаа буучихсан ч багтахаар. Хоногийн 50 евро гэх нь хотын төвд буй энэ буудлын хувьд хямдхан талдаа. Буудалдаа орж чемодан саваа тавьчихаад Янжин гуайд илгээсэн тавгийн идээ болох нүсэр ачаа бараанаасаа  салж санаа амрав. Янжин гуай гэртээ урьж байна. “Хоол унд бэлтгэчихсэн... хэдхэн алхаад орчихно” гэв. Өглөө үүрээр боссон, арав шахам цаг нисчихсэн,  Берлиний цаг оройн  найм болж байсан хэдий ч монголд маань шөнө дөлж болж маргаашийн цаг эхэлчихсэн болохоор өөрийн эрхгүй нүд анилдах янзтай. Угтсан ахынхаа нас намбыг бодсон ч, бас айл хоол унд бэлтгээд хүлээж байгааг бодсон ч татгалзах арга байсангүй, унаад, унтаад өгмөөр байсан ч аргагүй эрхэнд Янжин гуайг дагаад гарлаа. Гудамжинд хөл хөдөлгөөн бага, машин тэрэг ч ховор юм. Харин гэрэл гэгээ хаа сайгүй сайтай нь сайхан. Хэдхэн алхаад л Янжин гуайнд ирчихэв... Тэднийх 12 давхар байшингийн нэг, хоёрдугаар давхарт хоёр сууц эзэмшин суудаг аж. Социализмын үеийн байр сууц юм байна. Хотын төвдөө л иймэрхүү хуучны сууцнууд үлдсэн гэнэ. Зах хязгаартаа бол орчин үеийн өндөр, гял цал барилгаар хаяа тэлсэн юм байх. Бидний зочилж буй Янжин гуайн нэгдүгээр давхарын нэг өрөө байр нь эдний охиных нь оффис байж. Концертын хэмээн нэрлэгддэг том цагаан төгөлдөр хуур өрөөний ихэнх хэсгийг эзлэсэн байв. Хананд нь номын тавиур бас монгол нутгийн хэд гурван зураг байна.

Зургийн тайлбар  Эхний зураг : Төгөлдөр хуурч Я.Мөнгөнцацал  

Охин нь авъяаслаг хөгжимчин, ая зохиогч байгаад гурав дөрвөн жилийн өмнө бурхан болчихсон юм гэнэ лээ гэдгийг би хотод байхдаа эднийд идээ будаа илгээсэн “хуурай” дүү болох Нэмэхээгээс нь сонсож байсан юм. Янжин гуай манай охины өрөө байгаа юм ороод гар хэмээн урьснаар бид тийшээ орсон хэрэг. “Одоохондоо эхнэрийн маань зээ дүү нар ирээд энд түр сууж байгаа юм. Энд хураачихсан байгаа хайрцагтай ачаа бараа бол Монгол руу явуулах хүмүүнлэгийн хувцас хунар, соёлын бараа. Бид охиныхоо дурсгалд зориулж буяны ажил үйлс  эрхэлдэг болоод байгаа. Контейнер олно, хил гаалийн асуудал, тээврийн төлбөр хураамж төлөх гээд хөөцөлдөх ажил мундахгүй. Энэ удаа дүү нар туслаад цугласан барааг баглаж савлаж, хаягийг нь хийж байна. Монголын хүүхэд багачуулд тэнгэрт одсон Мөнгөөлэй охиноос минь илгээж буй буяны бэлэг шүү гэж бодохоор зүтгэхээс өөр аргагүй болох юм даа...” гэж Янжаа гуай ярьж байв. Хананд охины зургийг хүндэтгэлтэй залчихаж. Янжиндуламын Мөнгөнцацал гэх энэ авъяаслаг охин хөгжим бүжгийн дунд сургуулийн төгөлдөр хуурын ангийг онц дүнтэй төгсөөд Москвагийн Геннесиний нэрэмжит хөгжмийн коллежид суралцаж байхдаа Дэлхийн залуучууд оюутны 12 дугаар их наадамд сургуулиасаа  шалгаран оролцож байсан гэнэ. Эцэг, эх нь Германд амьдрах болсноор Мөнгөөлэй охин нь Германы Дортмүнд хотын хөгжмийн дээд сургуульд шалгалт өгөхдөө шууд л тэнцэж авъяас чадвараа харуулж байжээ. Улмаар Мюнстер хотын хөгжмийн дээд сургуульд шилжин суралцаж 2000 онд сургуулиа онц дүнтэй төгсөж олон газарт ажиллах урилга өвөрлөсний нэг нь Мюнстер хотын “Мадригал Хоор” гэнэ. Тэрээр Дортмүнд хотын хөгжмийн институтэд багшлахын зэрэгцээ “МузАрто” хамтлаг байгуулан, Герман орны газар газар байнга уригдан тоглодог байжээ. Европын олон оронд “Төгөлдөр хуурч Мөнгөө” хэмээн нэрд гарсан, Олон улсын уралдааны тэргүүн байрын шагналт мундаг хөгжимчин байсан гэж аав нь охиноо дурсан ярив. Орос, герман, англи, итали, япон, францаар ярьдаг, даруу эелдэг зангаараа бусдын таашаалыг байнга татаж явдаг тийм гоё охин байсан болохоор Орос, Япон, Солонгос, Хятад, Америк  Испани, Итали, Франц зэрэг орнуудад хамт суралцаж байсан болон өөрийнх нь шавь нар, бусад олон найз нөхөд, бишрэн шүтэгчид буяных нь үйлсэд нэмэр хандиваа өргөсөөр байдаг гэнэ. Мөнгөөгийн аав ээж нь найз нөхөд, багш нартай нь хамтарч Хөгжим бүжгийн коллежид 2008 онд “Мөнгөнцацалын нэрэмжит цөөхүүл хөгжмийн улсын уралдаан” зохион байгуулж түүнийгээ телевиз радио, сонин хэвлэлээр улсын хэмжээнд сурталчилж охиныхоо дурсгалыг хүндэтгэсэн аж. Аавынх нь энэхүү дурсамжийг сонсож өрөөнд нь хэсэг саатаад Мөнгөөнөө охины цагаан төгөлдөр хуур, түүний инээмсэглэсэн хөрөг зурагт нь хүндэтгэл үзүүлж ёслоод бид дээшээ гарцгаав. Хоёрдугаар давхарын гурван өрөө байранд Янжин гуай гэргийтэйгээ амьдардаг аж. Зочломтгой монгол заншлаар эзэгтэй дуу шуу болон биднийг угтлаа. Зууш, жимс, чихэр тэргүүтнийг ширээнээ өрчихөж. Монгол заншлаар сүүтэй цай барьж байна. Эзэгтэйг Отгонбилэг гэх. Гүн социализмын жар далаад оны үед бидний нэг системийн ардчилсан гол түнш болох Германд оюутан болж суралцаад одоо хувь тавилангаа дагаж Германы иргэн болчихоод энд амьдарч буй нь энэ. Хоол ундаар дайлуулж бас хэд гурван хундага татаж яриа хөөрөө болсоор тэндхийн 23 цагийн үед тэднийхээс гарав. Монголд маань өглөө эхлэж байгаа гэсэн үг. Өчигдөр үүрээр гарсан гээд бодохоор бид яг л 24 цаг аялаж яваа хэрэг. Янжин гуай буудал руу дөхүүлж өгөв. “Өглөө та нар буудалдаа цай цүү гээд хэрэггүй босчихоод л манайх руу ороод ир, хөгшин цай бэлдчихнэ гэсэн шүү” гэж хэлээд тэрээр буудлын үүднээс буцлаа. Буудлын ор дэр, өрөө тасалгаа тухтай хэдий ч цагийн зөрүү үйлчлээд нойр сэрвэгнэж орхиж... 

Янжиндулам шатарч герман найзтайгаа Берлин дахь Монголын ЭСЯ-ны өмнө

Александр Плацаас үүдсэн дурсамж ба түүнээс үүдсэн эргэцүүлэл

Берлиний өглөөний наймд гадагш гарч олон жилийн өмнөх танил Александр Плац руу алхлаа. Тэмээнээс тэмдэгтэй гэгчээр Берлиний төв телевизийн бөмбөрцөгтэй өндөр цамхаг тэнд байдаг болохоор хотын хаанаас нь ч олоход төвөггүй аж. Арваад минут алхаад хүрчихлээ. Хөл хөдөлгөөн эхлээгүй байв. Жуулчид шаваад зураг хөрөг болж байдаг Александр Плацын дээрээ эргэдэг дэлхийн бөмбөрцөгтэй олон улсын том цагийн эргэн тойронд хүн амьтан бараг алга. Шүүр, тэрэг болсон үйлчилгээний хүмүүс л харагдана. Дэлхийн хотуудын нэрийг товойлгон алдатмалсан олон улсын тэр цагийн ULANBATOR гэсэн нэрийн дэргэд зургаа авахуулчихаад цаахантай нь байх галт тэрэгний буудал руу нэг өнгийлөө. Ингэж сонирхохын учир нь гучин жилийн өмнө социалист Германы нийслэл Берлинд Социалист монголын нийслэл Улаанбаатараас долоо хоног галт тэргээр аялан Александр Плацын энэ буудал дээр анхлан бууж байсантай холбоотой бөлгөө. Дараа нь Москвад сурч байхдаа эхнэр хүүхэдтэйгээ хоёр ч удаа энэ Александр Плац дээр бууж байв. Тэр үеийн дурсамж сэргээх гэж л бид хоёр энд ирж байгаа юм... Тэгэхэд барууны ертөнцтэй танилцаж “юм үзэж, нүд тайлна” гэгч болж явцгаасан тийм цаг үе. Потсдам, Нойбранденбург, Кёльн гээд хэд хэдэн хотоор орцгоосон юмдаг. Цициленхоф, Трептов парк, Чөлөөлөлтийн музей, Зоо парк гээд бишгүй л юм үзсэн. Гэхдээ ихэнх цагаа энүүхэн Александр Плацын эргэн тойрны хэдэн их дэлгүүрт өмд, гутал, хувцас хунарын наймаа эргүүлээд л өнгөрөөсөн гэвэл үнэнд илүү нийцэх байх. Гэрийн таавчиг, нүүр гарын алчуур, цамц, оймс гээд л бидний авах бараа энд их. Хоёр гурван чемодан ачаа бараатай болж байсан. Өөрсөддөө авахаасаа гадна амьтан ах дүүд авах бэлэг сэлтэд  бүр ч илүү их анхаарна шүү дээ. Одоо хүүхдүүддээ энэ тухай ярихаар үнэмшихгүй талдаа. Тиймхэн юм манайд байдаггүй байсан гэж үү гээд л нүдээ том болгоцгооно. Тэрнээс хойш цаг их өөр болж социалист Герман капиталисттайгаа нэгдэв. Бас нэг дурсамж хэлэхэд гурав дахь аялалаар буюу 90 оны хавар Берлиний ханыг нэвтэрч Баруун Герман ороод авцгаасан юм. Хоёр Германыг тусгаарласан тэр бетонон ханын нэгээхэн хэсэг нь  хоёр Берлинийг голоор нь хувааж үргэлжилдэг байв. Герман нэгдэж хана нурах сураг дуулдаж хоёр системийн сөргөлдөөн зөөлөрч бас тэр хэрээр хоёр Берлинийхний нааш цааш орж гарах нь арай л хялбар болж байсан тийм цаг үе байж. Мэдээж соц германыхан баруун руугаа гарч өөрт байхгүй хоол хүнс, хувцас хунараа базаах нь элбэг байсан байх. Бидэндээ бол Зүүн Берлин нь ч элбэг дэлбэгийн туйл байв. Зүүнийхэнд баруун Берлин нь диваажин байсан хэрэг. Бид хэд тэр алдартай диваажинг үзэхээр Зүүн Берлиний Бранденбургийн хаалганы хавьд байх ханан хэрмийг даган хэсэг оочерлов. Уртын урт дараалалд хоёр цаг гаруй зогсоод зүүн, баруун германы хил болж буй хаалгаар орцгоов. Зэр зэвсэг байгаа эсэхийг аль аль тал нь гараар тэмтэрч үзээд л гаргаж байсан санагдана. Дуут дохио улаан ногоон гэрэлтэй нарийн багаж хараахан нэвтрээгүй цаг үе байж дээ. Баруун Герман руу гарангуут санаа дагаад ч тэр юм уу байшин барилга, гудамж талбай нь нэг л өөр санагдаад явчихсан юм даг. Өнгө өнгийн гэрлэн чимэглэл, шил толь болсон өндөр өндөр барилгууд, гоё машинууд... Нүд баясгаж сэтгэл сэргээх  дараагийн обьект бол мэдээж дэлгүүр хоршоо. Эхнэрийн зээ дүү охин биднийг замчилж байсан юм. Тэрээр зүүн Берлинд сурдаг оюутан, тэгээд ч бүр  багаасаа тэнд амьдарч байсан болохоор хэл ус, мэдлэг мэдээлэл сайтай нэгэн байв. “Евроцентр” дэлгүүрт ороод л болно доо гэж тэр хэлэхээр нь бид “Ганцхан дэлгүүрт үү?” гээд их чамлангуй байсан юм. Дэлгүүрийн хаалгаар ороод л “нүд бүлтийх” гэгч болцгоов. Гял цал гэрэл гэгээ, хурц тод өнгө будгаар нүд нүүр, тархи толгойг бөмбөгдөөд хаячих шиг л болсон. Байшин дотор ус дээр дээр оргилж, олгойдож, дэлгүүрийн хана хамар нь уул хад болчихсон, түүнээс нь гол горхи хоржигнон урсаж, бас урсах урсахдаа олон янзын өнгө цацруулан байхыг үзэж харж, ёстой л соёлыг гайхна гэгч болж явав. Бас гудамжаар давхидаг гоё ганган машин тэргийг дэлгүүрийн доод давхарт төрөл төрлөөр нь байршуулаад зарж байх юм. Байшин дотор машин оруулаад зарж болдог гэж төсөөлөө ч үгүй явлаа. Монголд тэр үед машин тэрэг зарна, тэр тусмаа дэлгүүр дотор тавиад зарж худалдаж болдог гэдэг ойлголт огт байгаагүй юм чинь. Их л том дэлгүүр байсан санагдана. Урсдаг шатаар олонтоо өгссөн. Бодвол долоо найман давхар байсан байх. Бараа таваар нь ч хачин элбэг, нүд эрээлжилсэн юм л байсан даг. Ёстой л ногоон хурганы арьс, нохойн битүү туурайнаас бусад нь байна гэдэг шиг л байв. Ийм ч тийм ч юм авмаар. Олон жил барьсан гэрэл зургийн орос аппаратаа солимоор санагдаж байлаа. Зенит-Е хэмээх зургийн аппаратыг ЗХУ-ын Сэтгүүлчдийн холбооноос оросын талаар бичсэн миний зарим нийтлэлийг үнэлж 1987 онд шагнасан юм. Түүнийгээ Баруун Германы “Fentax”, эсвэл Японы “Canon”-оор сольчих санаатай зургийн аппаратын том тасагт хэсэг эргэлдэв. Япон, Герман, Францын олон арван гоё камер аппаратууд өрөөстэй. Миний дурласан дунд зэргийн аппарат 350 дойч марк гэж байв. Александр хавийн том дэлгүүрүүдийн үүдэнд зогсдог туркийн наймаачдаас хар захын үнээр сольж авсан 400 дойч марк маань нэг аппарат аваад л дуусчих байсан тул эхнэр маань эрс татгалзлаа. Аппаратад хорхойссон би наймаа худалдаанд ч оролцсонгүй, та нар ерөөлөөрөө болцгоо гээд л орхив. Манай хэд энэ том дэлгүүрээр явж явж оройхондоо нимгэвтэр шар арьсан чемодан, түүнд хосолсон том шар цүнх авцгаалаа. Бас нэг нийлэгдүү даавуун материалаар хийсэн том цүнх аваад үлдсэн мөнгөөр нь тэр хавийн кофе шопоос зууш, мөхөөлдөс, кола аваад данс санаа амарцгаав. Тэр авсан чемодан, цүнх нь манай дэлгүүр хоршоонд байхгүй эд л дээ. Бас миний сурч амьдарч байсан Москвад ч, бидэндээ баруун гэгдэг Зүүн Германы том дэлгүүрүүдэд ч бас байхгүй л байж. Тийм болохоор л эхнэр хүү хоёр маань тэр чемодан саванд миний дурласан аппаратаас илүү ач холбогдол өгч сэтгэл өндөр байсан даг. Зүүн Германаас авсан ойр зуурын гутал хувцас, бараа туруугаа хийгээд л багтаамж сайтай, моод загвартай, өнгө зүстэйг нь магтаад явцгааж байв. Хэдэн жилдээ гадагш дотогш явахад нэр хүндтэй байсан тэр чемодан савнууд одоо харин хуучин хувцас хунарын сав болсон дог. Тэр чемодан савнаас хойно төрсөн, гэрэл зураг сонирхдог бага хүү маань “Canon”-ны үнээр ээж нь энэ чемоданыг авсан гэхээр толгой сэгсэрдэг юм.

Баруун Берлинд бид хэд. 1989 он

Гучин жилийн өмнөх Монголын байдал, бидний ахуй соёл ямар байсныг хориод настай одоо үеийн энэ хүүхдүүд ойлгоход хэцүү л дээ. Одоо бол “Nikon”, “Canon”, “Sony”, “Pentax” гээд л дэлхийн гэрэл зургийн томчуул барьдаг аппарат хэрэгслийг Монголоосоо худалдаад авсан ч байж л байна. Мэргэжлийнхний нэлээд өндөр зэрэглэлийн “Canon”-ыг бага хүү маань эзэмшиж тэр хэрээрээ уралдаан тэмцээнд орж бас байр эзэлж, гэрэл зургийн сайтуудад зураг бүтээлээ хаяа тавьж алдаршаад байгаа. Өнгөрсөн зуны амралтаараа “Fashion TV”-ийн эзэн Мишель Адамын айлчлалын гэрэл зургийн багт уригдан ажиллаж сайхан сайхан зураг олныг авсан байна лээ. Миний авч чадаагүй аппаратыг хүү минь авч эзэмшиж байна гээд бодохоор сэтгэлд өег байдаг юм. Бас бидний мөрөөдөл болж байсан барууны тэр бараа таваар Монголд маань ороод ирчихсэн болохоор ийш тийш явахдаа “яргуй хөөсөн ямаа” шиг дэлгүүр хоршоо хэсэх нь монголчууд бидний хувьд ч багассан байх аа. Мөнгө нь байвал олдохгүй юм манайд ховор болсон дог. Ардчилсан хүчний зүтгэлтнүүдийн нэг, нэрт эдийн засагч Даваадоржийн Ганболдтой ерээд оны эхээр уулзаж сонины ярилцлага хийхэд түүний ярьж байсан зарим үг бодол санаанд их л тод үлдсэн байдаг. “Зах зээл гэдэг чинь бараа таваарын сайн хангамж юм шүү дээ. Дэлгүүр хоршоонд өнгөт телевизор, магнитфон, бас хэв загвар сайтай олон төрлийн гутал, хувцас хунар байвал хүмүүс залуучууд түүнийг худалдан авахын тулд хөдөлмөрлөж зүтгэнэ шүү дээ. Мөнгө төгрөг хурааж хуримтлуулж байж л тэрнийг авна. Хоосон лангуу, хомсдолын туйл болсон манай энэ нийгэм чинь хүмүүсийг залхуу болгож байна. Өнгөтэй, өөдтэй бараа таваар, амттай чанартай олон төрлийн хүнс хоол гэдэг чинь зах зээлийн өдөөлт...” юм шүү дээ гэж гэж тэрээр ярьж байв. Манай монгол, манай нийслэл чинь тэр үед картын системтэй, дэлгүүр хоршоондоо бор давс, талх гоймон төдийхөнтэй. Бараа таваар гэвэл 24-ийн цамц, 90-ийн ботинк, 406-гийн хар драпан пальто төдийхөнтэй тийм л улс байсан юм шүү дээ. Японы телевизорыг гадаад худалдаагаар оруулж ирэхэд арваадхан том дарга, сайд нар нь Засгийн газрын шийдвэрээр худалдаж авах эрх авцгаадаг тийм л хэмжээний ахуй амьдралтай орон байлаа шүү дээ... Александр Плацыг өнгийж харчихаад олон жилийн өмнөх иймэрхүү дурсамж дурдатгалаа сэргээж улс орны болон өөрсдийн өнөөгийн амьдралын өнгө төрхтэй харьцуулж бодож явлаа. Социалист систем маань хожмоо алга болов. Монгол ч өөрчлөгдөв. Александр Плац яаж өөрчлөгдөж бэ? Герман орон ямар шуу болчихож вэ? Шинэ техник технологи нь юу болж байна вэ? Байшин барилга, дэлгүүр хоршоогоо яаж барьчихаж бэ? Монголдоо авчихаар арга туршлага юу байна даа? гэх мэтээр харах нь бидний хувьд арай түлхүү болж байна даа. Цааш хэд алхаад вокзалаар нь орлоо. Гэрэл гэгээ, реклам чимэглэл нь гялалзаад л гял цал гэж жигтэйхэн. Хүмүүс билет тасалбар авцгааж байна. Тэгэхдээ зөвхөн автомат касстай л харьцаж байна. Тэр нь ч нэг танхимдаа нэлээд хэд байдаг бололтой. Бид өдөр тийшээ Магдебург явах ёстой хүмүүс. Бодвол эндээс л билет тасалбараа авах байх. Улаанбаатар вокзалд маань удахгүй ийм автомат касс нэвтрэх биз ээ... Гучин жилийн өмнө бууж байсан “Александр Плац” вокзалаас ийм бодол тээсээр буудал руугаа ирж тооцоогоо хийчихээд Янжин гуайнх руу зүглэв. Энэ тэрийг хүүрнэж цайлж дайлуулсаныхаа дараа нөгөө “Вольксваген”-даа сууж “Александр Плац”-ын танил вокзалд ирэв. Янжин гуай цагаан сарынхаа ууцыг олж авахаар бидний онгоцны буудал явж Отгоо эгч биднийг Магдебург руу гаргаж өгөхөөр үлдэв. Галт тэрэг тийшээ өдөртөө хоёр ч удаа явдаг хуваарьтай аж. Автоматаас л билет авах юм байна. Урьдчилсан захиалга биш, бас цаг нь тулчихсан чиглэлийнх тийм л дүрэм номтой гэнэ. Нэг хүн талдаа 42 евро аж. Отгоо эгч 50-тын дэвсгэрт хийгээд нэг билетийг дор нь авчихлаа. Хоёр дахиа авах гээд тавьт хийлээ. Билет гарч ирдэггүй ээ. Товчлуурууд дараад л байна. Арга ядаад “cancel” хийх л юм. Мөнгө нь ашгүй буцаж гарч ирээд байх юм аа. Хэд хэдэн автомат дамжаад үзлээ. Болохгүй л байгаа бололтой. Насаараа энд суучихсан, хэл ус нь герман болчихсон хүн билет захиалга мэтийг буруу хийнэ гэж юу байх вэ гэж өөрсдийгөө тайвшруулаад цагаа байн байн харсхийгээд л зогсож байв. Ашгүй нэг автомат нь билет өглөө. Отгоо эгч ч сандарч байснаа тайвширч байх шиг. Туслах ийм хүнгүй бол бид яагаад ч явж чадахгүй байсан байх гэж санагдав. Хэл ус, орчин үеийн техник, технологийг сайн эзэмшцгээ гэж залуу үедээ захихаас. Цаг зав зарж тусалсан Отгоо эгчид талархал илэрхийлээд Магдебургийн галт тэрэг рүү орцгоолоо. Тийшээ явдагийн учир нь миний үеэл дүү Оюунгэрэл тэнд амьдардаг юм. Тэрээр урилга явуулж бид Германы элчинд  далан долоон булчирхайгаа тоочин байж арайхийн виз аваад тийшээ явж буй хэрэг. Унгар, Австри, Итали, Франц гээд л цааш явах маршрут маань тэр урилгаар нээгдэж байгаа юм. Галт тэрэг нь тохилог аж. Гурван цаг гаруй давхиад Магдед хүрнэ. Зам дагуух  орчинтой танилцахаас өөр ажил төрөл байсангүй. Мэдээж хот тосгод, ой мод ойр ойрхон тааралдана. Битүү шигүү ой, бас сайхан ногоон тал хэсэг хэсгээр үргэлжилнэ. Зарим хот тосгодыг залгаад нарны зай хураагуур яг л барилга байгууламж шиг цувах юм. Тэгж байтал салхин тээрэм, салхин сэнсүүд зам дагаад л олноороо гараад ирнэ. Нартай, салхитай монголчууд бидний авах, нэвтрүүлэх юм тэр л байна даа гэж бодож явав.

Үргэжлэл бий...

 

 

 

Д.ЦЭДЭН-ИШ

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?